Шинэ бэр

352

Самдан өвгөн хүүгээ хол газраас нэг годгор охин дагуулж ирсэнд анхандаа голонгуй байж. Гэлээ ч талийгаач бэрээсээ хойш “Муу хүү минь ханьтай болоосой доо” гэж боддог болсон учир юун түрүүнд өөлөх голохоо урьдал болгох гэсэнгүй. Тэгээд ч ажаад байхнаа шинэ бэр биеэ барих, ичиж зовох явдал огт үгүй, хувин савыг гялалзтал арчиж, угааж эхэлсэнд “Бас ч гэж ажилсаг охин юм” хэмээн олзуурхахад хүрчээ. Аав ийнхүү битүү тандан байснаа хүүгийн авчирсанаас үлдсэн тагш юманд зориг орсон уу,

-Ингэхэд охин минь чи аль нутгийн хүүхэд сэн билээ? Адуу малд хэр вэ? Багадаа хурдны морь унаж байсан уу? гэхчлэн шалгааж. Бүрлээч бэр” гайхалтай гэмээр малд нүдтэй нэгэн байжээ. Мал ахуй хурдны морь гэж асуусан нь насан турш наадамд аргамаг хүлэг сойж нутаг усандаа уяач гэж нэршсэнтэй холбоотой. Наадам гэвэл нүд нь босоод, цөс нь оргиод ирдэг зантай. Шинэ бэрийн хариултаас үзвэл цэвэрч байдал хот газар төрж өссөнийх аж. Энэ ч хэрэгтэй л чанар. Түүнийг ирснээс хойш тоос үнсэнд дарагдсан навсгар муу гэр нь ширэлдэж даахирсан гэзэг үсээ угааж сүлжсэн эзэгтэй шиг цэвэр цэмцгэр болоод бэрийн дэргэд хормой хотоо хүртэл аятайхан авч явах, тулганы зах руу нусаа нийхгүй байх, хоолныхоо аягыг учир начиргүй долоохгүй байх, нэг үгээр хэлбэл хадмын дэргэд бэр нь биш, бэрийнхээ хажууд өөрөө биеэ барихын цаг тулсан мэт.

Өвгөн Самдан нэг өдөр аймгийн төвийн эмнэлэгт хэвтэж байгаа хөгшнөө эргэхээр явах болов. Тэрбээр гэрээс гармагц хэвшиж тогтсон заншлаараа гадаах бараан дээр байдаг “Тахилгат” хүрнийхээ толгойноос адис хишиг аваад мордов. “Тахилгат” хүрэн азарга бол Самдан уяачийг нэр цууд гаргасан хурдан хүлэг, үнэнхүү тахихаас аргагүй ажнай бүлгээ. Аймагт хоёр удаа, суманд таван удаа манлайлж, долоон удаа айрагдсан эл алдарт хүлгийнхээ толгойг буурь сэлгэн нүүхдээ бол хамгийн эхний тэмээн дээр ачиж явдаг, суурин суухдаа бол уран шөмбөн хошууг нь хавийн морьдын хурд хүчийг шалгасан зэрэглээт их тал тийш харуулж бараан дээрээ залдаг, алс аялах тохиолдол бүрт магнайд нь гар хүрч адис авдаг билээ.

Уяач өвгөн аймаг, сумын төвд хоёр хоног саатахдаа шинэ бэр болох бүсгүй, ирэх зуны наадамд сойх “Тахилгат” хүрний угшил удмын хурдан морьдынхоо тухай ярьж явав. Ялангуяа эмгэндээ:

– Бэр маань чи бид хоёрын бодсоноос огт өөр хүн юм гээч! Гэр орон маань гял цал. Хашаа хороо ч цэвэр цэмцгэр. Чи хариад мэднээ хө гэхчилэн магтаж гарчээ.

– Яамай даа, муу хүү минь. Тэр хол газраас гайгүй юм дагуулж ирээ биз гээд хэн нэгний эргэлтээр авчирч өгсөн бурамтай чихрээ “Аваачиж өг” хэмээн гардуулжээ.

Тийн өвгөн баяртай нь аргагүй давхиж ирэв. Хүү саахалт айл руу мордоод алга болжээ. Бэр урьдын адил гэр орноо жигтэйхэн сайхан цэвэрлэчихсэн, зарим хогшил тавилгын байрыг сольчихсон, бас бус хиртэй даавуу, алчуур мэтийг угаагаад хэцэлчихсэн сууж байв.

Өнгө нь зөв л хүүхэд юм даа. Дотроо чухам ямаршуухан байдаг бол гэж бодоод өвгөн авчирсан чихрээ туяхан гэмээр гар дээр нь тавив. Тэр сацуу бэр:

– Бид л хөдөөний айл гэсэн шиг хог новшиндоо дарагдаж суух муухай шүү дээ, аав минь! гэв.

– Тэгэлгүй яахав. Миний охин гэр орноо гоё болгожээ!

Чингэтэл бэр тун чиг баяр бахархалтайгаар:

– Адууных юм уу, юуных юм, муухай хөсрий толгой хадгалаад … Би бараан дээр байсан гавлын ясыг холоо аваачаад хаячихсан шүү! гэх нь тэр.

– Юу гэнээ? яаж байгаа нь тэр вэ?! Ээ, хар олиг…

Самдан өвгөн дуу алдан ийн өгүүлээд гэрээс гарав. Тэр “Тахилгат” хүрнийхээ толгойг холгүй орших үнс хаядаг жалганаас олов. Том чулуун дээр таарч унасан юм уу, ухархай нармайгаараа цөм үсэрчээ.

Өвгөн “Ээ халаг, ээ халаг! Юун ч чанга хаядаг хүүхэд билээ дээ” гэж бодох зуур хормойгоо дэвсэн өмөрч хэлтэрч унасан ясыг түүн цуглуулж “Гэр орон цэвэрлэх яахав, уламжлал, ёс заншлыг цэвэрлэн хаяна гэдэг юусан билээ” хэмээн үглэсээр байв.

/САМБУУГИЙН НАДМИД /

10 Comments

  1. kkk says:

    ukhsen morinii tolgoi unshaad uram khugarlaa uvgunii booviig khukhuj achlal uzuulsen yum baikh gej bodson chini

  2. bat says:

    teneg bn

  3. zochin says:

    tuya chi shuu!

  4. smith says:

    Гэгээнком.алаа хаясан.хаха хаха.бурхан минь…

  5. Ajan says:

    Tuya ch aimeer yum boddog huuhen bnda!

  6. zochin says:

    Haha neeree l bas shine beree hen neg hamaatan n oroldoo yum boluu gej ailaa. Ene sedev ch hit boloh n de

  7. avatar says:

    gegeen.com tuya 2 tataalaa hahhahahahahahaha

  8. dh says:

    gegeencom ooo oguulleg gj bna. Chi nere unen teneg yma hahahahah 

  9. tuya says:

    oo berteigee shaaltssiim bh geel unshaal blaa shal demii yum unshchihii.

  10. GegeenCom says:

    Uu tegeed helchihguidee enuund hurch bolq iim tiim uchirtain geeguigees caash.
    Ber ch bas duraaraa nuhur taarch uul n goyo uuriimsug handsan boltoin bn bi bol zuvshuurul avahaas naash hurch chadq bha miniih chiniihee medelceegui cagt hunii yumand hureh uul n evgui l bmaar sanj huu n gertee bgam shig bgarai bugd chinii medliinh getsiim bgazde.
    Uvuu uujuuhan hun bho ahij bitgii hayarai geed ayataihan ayaduu helchihee medehteigee zunug zalgaagui buyantai buurai gej naidya

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.