Хардалтын гурван төрөл

88785535

Хардалт нь хэвийн, зан аашийн онцлог, өвчин гэсэн гурван янз байдаг. Хэдэн жишээн дээр авч үзвэл илүү ойлгомжтой болох байх.

Нөхөр нь эхнэрээ ажил тарсных нь дараа тосохоор иртэл эхнэр нь хамт ажилладаг залуутайгаа эелдэг байдлаар салах ёс гүйцэтгэж байхтай таарчээ. Нөхцөл байдлаас үүдэн нөхөрт нь нэлээд эвгүй сэтгэгдэл төрж болох юм. Тэрээр энэ талаар дуугүй өнгөрч, эсвэл хэнбугай болоод тэгтлээ их дотно байдлаар “баяртай” энэ тэр гээд байгаа юм бэ гэж асууж болно. Үүнийх нь хариуд эхнэр нь чухал ажил хийхэд нь маш их туслаж байгаа хүн гэсэн утгатай хариу хэлнэ. Үүгээр үл ойлголцсон байдал эцэс болно. Энэ бол байж болох, хэвийн хардалтын жишээ.

Харин хардалт нь зан аашийнх нь онцлог болсон нөхцөлд байдал илүү ээдрээтэй болж ирнэ. Жишээлэхэд, эхнэр, нөхөр хоёр зоогийн газар, бааранд суух үед нөхөр нь эхнэрээ өөр эрэгтэй хүмүүс руу харлаа, харц чулуудлаа гэж уурладаг. Эсвэл хамт явж байгаад гудамжинд өөр эмэгтэй/эрэгтэй хүнтэй мэндэлвэл хэн бэ, юу юм бэ, яаж таньдаг энэ тэр гэж байцаалт авна. Ийм төрлийн хардалттай хүмүүс хэзээ мөдгүй тэсэрч болох сэтгэлийн байнгын дарамттай явдаг. Тийм ч болохоороо үе үе тэсэрч байдаг.

Гэвч зарим тохиолдолд хардалт нь хүнд хэлбэрийн өвчин болж хувирдаг, ялангуяа зарим төрлийн сэтгэцийн эмгэгийн үед. Ийм тохиолдолд хардах болсон шалтгаан нь ямар ч утгагүй байдаг. Жишээлэхэд, эхнэр нь ажилдаа явахдаа шинэ ганган оймс өмсөхөд л өөр эрэгтэйтэй уулзах гэлээ гэж хардах г.м. Ийм хүн гудамжаар явахдаа хүртэл огт танихгүй хүмүүстэй хардаж, тэдэнтэй бэлгийн харьцаанд орохын тулд элдэв дохио зангаа хэрэглэлээ гэж хэрүүл маргаан дэгдээж байдаг. Ийм төрлийн хардалт нь гэмт хэрэгт хүргэх нь цөөнгүй.

Хардалттай тулгарсан хүн бүрт тохирох зөвлөгөө гэж байхгүй нь мэдээж. Гэсэн хэдий ч хэрээс хэтэрсэн хардалттай тулгарсан үед доорх зөвлөгөөг танд бага ч болов тус болно гэдэгт найдаж байна.

Хохирогчдод өгөх зөвлөгөө

Салах, эсвэл цаашид тэвчээд байх эсэх нь зөвхөн таны хувийн хэрэг. Гэхдээ хамтын амьдралаа дөнгөж эхэлж байхдаа сонгож авсан хүн чинь хэвийн хэмжээнээс хэтэрсэн хартай байгааг анзаарч, мэдэрсэн бол өөрийгөө азтай гэж болно. Яагаад гэвэл ийм үед байдлыг цаашид улам ээдрээтэй, будлиантай болохыг хүлээлгүйгээр салах арга тал бодсон нь дээр. Харин хүүхэдтэй болчихсон, дээр нь тусдаа орон байргүй бол яах вэ?

Таныг мөрдөж, дагах, тагнах гэсэн оролдлогуудад нь уурлах, зугатах гэх мэтээр ямар нэг хариу үйлдэл бүү хий. Ийм үед уурлах, зугатах гэсэн оролдлого нь гал дээр тос асгасантай адил нөлөө үзүүлнэ.

Өөрийгөө доош нь хийсэн, доромжилсон тайлбарыг бүү өгч бай. Ингэхгүй бол үснийхээ боолтыг янзлахаас эхлээд, үдээсээ чангалах хүртэл үй түмэн жижиг сажиг зүйл дээр тайлбар өгч, өөрийгөө зөвтгөх гэсээр ядаргаанд орж мэднэ. Боломжтой бол “Чамайг гутлаа тослож, эсвэл нүүрээ будлаа гээд тайлбар өгөхийг шаарддаггүй” гэсэн хариу өгч болох юм.

Хардалтаас үүдэлтэй хэрүүл маргааны үед ярианы сэдвийг өөрчлөхийг хичээх хэрэгтэй. Ингэх боломжгүй бол шууд гарч явах нь дээр. Гэхдээ ингэхдээ тун хянамгүй, анхааралтай байхгүй бол гарч явах гэснээс болж хартай хүн үйл хөдлөлөө хянах чадваргүй болгож магадгүйг мартаж болохгүй.

