ХДХВ/ДОХ ба Хүний эрх

47a0714d7d1634b7big

Жил бүрийн 12 дугаар сарын 01-нд Дэлхий нийтээр ДОХ-той тэмцэх өдрийг тэмдэглэж ирсэн бөгөөд энэ өдөр ДОХ-ын халдвар авсан хүмүүсийн эрхийг хүндэтгэх, тэднийг аливаа хэлбэрээр ялгаварлан гадуурхахгүй байх, ДОХ-оос урьдчилан сэргийлэх олон нийтийн мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх төрөл бүрийн арга хэмжээг зохион байгуулж ирсэн. 

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс, Залуус, эрүүл мэнд” төвтэй хамтран энэ удаагийн дугаарыг “ХДХВ/ДОХ ба Хүний эрхийн асуудалд хандуулж байна. Дэлхийн хэмжээнд гучхан жилийн дотор 30 сая хүн ДОХ-ын улмаас нас барж, 34 сая орчим хүн ХДХВ-ээр өвчилж, өдөр бүр 7400 хүн шинээр халдвар авч, зөвхөн 2010 онд л гэхэд 1,8 сая хүн ДОХ-оор нас баржээ.

Хүмүүс ХДХВ/ДОХ-ын талаар буруу ойлголттой байдаг учраас ХДХВ/ДОХ-д хамааралтай хүмүүсийг ялгаварлан гадуурхах, нэр төрд нь халдах, хууль ёсны эрхийг үл хүндэтгэх зэрэг асуудлууд нийтлэг тохиолддог. Түүнчлэн тэдгээрийн зөрчигдсөн эрхийг сэргээх, эрх зүйн туслалцаа үзүүлэх асуудал туйлын хомс байна.

ХДХВ/ДОХ ын халдвар авсан хүмүүс сэтгэл санааны хүнд шаналалд орохын зэрэгцээ өвдсөнийхөө төлөө бусдын дарамт шахалтад орж гадуурхагдаж байна. Үүний улмаас хүссэн ажлаа эрхлэх боломж нь хязгаарлагдах, нийгмээс тусгаарлагдах, шоовдорлогдох, аливаа үйлчилгээг авах эрхгүй болох зэргээр тэдний эрх нь зөрчигдөж ирсэн.

Тухайлбал, манайд ДОХ-той хүмүүсийг ажилд авдаггүй бөгөөд энэ нь ХДХВ/ДОХ-ын халдвар авсан хүнийг богино насалдаг, бусдадаа халдвар тараах эрсдэл үүсгэдэг гэсэн нийгэмд тогтсон буруу ойлголттой холбоотой байдаг. ХДХВ/ДОХ ын халдвар авсан хүмүүсийн хөдөлмөрлөх эрх, эмнэлгийн тусламж үйлчилгээ авах эрх, сурч боловсрох эрх ихэнх тохиолдолд зөрчигддөг.

ХДХВ/ДОХ-ЫН ХАЛДВАР АВСАН ХҮМҮҮСИЙН ЭРХ: 

-ХДХВ/ДОХ-ын шинжилгээг сайн дураар хийлгэх эрхтэй.
-ХДХВ/ДОХ-той гэсэн шалтгаанаар хэнийг ч тусгаарлах, хөл хорионд оруулах ёсгүй.
-ХДХВ/ДОХ-ын шинжилгээний хариуг тэдний зөвшөөрөлгүйгээр бусдад мэдээллэх ёсгүй бөгөөд тэдний хувийн нууцыг хэн ч задлах эрхгүй.
-ХДХВ/ДОХ-той амьдарч буй хүн хүүхдээ төрүүлэх эсэхээ өөрөө шийдэх эрхтэй.
-Бэлгийн чиг хандлагаар нь хэнийг ч ялгаварлан гадуурхах ёсгүй. Тэд ижил хүйстэн бэлгийн өөр чиг хандлагатай байлаа ч бусад хүмүүсийн нэгэн адил эрхтэй.
-Аливаа асуудлаар мэдээлэл авах, эмнэлгийн тусламж авах эрхтэй.
-Нийгмийн халамж, үйлчилгээ авах, хүртэх эрхтэй.
-ХДХВ/ДОХ-той амьдарч буй гэсэн шалтгаанаар ажил сургуулиас хасах, хөөх, орон байрнаас нь, гэр орноосоо хөөх нь тэдний эрхийг зөрчиж байгаа хэрэг юм. Мөн хэн ч тэдний нэр төрд халдах, гутаан доромжлох эрхгүй.
-ХДХВ/ДОХ-той гэсэн шалтгаанаар аялах, бусад орон руу нэвтрэхийг хориглох ёсгүй. Тэд хүссэн газар орондоо амьдрах эрхтэй.
-ХДХВ/ДОХ-ын чиглэлээр болон өндөр эрсдэл бүхий бүлгүүдтэй ажиллах, ийм үйл ажиллагаа явуулдаг байгууллагад тэд ажиллах эрхтэй.
-ХДХВ/ДОХ-той амьдарч буй хүн арьс өнгө, үндэс угсаа, шашин шүтлэг, бэлгийн зан үйл, нас хүйс, хөрөнгө чинээ үл хамааран анхаарал, хүндэтгэлтэй хандах, халамж асаргаа авах эрхтэй.
-ХДХВ/ДОХ-той амьдарч буй хүн оношлогоо, эмчилгээ болон түүний үр дүнгийн талаар тухай бүрд нь мэдээлэл авах эрхтэй.
-ХДХВ/ДОХ-той амьдарч буй хүн өөрийгөө эмчилж асарч буй эмч, асрагч, уг үйл ажиллагаанд оролцож буй оюутан, сайн дурынхан, дадлагажигч зэрэг бусад хүний биеийн байцаалтыг лавлах эрхтэй.
-Өвчний түүх болон нууцыг задруулалгүй чандлан хадгалах ХДХВ/ДОХ-той амьдарч буй хүн өөрийн өвчний түүхтэй танилцах, түүнийг хувилан авах эрхтэй.
-Тохирох эмнэлэгт эмчлүүлэх, зөвлөгөө авах эрхтэй.
-Эмчилгээ үзүүлж буй эмнэлгийн үйлчилгээний талаар санал гомдол, хүсэлтээ илэрхийлэх эрхтэй.
-ХДХВ/ДОХ-ын талаарх бодлого хөтөлбөр боловсруулахад санал бодол, байр сууриа илэрхийлэн оролцох эрхтэй.

