Гэр бүлд эмэгтэйчүүдийг хүчирхийлэл нь…

Гэр бүлд эмэгтэйчүүдийг хүчирхийлэх нь хүний эрхийн ноцтой зөрчил бөгөөд дэлхийн бүх орны эмэгтэйчүүдийн дунд өдрөөс өдөрт даамжирч, газар авсаар байна. Үүний уршгаар эмэгтэйчүүд амьдрал, эрүүл мэнд, ажил төрөл болон гэр бүлийн сайн сайхан зэрэг бүхий л зүйлээ алдаж зовлон шаналалд автаж байна. Эмнести Интернэшнл байгууллагаас гэр бүлийн хүчирхийллийг таслан зогсоож, дахин давтагдахаас сэргийлэх алхмыг нэн даруй хийж, энэхүү 14 зүйлт хөтөлбөрийг хэрэгжүүлэхийг бүх орны засгийн газруудад хандан уриалж байна. Эмнести Интернэшнл байгууллагаас засгийн газар энэ хөтөлбөрийг биелүүлэхэд өөрсдийн нөлөөгөө үзүүлэхийг хувь хүмүүс болон байгууллагуудад хандан уриалж байна. Гэр бүлийн хүчирхийллийг зогсоох 14 зүйлт хөтөлбөрийн зөвлөмжүүд нь хоорондоо харилцан уялдаа холбоотой бөгөөд гэр бүлийн хүчирхийллийг таслан зогсооход чухал нөлөө үзүүлэхүйц үндсэн зарчмуудыг агуулсан юм:

  • Засгийн газрын үйл ажиллагаа нь хүчирхийлэлд өртсөн эмэгтэйчүүдийн аюулгүй болон бүрэн эрхт байдал, тэрчлэн тэдний бие махбод, оюун санаа, нийгмийн сайн сайхан байдлыг нь баталгаажуулахад чиглэгдэх
  • Засгийн газрын бодлого, үйл ажиллагаа, хууль тогтоомжууд нь эмэгтэйчүүдийг нас, хүйс, үндэс угсаа, нийгмийн давхрага, биеийн болон оюун санааны чадавхи, хэл, соёл, шашин шүтлэг, гэрлэлтийн байдлаар нь алагчлахгүй байх
  • Засгийн газар нь хүчирхийлэлд өртсөн эмэгтэйчүүд болон гэр бүлийн хүчирхийллийн асуудлаар туршлагатай төрийн бус байгууллагуудтай зөвлөлдөн, хамтран ажиллах. Засгийн газар нь доорхи зүйлүүдийг биелүүлэх үүрэгтэй.

үүнд: 

