ДОХ-ын халдвар 40-д хүрлээ, чимээгүй суусаар л байх уу

-Энэ сард ХДХВ/ДОХ-ын хоёр тохиолдол бүртгэгдсэн нь эрэгтэй хүмүүс-

Сүүлийн үед гар, хөл , амны өвчин Монголчуудыг оруулаад байгаа гэхэд хилсдэхгүй биз. Өвчлөгсдийн тоо ч цаг, минут тутамд нэмэгдэж байгаа. Ихэвчлэн бага насныханд халгаатай уг өвчнөөс болоод нийслэлд онцгой байдал зарлан олныг хамарсан арга хэмжээ зэргийг хориглоод байгаа билээ. Өвчний гаралт нэмэгдэж, басхүү дөрвөн жилд ганц болдог сонгууль гээд нийслэлчүүд нэлээд завгүй, бас айдастай байгаа нь нууц биш ээ. Гэтэл “энтеровирус” гэж туйлширч, сонгууль гэж цээжээ дэлдсэн хэн нэгний сайхан үгэнд уярч суух хойгуур энэ зууны тахал гэгдээд байгаа ДОХ-ын тохиолд нэмэгдээд 40-д хүрчихэж. Эрүүл мэндийн яам нь ч таг чиг. Бараг л нуун дарагдуулах нь холгүйхэн байдаг. Тавдугаар cap гарсаар ДОХ-ын хоёр ч тохиолдол бүртгэгдсэн байна. Эдгээр хүмүүс нь эрэгтэй бөгөөд өмнөх тохиолдлуудтай ямар нэгэн харьцаагүй гэдгийг эх сурвалж хэлж байсан юм. Тийм ажил хийдэг, ийм хүн халдвар авжээ гэдэг нь өнөөдөр хэнд ч сонин биш. Тэгээд ч хүний хувийн нууцын асуудал. Харин ямар нэгэн байдлаар нуун дарагдуулж байхын оронд ийм тохиолдол бүртгэгдлээ, ард иргэд минь ингэж сэрэмжлээрэй гэж хэлэх ёстой Эрүүл мэндийн яам өнөөдрийг хүртэл ам нь үдээтэй хэвээр. Уг нь манайх шиг хүн ам цөөнтэй дээр нь хүн амынх нь 50 гаруй хувь нь залуучуудтай улсад сургалт сурталчилгаа гэдэг зүйл нь хамгийн үр дүнгээ өгөх арга. Тэгээд ч залуусын хувьд энэ зууны тахал гэгдэх ДОХ-ын талаархи мэдээлэл, мэдлэг тун хомс байдаг нь судалгаагаар тогтоогдчихсон юм билээ. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын судалгаанд хоёр мянга гаруй 15-24 насныхан оролцжээ. Гэтэл судалгаанд хамрагдсан залуус итгэхэд ч бэрх хариултыг өгсөн аж. Тухайлбал, шумууланд хазуулсан, ХДХВ-ийн халдвартай хүнтэй хоол идэхэд, түүнтэй гар барихад халдвар дамжина гэжээ. Энэ нь манай залуучуудын ХДХВ/ДОХ-ын талаархи мэдлэг маш муу байгааг харуулж байгаа бодит жишээ. Хамгийн гол нь ДОХ гэдэг ийм аймшигтай гэж олныг цочрдуулахын оронд энэ өвчнөөс сэргийлж болдог юм шүү гэсэн “бор шувуу”-г нисгэх хэрэгтэй байх. Дэлхий дахинаа таван хүн тутмын нэг нь ХДХВ-ийн халдвар авах эрсдэлтэй байдаг гэнэ. Мөн 38.6 сая хүн ХДХВ-ийн халдвартай амьдарч байгаа аж. Тэдний 17.3 сая нь эмэгтэйчүүд бөгөөд 2.3 сая нь 15-аас доош насны хүүхэд юм байна. Дэлхий дахинаа минут тутамд 15-аас доош насны нэг хүүхэд нас барж жилд ДОХ-ын улмаас 600 мянган хүүхэд нас бардаг гэсэн судалгааг гаргажээ. ХДХВ-ийн халдвартай эхээс хүүхэд төрж байгаа бөгөөд тэдний тэн хагас нь тав хүртэл насалж байгааг ч эмч мэргэжилтнүүд тогтоосон байдаг юм байна. Эмч нарын ярьж буйгаар ДОХ тусахгүй байх нь зөвхөн хувь хүнээс л шалтгаалах зүйл аж. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын дэргэдэх ДОХ-ын төвөөс гаргасан судалгаагаар Монголд ДОХ-ын вирустэй 500 хүртэлх хүн байгаа аж. ДОХ-ын 40 тохиолдлын дотор хилээр гарч үзээгүй, гадаадын ямар нэгэн хүнтэй бэлгийн хавьталд орж байгаагүй хүмүүс ч байгаа гэнэ. Тэгэхлээр 2015 он гэхэд Монгол Улсад 47 мянган ДОХ-ын вирус тээгчтэй болж энэ өвчний улмаас 2500 хүн нас барна гэсэн тооцоог гаргасан байдаг юм байна. Анх 1981 онд тархаж эхэлснээс хойш ойролцоогоор 65 сая хүн халдвар авч 25 сая хүн ДОХ-ын улмаас нас барсан байна. ДОХ-ын вирусын эсрэг эм тариа болон бусад зүйлд зарцуулахаар найман тэрбум ам.доллар хуримтлагдаад байгаа аж. Харин дэлхийд өнөөдөр 15 тэрбум ам. доллар шаардлагатай байгаа юм байна. ХДХВ/ ДОХ-ын эмчилгээнд хамрагдах шаардлагатай хүмүүсийн ердөө 20 хувь нь л ямар нэг байдлаар эмчилгээ, үйлчилгээ авч чадсан байдаг гэнэ. Гэхдээ уг өвчнөөс урьдчилан сэргийлэх дорвитой ажил хийсний дүнд Африк тивийн зургаан оронд ХДХВ-ийн тархалт 15-24 насныхны дунд 25 хувиар буурсан байна. Харин манай орны хувьд бэлгийн замаар дамжих халдварууд 1990-ээд оны дунд үеэс эрс нэмэгдэж жилд 15-20 мянган хүн өвчилж байгаа юм. Улсын хэмжээнд бүртгэгдсэн халдварт өвчний 50 гаруй хувийг бэлгийн замаар дамжих халдвар дангаар эзэлж байгаа аж. Энэ нь сүүлийн таван жилд бүртгэгдсэн бүх халдварт өвчний дунд толгой цохиж байгаа аж.

өнөөдрийн монгол

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.