Эх үр хоёроороо тохуурхсаар байх уу

Өнгөрсөн сарын сүүлээр нэгдүгээр амаржих газарт нярайн хүйн халдвар гарсан, гараагүй гэх зөрүүтэй мэдээллүүд хэвлэлээр цацагдах болов. Үнэхээр халдвар гарсан эсэх нь одоогоор тодорхойгүй л байна.

Уг нь хүйн халдвар гарсан, эсвэл гараагүй гэдгийг сайд, дарга нар олон нийтэд нээлттэй мэдээлэх хугацаа хангалттай байсан. Гэвч хариуцлагаас “айдаг” дарга нар өнөөдрийг хүртэл ус балгасан юм шиг л байна. Уншигч та санаж байгаа бол өнгөрсөн нэгдүгээр сард бохироос үүдэлтэй уг халдварт өвчин гарч, дөрвөн ч нялх үрийг нөгөө ертөнц рүү “түлхэж” орхисон. Эрүүл мэндийн салбарыг хариуцдаг, энэ асуудалд ажил үүргийн хувьд хамааралтай албан тушаалтнууд дээр доргүй сандарцгааж, “Буруутан нь манай яам, газар биш, би бол бүүр ч биш…” гэх аястай ярилцлагаар ард олны тархийг угааж байв.

Шугам сүлжээ нь муудсанаас зоорийн давхар, лифтийн хонгил руугаа ус алдсан, агааржуулалт нь ажиллахгүйгээс бохирын эвгүй үнэр ханхалсан, цахилгааны утас нь ачааллаа даахгүй болсон. Тэгэхээр энэ эмнэлгийг хааж, их засварт оруулахаас өөр аргагүй боллоо. “Ачтан” эмнэлэгт түрээс өгч эхчүүдээ төрүүлэхээс өөр яахав гэцгээв.

Энэ бүхэн намжаагүй байтал нийслэлийн хоёрдугаар амаржих газрын дээвэрт өнгөрсөн онд хийсэн их засвар бүтэлгүй болсноос дутуу төрж энкубаторт орсон нярайн өрөө, хүндрэлтэй амаржсан эхийн хагалгааны хэсэг, эхчүүдийн төрөх тасаг гээд бараг л өрөө бүхний таазнаас ус гоожиж, будаг, шохой бужигнан буух болсон. Үүний шалтгаан нь дээврийн дулаалгын зузааныг төсөвт дутуу тусгасныг захиалагч нь магадлан шалгаж залруулаагүй. Мөн дулааны шугамын дулаалга нимгэдсэн, дулаан, техникийн тооцоо хийж гаргасан зураг төсөлгүйгээр ажлыг гүйцэтгүүлснээс болсон аж. Мэргэжлийн хяналтынхан акт, дүгнэлт гаргах ажилд орж, дарга нар буруугаа бие биенээсээ хайж тэрүүхэндээ асуудал үүссэн юмдаг. Гэсэн ч эмнэлэг хаагдлаа гээд эх хүний төрөх, энхрий үрс мэндлэхийг зогсоолтой нь биш. Хоёрдугаар амаржихыг хааж дахин засварт оруулан, эмнэлгийг “Таны төлөө” нэртэй хувийн эмнэлэг рүү нүүлгэлээ.

Дуулиантай эхэлсэн энэ хоёр амаржих газрын ихээхэн хөрөнгө хаяж хийлгэж буй их засвар товлосон цагтаа дуусч тохилог сайхан эмнэлэгт эхчүүд эсэн мэнд төрцгөөж, “Монголын үрс маш олон болтугай” гэж ерөөгөөд л хүлээж байлаа. Гэвч байдал нэг л биш ээ. Эцэг эх нь хүүхдээ өвдсөн байна гээд байдаг. Харин эрүүл мэндийн байгууллагынхан болохоор эрс эсэргүүцээд бүр мэдээлэл гаргасан сонин руу бичиг цаас илгээж сууна. За энэ ч яахав.

Хамгийн гол нь эртхэн анхаарч үр дүнтэй их засвар хийхгүй бол дээрх эмнэлгийн адил хувь тавилан хүлээж буй газрын нэг нь нийслэлийн гуравдугаар амаржих газар болоод байна. Анх 50 шахам жилийн өмнө газар хөдлөлтийн эсрэг ямар ч тооцоогүй барьсан энэ барилгын хийц бүтэц, инженерийн шугам сүлжээ нь “гарын ая” даахгүй болсон нь Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас хийсэн шалгалтаар тогтоогджээ. Агааржуулалтын суваг нь ажилгүй болсноос адрын хөндийд нь цан хүүрэг тогтож, тэртэй тэргүй ялзарч муудсан модон хана, хучилтыг норгон халтар ухна шиг болсон, олон жилийн өмнө ил татсан цахилгааны утас нь ачааллаа даахгүй халсан, цэвэр, бохир ус, халаалтын шугам хоолой нь хүүхдийн зулай шиг нимгэрснээс усны алдагдал ихэссэн, тагларч бөглөрдөг… гээд бичээд байвал зөрчил дутагдлын жагсаалт үргэлжилнэ.

2003 онд батлагдсан “Цахилгаан байгууламжийн дүрэм”-д “Цахилгаан хангамжийн тасалдал нь хүний амь насанд шууд заналхийлэх, дэлбэрэх, гал гарах… зэрэг үр дагавартай, хэрэглэгчдийг онцгой бүлгийн хэрэглэгч гэх ба тэд тэжээлийн хамааралгүй, харилцан нөөцлөгдөх гуравдахь эх үүсвэртэй байна” гэж заажээ. Гэтэл юун гуравдахь эх үүсвэртэй манатай. Тус амаржих газрын цахилгааны тэжээлийн хоёр кабелийн нэг нь ажилгүй болжээ. Үлдсэн ганц кабель нь тасраа л бол гуравдугаар амаржих газар тоггүй болж, эх, үрсийг эсэн мэнд төрүүлэх ажилд хүндрэл гарч л таарах байх.

Тиймээс шинээр мэндэлж буй үрсэд маань зориулсан барилга байгууламж хүрэлцээгүй, бас дээр нь ашиглалт, арчлалт, засварын асуудалд төр, засаг тодорхой бодлого, хөтөлбөр хэрэгжүүлэхгүй бол болохоо байж шүү гэдгийг л хэлэх гэсэн юм.

Г.Долгорсүрэн
http://www.niigmiintoli.mn/

2 Comments

  1. Zochin says:

    Тиймээ, тэр тэрбүм төгрөгөөрөө эмнэлэг барьчихсан бол уг нь маш хэрэгтэй байсын. Угаасаа энэ хуучны байшингууд ямар болсон байгаа нь ойлгомжтой шдээ. Өөдгүй дарга нар. Бодвол энэ засварын мөнгөнөөс дундаас нь сайхан идсэн байлгүй.

  2. monda says:

    хуучин байшинг нурааж шинээр тэр газарт нь байшин барьчихаад яачаад байгаа юм болоо?засвар хийснээсээ л араи гайгүй зардал гарна ш дэ. 2ийн хооронд засвар хийгээд дараа нь баахан жижиг сажиг засвар тэгээд шинэ байшин барьснаас илүү их зардал гарна ш дэ . төрд сууж байгаа хүмүүсийг ойлгохгүй юм, ганц байшингийн асуудал шийдэж чадахгүй ..

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.