Кесар хагалгаа хийлгэсний дараах жирэмслэлт ба төрөлт

pregnant

Ерөнхий

Нэгэн үе кесар хагалгаа нь онцгой үед хийдэг тийм ч амар биш хагалгаа байсан. Гэвч шинжлэх ухаан хөгжихийн хэрээр энэ хагалгаа нь худалч хүнд бол төрөлтийг шийдэх бараг стандарт арга болж хувираад байгаа. Кесар хагалгаа хийлгэхээс өөр аргагүй болсон үед л хийлгэдэг байсан цаг өнгөрч. Заавал хийлгэхээс өөр аргагүй байсан, эсвэл ятгалганд ороод кесар хийлгэсэн үү гэдгээс үл хамаараад кесар хагалгааны дараа дахин жирэмслэх, төрөх тухай асуудал олон олон эмэгтэйчүүдийг анхаарлыг татаж байдаг.

Кесар хагалгааны дараах давтан кесар хагалгаа

Саяхныг хүртэл эмч нар анх кесар хагалгаа хийж төрж байсан бол дараагийн удаад жам ёсны төрөх замаар төрөх боломжгүй, заавал дахин кесар хагалгаа хийж төрөх ёстой гэдэг байсан. Тэгээд ч умай дээр үүсэх сорви хангалтгүй болох аюул нь дараа дараагийн жирэмслэлтийн үед улам нэмэгддэг. Ингэснээр дараагийн жирэмслэлт болон мэс ажилбараар төрөх нь эх, хүүхдийн аминд улам л аюултай болдог.

Тиймээс хоёр, гурав дахь кесар хагалгааны дараа цаашид ахин жирэмслэхээргүй болгох саналыг эхэд тавьдаг байсан. Харин сүүлийн үед давтан кесар хагалгаа хийх тухайд анагаах ухаан арай өөр суурьнаас хандах болсон. Урд нь кесар хагалгаа хийлгэж байсан эмэгтэйчүүдэд давтан кесар хагалгаа хийх зайлшгүй шаардлага гарах нь цөөнгүй ч дийлэнх нь хэвийн төрөх боломжтой төдийгүй тэгэж ч төрөх ёстой гэж үзэх болсон.

Хоёр дахь удаад зөвхөн кесар хагалгаа хийхээс өөр замаар төрөх аргагүй тохиолдлууд үнэхээр байдаг. Эхний бие махбодийн бүтцээс шалтгаалаад эхний удаад кесар хагалгаа хийхэд хүргэсэн зайлшгүй заалтууд байж болно. Жишээлэхэд анатомийн хувьд уйтан аарцаг, бага аарцагны гажиг, ясны ургацаг г.м. Эсвэл эхийн өвчин эмгэг байж болно. Жишээлэхэд, тархи нугасны хүнд гэмтэл, өндөр зэрэгтэй холын харалган, нүдний эвэрлэг бүрхүүл ховхорсон г.м. Ийм зүйлс байгаа бол хоёр дахь удаадаа ч кесар хагалгаагаар төрөхөөс өөр аргагүй.

Олон урагт жирэмсний үед жам ёсны төрөлт нь маш хүндртэй, эсвэл хүүхдийн амь насанд аюул учруулалгүйгээр жам ёсоор төрөх боломжгүй байх нь бий. Ийм үед мөн л дахин кесар хагалгаа хийхээс өөр аргагүй. Үүнээс гадна хэт өндөр даралт, чихрийн шижин гэсэн зарим өвчний үед кесар хагалгаа хийх заалттай.

Эхний кесар хагалгаа хүндрэлтэй болсон, эсвэл кесар хагалгааны дараа умай дээр үлдсэн сорви нь хангалтгүй байгаа бол давхин кесар хагалгаа хийнэ.

Кесар хагалгаа хийлгэснээс 2-3 жилийн хүрэхгүй хугацаанд дахин жирэмслэсэн, эсвэл кесар хагалгаа болон дахин жирэмслэлтийн хооронд аборт буюу үр хөндөлт хийлгэж байсан тохиолдолд дахин кесар хагалгаа хийлгэнэ. Учир нь аборт хийхэд умайн ханыг хусч оёдлын сорви нимгэрснээр цаашид хангалтгүй болж болно.

Үүний дээр давтан кесар нь гүйцэтгэлийн хувьд эхний кесар хагалгаанаас илүү нарийн, хэцүү хагалгаа байдаг. Давтан кесар хагалгааны дараа сарын тэмдэг ирэх үйл ажиллагаа алдагддагтай холбоотойгоор хийлгэсэн эмэгтэйчүүдийн 40% нь л жирэмслэх боломжтой болдог байна.

Харин хоёр дахь удаад жам ёсоор төрсөн эмэгтэйчүүдийн дунд энэ үзүүлэлт нь илүү өндөр байдаг аж. Давтан кесар хагалгаа нь давсаг, шээсний судал, гэдэсний шарх зэрэг хүндрэл үүсгэх нь цөөнгүй. Мөн сорвины орчим холбоос үүсэхтэй холбоотойгоор эд эрхтэний анатомийн хэвийн уялдаа холбоо алдагдаснаас үүдсэн хүндрэл гардаг. Үүнээс гадна цус багадалт, умайн салстас, аарцагны хураагуур судасны нөжрөлт зэрэг хагалгааны дараах хүндрэл үүсэх давтамж нь нэмэгддэг.

