Эрчүүд цэвэршдэг үү?

man.jpgХүмүүс ихэвчлэн эмэгтэйчүүд л цэвэршдэг гэж ойлгодог. Гэтэл эрэгтэй хүн бас цэвэршдэг байна.

ЭРЧҮҮДИЙН ЦЭВЭРШИЛТ ГЭЖ ЮУ БОЛОХ
Эрчүүдийн цэвэршилт гэдэг нь үндсэндээ эр хүнээс ялгардаг даавар нас ахих тусам буурдагтай холбоотойгоор эхэлдэг байна. Даавар бие организмд ямар их үүрэг гүйцэтгэдэгийг та бид сайн мэднэ. Энэ дааврын тусламжтайгаар эрэгтэй, эмэгтэй хүмүүс ялгагдаж, эрэгтэй хүн бүдүүн хоолойтой, бадриун, хүч чадалтай биетей байхын сацуу энэ дааврууд нь насанд хүрсэн хүний бэлгийн хэвийн үйл ажиллагааг зохицуулдаг, бодисын солилцоонд нөлөөлдөг билээ. Товчхондоо бол бэлгийн дааврын ялгаруулалт багасаад, хүний организмд даавар хэмээх энэ чухал зүйл багасахаар цэвэршилт үүсч эхэлдэг байна.

Үүнтэй холбоотойгоор биед маш их өөрчлөлт ордог. Бодисын солилцоо буурснаар биеийн ерөнхий байдал суларч, артерийн даралт ихсэх, зүрх судасны системийн өвчлөл нэмэгдэх, цус харвалт, зүрхний шигдээс болох эрсдэл ихсэх, таргалах зэрэг өөрчлөлтүүд ордог. Хамгийн гол нь эрэгтэй хүний бэлгийн хэвийн үйл ажиллагаанд өөрчлөлт орсноор сэтгэл санааны хувьд маш том хямрал явагддаг байна. Тиймээс энэ үед эрүүл мэндээ сайтар хамгаалж, сэтгэл санаагаа тайван байлгах, аливаад өөдрөг, идэвхтэй хандах зэргээр бие организм болон мэдрэл, оюунаа хамгаалж чадвал энэхүү жам ёсны үйл явцыг тайван, хэвийн даван туулж болх аж.

ХЭЗЭЭ ЭХЭЛЖ, ХЭР УДААН ҮРГЭЛЖИЛДЭГ ВЭ?
Анагаах ухааны судалгаа, ажиглалтаар бол эрчүүдийн цэвэршилт 50-60 насанд эхэлдэг. Эмэгтэй хүн ч энэ насандаа цэвэршиж эхэлж, хөгширдөгийн нэгэн адил эр хүн ч байгалийн жамаар цэвэршдэг. Гэтэл сүүлийн үед, ялангуяа Монголд энэ нас харьцангуй залуужих болсон нь аюул юм. Нийгмийн байдал, цаг агаар, хоол ундны чанар, амьдралын хэмнэл өөрчлөгдөж байгаа нь үүнд нөлөөлж байгаа гэж хэлж болно. Арав гаруйхан жилийн өмнө амьдрал харьцангуй санаа зовоох зүйл багатай, тайван, тогтмол цалингаа аваад амьдрахад болдог байсан бол одоо бүх зүйл өөрчлөгдсөн гэдгийг та бид мэднэ. Эрүүл мэнд их муу болсон. Өвдөлтийн нас маш их залуужсан (үнэхээр эмчийн өвчтөнүүдийн нас, өвчнийг тэмдэглэсэн дэвтрийг нь харахад 19, 22, 25, 32, 42 зэрэг наснууд дурайж байлаа) зэрэг нь эрчүүдийн цэвэршилт эрт эхлэхэд хүргэж байгаа юм.

Цэвэршилтийн үргэлжлэх хугацаа янз бүр. Зарим хүнд 3-5 жилд явагдаад дуусдаг бол заримд нь түүнээс ч олон жил явагддаг. Хугацаанаасаа эрт эхэлж, удаан үргэлжлэх нь эр хүнд их хэцүү тусдаг. Хожуу эхлүүлж, богино хугацаанд явагдаж дуусгах нь тухайн хүний эрүүл мэндээ хэр зэрэг арчилж байгаагаас ихээхэн шалтгаалдаг байна.

ЭХЭЛЖ БАЙГААГИЙН ШИНЖ ТЭМДЭГ
Биеийн байдал суларч, оюуны чадвар доройтох, нойр хөнгөрөх, бэлгийн үйл ажиллагаа хямрах, ууц нуруугаар хөших зэрэг шинжүүд нийтлэг илэрдэг. Гэхдээ ийм шинжүүд ажлын ачаалал, стресс, ядаргаа зэргээс шалтгаалаад түр зуурт ч илэрч болно. Харин урт хугацаанд үргэлжилбэл эрэгтэйчүүдийн эмчид хандаж, эмчийн хяналтанд орох хэрэгтэй. Мэдээж байгалийн жам ёсоороо энэ цэвэршилт явагдаж эхэлж байгаа бол та санаагаа тэгтлээ их зовоох шаардлагагүй юм. Зүрх судас, даралт, мэдрэл, биеийн ерөнхий дархлаа зэргээ байнга анхаарч, тухай бүрт нь мэргэжлийн эмчид хандахад аюулгүй.