  1. Гэр бүлийн хүчирхийллийг буруушаах
    Улс төрчид, бүх түвшний төрийн албан тушаалтнууд гэр бүлийн хүчирхийллийн аюултай байдлыг анхааралдаа авч, буруушаах хэрэгтэй. Гэр бүлийн хүчирхийлэл нь хувийн асуудал биш хүний эрхийг зөрчиж байгаа явдал тул олон нийтийн санааг зовоосон асуудал болохыг таниулах. Албан тушаалтнууд нь эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг таслан зогсоох үүргээсээ зайлсхийж, ёс заншил, уламжлал, шашин шүтлэгтэй холбон тайлбарлах ёсгүй.
  2. Гэр бүлийн хүчирхийллийн талаарх ард иргэдийн ойлголтыг дээшлүүлэх
    Гэр бүлийн хүчирхийллийг буруушаах, түүнийг таслан зогсоох, хохирогчдод хохирлоо барагдуулахыг шаардах талаарх олон нийтийн ойлголтыг дээшлүүлсэн кампанит ажлыг сургууль, хамт олон, ард иргэдийн дунд болон ажлын байран дээр өргөнөөр зохион явуулах. Иргэдэд ойлголт мэдлэгийг дээшлүүлэхдээ бүх төрлийн хэвлэл мэдээлийн хэрэгсэл тухайлбал интернэт, лекц, мэтгэлцээнийг өргөн ашиглах ингэхдээ улс төрчид, лидерүүд, сэтгүүлчид болон иргэний нийгмийн төлөөллийг татан оролцуулах хэрэгтэй.
  3. Хүчирхийллийг бууруулахад боловсролын байгууллагуудыг татан оролцуулах
    Бүх түвшний боловсролын системд гэр бүлийн хүчирхийллийг устгах болон олон нийтээрээ хүлээн зөвшөөрч хүлцэнгүй өнгөрөөдөг гэр бүлийн бүх төрлийн хүчирхийллийг зогсоох зорилготой хичээлийг сургалтын хөтөлбөрт оруулж, агуулгад нийцсэн гарын авлага, сурах бичгээр хангах. Багш нар болон боловсролын салбарын ажиллагсад нь гэр бүлийн хүчирхийллийг дэмжиж байгаа болон эмэгтэйчүүдийн эрхийг хязгаарлаж байгаа хэвшмэл байдлыг таслан зогсооход анхаарах ёстой.
  4. Эмэгтэйчүүдийг ялгаварлан гадуурхсан агуулга бүхий хууль тогтоомжуудыг устгах
    Засгийн газрууд хүний эрхийн зарчмыг мөрдөхийн тулд эрүүгийн, иргэний, гэр бүлийн тухай хууль зэрэг бүх хууль тогтоомжуудыг дахин хянах. Эмэгтэйчүүдийг алагчилсан агуулга бүхий хууль тогтоомжийг шинэчлэн өөрчлөх хэрэгтэй. Шинээр гарч буй хууль тогтоомжууд нь эмэгтэйчүүдийн тэгш эрхийг хангасан байх ёстой.
  5. Гэр бүлийн хүчирхийлэл нь эрүүгийн гэмт хэрэг гэдгийг батлах
    Хууль болон практикт гэр бүлийн бүх хэлбэрийн хүчирхийлэл нь хүний эрхийг зөрчиж байгаа явдал бөгөөд үүнийг эрүүгийн гэмт хэрэг гэж тооцох. Гэр бүлийн хүчирхийллийн хэргүүдийг мөрдөн шалгаж, гэмт этгээдийг шүүж, хариуцлага тооцон, хохирогчдод нөхөн олговор олгох ёстой.
  6. Гэр бүлийн хүчирхийллийн талаархи гомдлыг шалган, хүчирхийлэл үйлдэгчидтэй хариуцлага тооцох
    Цагдаагийн газар нь гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн тухайгаа мэдэгдсэн тохиолдолд эмэгтэйчүүдийг аюулгүй, найдвартай орчноор хангаж, гэр бүлийн хүчирхийллийн талаарх бүх гомдол, саналыг бүртгэж, тэдгээрийг цаг алдалгүй, шударга, үр дүнтэйгээр мөрдөн шалгах. Хангалттай нотолгоо байвал хэрэгтэнд цаазаар авах ялаас бусад олон улсын шударга шүүхийн хэм хэмжээний дагуу хариуцлага тооцож байх ёстой. Хэрвээ тус хэргийг хаасан тохиолдолд шалтгааныг нь нийтэд мэдээлэх ёстой.
  7. Гэр бүлийн хүчирхийллийг мөрдөн шалгахад учрах саадыг устгах
    Гэр бүлийн хүчирхийллийн талаарх хэргийг мэдээлэх, шүүхэд татах болон ял оногдуулах явдал нь яагаад бага байгааг судлаж, саадыг илрүүлэн, арилгах. Шүүх ажиллагаа болон нотолгооны эрх зүйн хэм хэмжээг шинэчлэх ба ингэхдээ эмэгтэйчүүдийг гомдол гаргахыг нь хориглож болохгүй. Шүүх болон мөрдөх ажиллагааныхаа явцад гомдол гаргагч, гэрч болон бусад этгээдүүдийг ямар нэг хариу арга хэмжээ, айлган сүрдүүлэх явдлаас хамгаалах ёстой. Цагдаагийн газар нь шүүх болоод орон нутгийн эрх барих байгууллага, үйлчилгээний газруудтай байнга хамтран ажиллах хэрэгтэй.
  8. Албан хаагчдыг гэр бүлийн хүчирхийллийн талаарх сургалтанд заавал хамруулах
    Цагдаа, хууль, шүүх, эмнэлэг, нийгмийн ажилтан болон багш нарыг гэр бүлийн хүчирхийллийг хэрхэн таних, хохирогчдын аюулгүй байдлыг хангах болон нотлох баримтуудыг хэрхэн цуглуулах талаархи сургалтуудад заавал хамруулах
  9. Санхүүжилт гаргаж өгөх
    Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хөтөлбөрийн бүхий л салбарууд болох шүүхийн систем, боловсрол, нийгмийн үйлчилгээний газрууд, эрүүл мэнд болон орон байр зэрэгт зарцуулагдах санхүүжилтийг хуваарилах. Санхүүжилт нь гэр бүлийн хүчирхийллээс эмэгтэйчүүдийг хамгаалах хууль тогтоомжийг хэрэгжүүлэхэд хүрэлцэхүйц байхаар төсөвт тусгах ёстой
  10. Хүчирхийллээс зугтаж буй эмэгтэйчүүдийг аюулгүй орон байраар хангах
    Эмэгтэйчүүдийн хувийн амьдрал, бүрэн эрхт байдал болон чөлөөтэй зорчих эрхийг хангасан түр хамгаалах байр болон бусад газруудыг бий болгох. Ийм газрууд нь эмэгтэйчүүдийн бие, сэтгэл санааг засаж цаашид аюулгүй тайван орчинд амьдрахад нь итгэл өгч, нөлөөлөхүйц байх шаардлагатай
  11. Эмэгтэйчүүдийг дэмжих үйлчилгээгээр хангах
    Иргэний нийгмийн байгууллагуудтай хамтран гэр бүлийн хүчирхийлэлд өртөж буй эмэгтэйчүүдэд үйлчлэх газрыг санхүүжүүлэн байгуулах. Мөн гэр бүл салалт, хүүхэд асран хүмүүжүүлэх эрх болон өв хөрөнгө эзэмших зэрэг асуудлаар эрүүгийн болон иргэний шүүхээр шийдвэрлүүлэх боломжоор хангах ёстой
  12. Зэвсэгт хүчирхийллийн аюулыг багасгах
    Гэр бүлийн хүчирхийлэлтэй айлаас галт зэвсгийг хураан авах. Буу эзэмшиж байгаа эсэхийг эрүүл мэнд, нийгмийн ажилтнууд судалгаандаа оруулж байх хэрэгтэй.
  13. Гэр бүлийн хүчирхийллийн талаарх мэдээллийг цуглуулж нийтлэх
    Гэр бүлийн хүчирхийлэл нь статистик, тайлан мэдээлэлд бүрэн тусгагдсан байх. Судалгаа нь хүйсийн болон бусад холбогдох хүчин зүйлүүдийг нэгтгэн стандартчилалд оруулсан, нээлттэй байх ёстой. Засгийн газрын холбогдох агентлаг нь гэр бүлийн хүчирхийллийн талаарх статистик мэдээллийг цуглуулж нийтлүүлэх ба цуглуулсан мэдээллээ солилцож, гэр бүлийн хүчирхийллийн эсрэг хөтөлбөрийг боловсруулахдаа ашиглах хэрэгтэй.
  14. Эмэгтэйчүүдэд эрхийг нь ойлгуулах
    Гэр бүлийн хүчирхийлэлд өртөж буй эмэгтэйчүүдэд тэдний эрх, авч болох үйлчилгээ, дэмжлэгийн талаарх мэдээллээр хангах. Эмнэлэг, цагдаа болон бусад холбогдох байгууллагуудыг хохирогчдын эрхийн талаарх мэдээллийг олон нийтэд таниулах үйл ажиллагаа явуулахыг шаардах ёстой. Мөн төр захиргааны байгууллагууд гэр бүлийн хүчирхийллийн талаархи хууль дүрэм, удирдамжийг шат бүрт онцгойлон анхаарч, заасан хэм хэмжээг зөрчвөл хариуцлага тооцох, хяналт тавих ёстой.