Давтан кесар хагалгаа нь гипотоник цус алдалт буюу умайн агших чадвар суларснаас үүдсэн цус алдалт үүсэх эрсдэл нэмэгддэг. Энэ мэтээс үүдэн давтан кесар хагалгаа хийлгэх нь сонголт бус харин зайлшгүй тохиолдолд хийж болох зүйл гэж болно.

Зайлшгүй кесар хагалгаа хийх заалтанд өмнө нь, анхны удаа кесар хагалгаа хийхэд хүргэсэн заалтуудаас гадна умай дээрх тууш сорви, ихэс нь сорви руугаа түрүүлж байрласан, умайн сорвины орчим булчингийн бус харин холбоос эд давамгайлсан зэрэг заалтууд орно. Үүнээс гадна хоёроос олон удаа кесар хагалгаа хийлгэсэн ердийн замаар төрөх хориотой. Энэ бүхнээс гадна эмэгтэй өөрөө ердийн замаар төрөхөөс эрс татгалзсан үед кесар хагалгаа хийнэ.

Кесар хагалгааны дараах ердийн төрөлт

Умай сорвитой, тэр нь задарч, эх хүүхэд хоёуланд нь аюултай байдал үүсэх магадлал байсаар атал яагаад заавал ердийн төрөлтөөр төрөх гээд байгаа юм бэ гэсэн асуулт тавигддаг. Юуны өмнө анхны хүүхдээ кесар хагалгаагаар төрүүлсэн эхчүүдийн 60-85 % нь дараагийн удаад ердийн төрөлтөөр төрөх боломжтой гэж мэргэжилтнүүд үздэг гэдгийг хэлэх хэрэгтэй байх.

Ингэхдээ анхны удаад кесар хагалгаа хийлгэхэд хүргэсэн онош нь давтагдаагүй эмэгтэйчүүдийн хувьд ердийн төрөх магадлал нь өндөр. Жишээлэхэд анхны удаад өгзөг түрүүлсэн байсан бол хоёр дахь удаад хэвийн байрлалтай г.м. Мөн урд нь ердийн төрөлтөөр төрж байсан эмэгтэйчүүд. Ингэж кесар хагалгааны дараа ердийн төрөх гэж олон шалтгаан эмэгтэйчүүдэд байдаг.

Зарим нь төрөх үйл явцыг бүхлээр нь мэдэрч үзэхийг хүсдэг. Заримынх нь хувьд давтан кесар хагалгаа хийлгэх нь ердийн төрөлтөөс илүү эрсдэлтэй байж болно. Өөр зарим нь хагалгааны дараа нөхөн сэргэх өвдөлт, эвгүй мэдрэмжээр дүүрэн урт удаан үйл явцыг ахин мэдрэхийг хүсэхгүй байх г.м.

Ердийн төрөлтийн үед цус алдах, халдвар орох, судас бөглрөөх эрсдэл бага. Нярай хүүхддэд амьсгалтай холбоотой асуудал үүсэх магадлал бага, орчин тойрондоо илүү сайн дасан зохицдог. Ердийн төрөлтийн дараа сүү орох нь хурдан, нярай хүүхэд хөхөө хөхөх нь сайн байдаг. Кесар хагалгааны үед хийсэн зүсэлтийн төрөл нь дараагийн удаад ердийн төрөлтөөр төрөх боломж байгааг эсэхийг ихээхэн тодорхойлно.

Сонгодог буюу хүйнээс аарцаг хүртэл хийдэг зүсэлтийг орчин үед бараг ашиглахаа больсон. Учир нь цус алдах, халдвар орох, дараагийн жирэмслэлтийн үед сорви нь шаардлага хангахгүй болдог. Сонгодог босоо зүсэлт нь умайг урагдах эрсдлийг ихээхэн нэмэгдүүлдэг. Харин доод хэвтээ зүсэлтийн үед дараагийн жирэмслэлтээр ердийн төрөлтөөр төрөх магадлал ихээхэн өндөр. Ийнхүү сорвитойгоор төрөхөд умай / сав урагдах нь хамгийн том эрсдэл. Ийм эрсдэл 1-2% байдаг ч ямагт анхаарч байх хэрэгтэй.

Умайн/савны сорвитой буюу кесар хагалгаа хийлгэсэн эмэгтэйчүүдийг ердийн төрөлтийг түргэсгэх эм тариа нь умайг задрах эрсдлийг эрс нэмэгдүүлдэг гэж олон мэргэжилтнүүд үздэг. Тиймээс ийм төрөлтийн үед окситоцин зэрэг бэлдмэлийг маш болгоомжтой хэрэглэхийг зөвлөдөг. Анхны кесар хагалгааны дараа ердийн төрөлтөөр төрөхийг хүсч байгаа бол анхнаасаа энэ талаарх эмчтэйгээ зөвлөлдөх хэрэгтэй. Ингэхдээ кесар хагалгаа хийлгэж байсан эхчүүдийг ердийн аргаар төрүүлж байсан туршлагатай эмчтай уулзах хэрэгтэй.