Хаана байгаад ирсэн, хаашаа явах гэж байгаагаа тайван, чөлөөтэй байдлаар үргэлж дуулгаж байхыг хичээ.

Ихэнх хартай хүмүүс болзошгүй салалтаас эмээдэг. Иймд боломжтой үед “Чи намайг үргэлж хардаад буруутгаад байх юм. Би цаашид ингэж амьдармааргүй байна. Салъя. Тэгээд өөр “үнэнч” хүн олж ав. Тэгвэл чи ингэж зовоохооо ч больно.” гэж хэлж болох юм.

Хардах шалтаг бүү гаргаж бай. Хартайг нь мэдсээр байж өөр хүнтэй сээтэгнэх нь байж боломгүй зүйл. Мөн хань ижил чинь хартай бол зурагтын нэвтрүүлэг үзэж суухдаа эсрэг хүйсний хүмүүсийн хувцас, биеэ авч яваа байдал энэ тэрийг нь магтах хэрэггүй.

Хохироож байгаа этгээдэд …

Хардалт нь хайртай хүнийг чинь улам л танаас холдуулж, цааш нь түлхэхээс биш ойртуулахгүй. Өөрийгөө болон өрөөлийг муу мэддэг хүмүүс л хардалтыг хайртайн шинж гэж үздэг.

Хардалт нь үнэн хэрэг дээрээ ямар ч үр дүнгүй, нэмэргүй зүйл юм. Хэрэв хүн таныг үнэхээр л мэхлэхээр шийдсэн бол ямар ч хардалт туслахгүй.

Сонгож авсан хүнээ хуучин эхнэр, эсвэл нөхөртэй нь хардах ямар утгагүй тэнэг хэрэг. Тантай суухаас өмнө уулзаж учирч байсан хүнтэй нь ч хардах хэрэггүй. Магадгүй тэдний хооронд сэтгэл байж, унтдаг байсан биз. Тэр нь одоо өнгөрсөн, тийм юм байсныг та ч мэдэж байгаа. Ийм хүнтэй хэн ч таныг албан хүчээр суулгаагүй. Сонголт нь таных.

Та суухаасаа өмнө эсрэг хүйсний өөр хүнтэй холбоотой байгаагүй гэж үү? Та л гэр бүл болохоосоо өмнө бусадтай хамт амьдарч болдог, бусад нь болохгүй гэсэн хууль байхгүй гэдгийг сана.

Гэр бүлийн амьдрал ямар байх ёстой талаар хүн болгон өөрийн гэсэн бодолтой. Ийм бодолтой байх ч эрхтэй. Иймд өөрийн бодлыг хүнд тулган хүлээлгэх бус харин хэн хэнийхээ бодлыг сонсож, харилцан ойлголцолд хүрэхээр хамт чармайх хэрэгтэй.

Эмэгтэйчүүд гол төлөв нөхөртөө хаягдаж, ганцаар үлдэхээс эмээсэндээ харддаг. Гэтэл хардах замаар хамтын амьдралаа нийцгүй, таарамжгүй болгож байснаас хамтдаан амьдралаа илүү онцлог, сонирхолтой болгохыг зорих хэрэгтэй.

Эрэгтэйчүүд нь гол төлөв бие махбодийн хувьд илүү, эмэгтэй хүнд таашаал өгөх чадвараараа давуу танихгүй эрэгтэй хүнд доромжлуулахаасаа эмээж харддаг. Гэтэл хардлаа гээд таны бие махбод сайжрахгүй, таашаал өгөх чадвар чинь нэмэгдэхгүй. Үүний оронд биеэ хөгжүүлж, эмэгтэй хүнд таашаал өгөх чадвараа сайжруулсан нь дээр.
Хардалтын улмаас уураа барьж дийлэхээ болиод гэмт хэрэг хийж болзошгүй. Юунаас ч илүү хайрладаг хүндээ гар хүрч, амь насанд нь аюул учруулна гэдэг байж боломгүй зүйл.

Хүнийг ямар нэг эд зүйл мэт ганцаар, 100% монопольдон өмчлөх хүсэх, ингэж өмчилж чадахгүй байна гэхээс айх айдас нь хардалт юм. Насанд хүрсэн, байр суурьтай хүн алдахаасаа айдаг бус харин сайн сайхан, аз жаргалын талаар боддог. Сайн сайхан, аз жаргал гэдгийг хүн өөрийн гараар цогцлон барих ёстой.

1 Comment

  1. lolo says:

    хэрвээ нөхөр чинь хуучин найз хүүхэнтэйгээ нууцаар уулзаад сексдээд байвал яахуу. хуучин хүнтэй нь битгий хард гэхийн, хуучин хэрнээ дахин гарч ирээд байвал яах вэ. бүр өөр нөхөр хүүхэдтэй болчихсон хирнээ. хоорондоо хэзээ ч суухгүй гэдгээ мэдсээр байж, хамт амьдарч байхдаа хэрүүл уруултай зовж зүдэрж байсан гэсэн мөртлөө явалдаад байвал яаах вэ ер нь. би бүр ямар арга хэмжээ авахаа мэдэхээ байлаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.