Харин энэ шинжүүд харьцангуй эрт эхэлбэл андрологийн эмчид яаралтай хандахдаа битгий эргэлзээрэй. Цэвэршилт эрт эхлэхэд хүргэдэг хэд хэдэн өвчнүүд бий. Хамгийн нийтлэг нь түрүү булчирхайн үрэвсэлтэй холбоотой болон дотоод шүүрлийн булчирхайтай холбоотой өвчлөлүүд юм. Үүнд БЗХӨ олон тусах нь маш хортой.

Эмэгтэй хүн ямар нэгэн асуудал тулгарахад уйлж, орилж хашхираад сэтгэлээ нээчихдэг, ээждээ, найздаа, эмчид хандаад л асуудлаа шийдчихдэг. Харин эрэгтэйчүүд тийм биш. Зөвхөн эмчид хандахын тулд л хэд хэдэн удаа утсаар ярьдаг, шалгадаг, туршиж асуулт асуудаг. Итгэж болох нь гэдгийг мэдсэний дараа л сэтгэлээ нээж ирж үзүүлдэг байна. Харамсалтай нь ингэж удах нь эрүүл мэндэд нь л муугаар нөлөөлдөг. Энэ бол зүгээр нэг халуурч байгаа эсвэл ханиад хүрч байгаа үйл явц биш. Тиймээс анхааралтай хандах хэрэгтэй аж. Гэр бүлийн хүн ч энэ асуудалд чин сэтгэлээсээ хандаж, анхаарал халамжаа тавих нь зүйтэй. Манай эхнэрүүд ямар нэгэн өвчлөл илрэхэд бөөрний эм уулгачихдаг, тариа тарьдаг, түрхдэг, өөрсдөө нөхрөө эмчлэх гэдэг. Бүгдээрээ л эмч болчихдог дутагдалтай. Гэтэл түрүү булчирхайтай холбоотой өвчин нь булчирхайн гаралтай өвчин, голомтот үрэвслүүдийг үүсгэж, нөхөн үржихийн эрхтэнүүдийг гэмтээдэг учир эмчийн хяналтанд байх шаардлагатай аж. Эхнэрүүд маань нөхрүүдтэйгээ хамт эмнэлэгт хандвал бүр сайн.

Цэвэршилт эрт эхэлж буйгийн бусад дохионууд бол шөнө олон шээх, дур хүсэл буурах, ядрах, зүрх өвдөх, тамирдах, нүүр ам бадайрах зэрэг болно. Мөн хэрэв танд цэвэршилт эрт эхлэхэд нөлөөлдөг өвчлөлүүд болох түрүү булчирхайн үрэвсэл, төмс дааврын үрэвсэл, элэг, бөөрний үрэвслүүд илэрч байгаа бол мөн эрэгтэйчүүдийн эмчид хандаарай. Эдгээрийг эмчлүүлэхгүй бол цэвэршилтийг түргэсгэх нөлөө үзүүлдэг байна.

ЮУГ АНХААРАХ ВЭ
Хамгийн гол нь эрэгтэй хүн өөрийгөө үр хүүхэддээ, хань ижилдээ, найз нөхөддөө, эх орондоо хэрэгтэй хүн гэдгээ ойлгох хэрэгтэй. Цэвэршилт жам ёсоороо явагдаж байгаа бол үүнд санаа зовох зүйл байхгүй, энэ бол байгалийн хуулиараа явагдаж байгаа зүйл. Ийм үед эмэгтэй хүний анхаарал халамж ямар ч эм, тарианаас илүү чухал нөлөөтэй гэдгийг эхнэрүүд маань санаарай. Эр нөхрөө эрч хүчтэй сайхан эр хүн, сайхан хань, сайн аав болохыг нь дандаа сануулж байх нь чухал. Сэтгэл санаагаар тайван байж, өөрийгөө хөгширсөнд тооцолгүйгээр идэвхтэй, эрч хүчтэй, амьдралын баяр баясгалантайгаар амьдрах хэрэгтэй. Ингэж байж чадаж гэмээнэ энэхүү хямралыг богино хугацаанд амжилттай даван туулж чадна. Цэвэршилтийн төгсгөлийн шатандаа хүний бие организм дасан зохицож (дааврыг нэхэх нь багасаж) сэтгэл санаа ч, бие организм хэвийн, тайван байдалдаа ордог.

ЦЭВЭРШИЛТ ЭРТ ЭХЛЭХЭЭС СЭРГИЙЛЭХ НЬ
Цэвэршилт эхлэх насыг хойшлуулахын тулд архи тамхинаас хол байх, эрүүл амьдралын дэглэм сахих, хоолны зөв дэглэм баримтлах, өөрийгөө залуу эрч, хүчтэй байлгаж баяр баясгалантай амьдрах, спортоор хичээллэх, агаар салхинд гарч байх хэрэгтэй. Ялангуяа оюуны хөдөлмөр эрхэлдэг, оюуны өндөр ачаалалтай ажилладаг эрчүүд маань илүү өөртөө анхаарал тавих хэрэгтэй. Учир нь оюуны ажил гэдэг бол хүний бүхий л тамир тэнхээ, хүч чадлыг шавхаж, биеийг сульдуулдаг билээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.