ЛОНДОНГИЙН ТУНХАГЛАЛ 

1988 онд Лондон хотноо дэлхийн 148 орны Эрүүл мэндийн сайд нар хуралдаж ДОХ-той холбоотой мэдээлэл, туршлагаа үнэгүй солилцох, ХДХВ/ДОХ-той хүмүүсийн эрхийг хамгаалах зэрэг асуудлаар нэгдэн Лондонгийн Тунхаглалыг гаргасан.

ХДХВ/ДОХ ГЭЖ ЮУ ВЭ? 

ХДХВ нь нэгэн төрлийн вирус бөгөөд энэ нь ДОХ-оор өвчлөх болон үхэлд хүргэх аюултай. ХДХВ нь зөвхөн хүний биеийн амьд эсэд амьдрах чадвартай. Энэ вирус нь хүний биеэс гадаад орчинд удаан хугацаагаар амьдрах чадваргүй бөгөөд гадаад орчин, хоргүйжүүлэх бодис саван, халуун ус, хлорын шохой зэрэгт хялбар үхдэг.

ХДХВ нь хүний биеийн аливаа өвчнийг эсэргүүцэх чадварыг аажмаар сулруулдаг. Хүний биеийн өвчин эсэргүүцэх чадварыг “дархлааны хариу үйлдэл” гэдэг бөгөөд энэ нь хүний биеийн “дархлалын тогтолцоо”-гоор зохицуулагдаж байдаг. Дархлалын тогтолцоо гэдэгт олон зүйл багтдагийн дотор бидний цусан дах “хамгаалах эс” буюу “цусны цагаан эс” ордог. Энэхүү цусны цагаан эсийн бүтцэд харьяалагдах нэгэн дэд бүлгийн эс байдаг бөгөөд үүнийг нь СД4 гэж нэрлэдэг.

ХДХВ нь хүний дархлалын тогтолцоо руу халдахдаа ерөнхийдөө хүний биед гаднаас орж ирэх аливаа халдвар, өвчлөлийг устгах үүрэг гүйцэтгэдэг СД4 эсүүдийг устгах замаар довтолдог байна. Хүний биед нэвтэрсэн ХДХВ-ийн халдвар нь цусны цагаан эсүүд рүү аажмаар, тасралтгүй довтолсоор хэсэг хугацааны дараа хүний дархлалын тогтолцоо нь өвчин эсэргүүцэх чадвараа алдаж эхэлдэг. Ингэснээр хүний биед нэвтэрч чадахгүй байсан өвчин, халдваруудад дайралт хийх боломж өгдөг байна.

ХДХВ-ийн халдвар авсан хүний дархлалын тогтолцоо нь янз бүрийн шалтгааны улмаас бүрэн ажиллагаагүй болсноор түүнийг үхэлд хүргэдэг. Ийнхүү дархлалын тогтолцоог дарангуйлж, гэмтээх үйл явц маш олон жил үргэлжилж болох бөгөөд энэ хугацаанд халдвар тээгч хүнд ямар нэг өвчний шинж тэмдэг илрэхгүй байж болно.

Эх сурвалж: Зууны мэдээ

1 Comment

  1. Zochin says:

    ХДХВ gej yu gesen tovchlol ve?

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.