Зохиогчийн тухай

бичсэн 15762 нийтлэл байна.

2 Сэтгэгдэлтэй :: “Гэр бүлд эмэгтэйчүүдийг хүчирхийлэл нь…”

  • Borte Chono 11 November, 2011, 12:34 нд бичсэн

    Асуудлын үр дүнтэй нь биш шалтгаантай нь тэмц гэдэг байхаа.
    Гэр бүлийн хүчирхийлэл, архидалт, гэр бүл салалт гэдэг юмыг байхгүй болгоё гэвэл ингэж тэмцээд бүтэхгүэй.
    Асуудлын гүн рүү нь бууж бүр сайн судлах хэрэгтэй.
    Хүүхнүүд хүмүүн төрөлхтнийг дуулаад эхэлсэн 1920-30-аад он руу, Монголд хотжилт эрчимтэй явагдаж эхэлсэн 1950-60-аад он руу өнгийж нийгмийн өөрчлөлт яаж явагдсан, тэр өөрчлөлтүүдийн одоогийн нийгэмд үлдсэн сайн муу нөлөөг судалж, ойлгож байж энэ асуудлыг үндсээр нь шийдэх боломжтой.

    Thumb up 3 Thumb down 1

  • VitaminE 14 November, 2011, 18:47 нд бичсэн

    Deerh hun zow helsen bna.borte chono

    Thumb up 0 Thumb down 0

Сэтгэгдэл бич

Gravatar бол таныг илтгэх жижиг зураг. Та өөрийн gravatar-г эндээс үнэгүй аваарай!

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Cekc.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Copyright © 2014 Секс.мн. All rights reserved.
WordPress ашиглав.