Ердийн төрөлтийн үеэр кесар хагалгааны сорви задарч болзошгүй ч эмч нар яаралтай арга хэмжээ авч, задарсан даруйд кесар хагалгаа хийвэл ноцтой асуудал үүсэхгүй байх боломжтой. Тиймээс умай дээрээ сорвитой ердийн төрөлтийн үед шаардлагатай үед кесар хагалгаа хийж эх, хүүхдийн аврах эмч нар бэлэн бэлтгэлтэй нөхцөлд хийхийг хамгийн зөв гэж үздэг. 2000-2003 оны хооронд кесар хагалгааны дараа дахин төрсөн 34 мянган эмэгтэйчүүд дээр хийсэн судалгааг 2004 онд гаргасан байдаг. Ингэхэд 18 мянган эмэгтэйчүүд умай дээрээ сорвитой ч ердийн замаар төрөхөөр шийдсэн байхад 16 мянга нь дахин кесар хагалгаа хийлгэсэн байна.

Ингэхэд ердийн төрөлтөөр төрөхөөр шийдсэн эмэгтэйчүүдийн 74% нь хүндрэлгүйгээр төрж, 16% нь яаралтай кесар хагалгаа хийсэн байна. Мөн 0,7% нь умай нь урагдсан, долоон хүүхдэд умай урагдасны улмаас үүдэн хүчил төрөгчийн дутагдалд орж тархины гэмтэл гэсэн онош тавьж, 2 хүүхэд энджээ.Эхийн эндэгдлийн хувьд давтан кесар хагалгааны үеэр эндсэн эмэгэтйчүүд нь ердийн төрөлтийн үеийнхээс хоёр дахин их байжээ /7:3/.

Үүнээс үүдээд судалгааг явуулсан мэргэжилтнүүд нь умай дээрээ сорвтойгоор ердийн төрөлтийг сонгож байгаа эмэгтэйчүүдийн хувьд төрөл бүтэлгүйтэх эрсдэл нь давтан кесар хагалгааныхтай харьцуулахад ердөө 0,046% өндөр гэсэн дүгнэлт хийсэн байна. 2006 онд Annals of Family Medicine-д гаргасан судалгаанаас үзвэл кесар хагалгаа хийлгэсний дараах ердийн төрөлт ба давтан кесар хагалгаа хийлгэх үеийн эхийн эндэгдэл нь ойролцоо. Хүүхдийн эндэгдлийн хувьд ч мөн адил гэсэн байна.

Харин 1,5кг хүрээгүй жинтэй хүүхдүүдийн хувьд сорвтой умайтай ердийн төрөлт нь давтан кесар хагалгаанаас илүү осолтой гэжээ. Кесар хагалгааны дараах ердийн төрөлтөнд бэлдэхдээ үүнд чинь нааштайгаар, эсвэл сөргөөр нөлөөлөх хүчин зүйлс байдаг гэдгийг тооцож үзэх хэрэгтэй.

Эерэг хүчин зүйлс:

– Нас 40 хүрээгүй

– Багаар бодож нэг удаа ердийн төрөлтөөр төрж байсан, эсвэл умайдаа сорвитойгоор ердийн төрөлтөөр төрж байсан

– Түргэсгэх эм хийлгүйгээр төрөлт өөрөө эхэлсэн

– Анхны удаад кесар хагалгаа хийх заалт болсон онош давтагдаагүй

Сөрөг хүчин зүйлс:

– Хоёроос олон удаа кесар хагалгаа хийлгэж байсан

– Жирэмсний хугацаа 38-40 долоо хоногоос бага

– 4кг-аас илүү том хүүхэд

– Төрөлтийг түргэсгэх эм хэрэглэх

Санамж

Кесар хагалгааны дараа ямар аргаар төрөхөөр шийдэснээс үл хамаараад өөрийн болон хүүхдийн амь насны өмнө хариуцлага хүлээж байгаагаа ухамсарлах хэрэгтэй. Энд гарсан бүхэн ерөнхий зүйлс бөгөөд эцсийн шийдвэр яаж гарахыг тухайн эмэгтэйн хүсэл, биеийн байдал, хэвлий дэх хүүхдийн байдал, эх барих эмэгтэйчүүдийн эмчийн туршлага ба хариуцлага, ар гэрийн хүсэл гээд бусадтай огтхон ч адилгүй олон хүчин зүйлс нөлөөлнө гэдгийг анхаараарай.

Монголын үрс маш олон болтугай.

SOURCE: www.103.mn

2 Comments

  1. Хүн гуай says:

    Хийсвэр or Кесар ?

  2. MglausCom says:

    Ceasarian ii daraa natural turult zuv zugeer bsn olon jiliin zavsar avchihaar gaiguil yum shig ble

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.