С гепатит халдварлах нөхцөл

eleg_c_gepatit

Ерөнхий

Дэлхий дээр архаг С гепатит гэсэн оноштой 170 сая хүн байдаг статистик мэдээ байдаг. Харамсалтай нь энэ өвчнөөр нас залуу хүмүүс голдуу өвддөг бөгөөд жил болгон 3-4 сая хүн халдвар авч байдаг.

Халдвар авах эрсдэлтэй газрууд

Зохих ёсоор ариутгал хийгээгүй, ариун цэврийн наад захын шаардлага хангаагүй газруудад пирсинг хийлгэх, чихээ цоолох, шивээс хийлгэхэд С гепатитын халдвар авах эрсдэлтэй. Тарих замаар хар тамхи хэрэглэдэг хүмүүс С гепатитын халдвар авах хамгийн их эрсдэлтэй байдаг нь олон тооны судалгаагаар тогтоогдсон. Хорих газруудад мөн л халдвар авах эрсдэл өндөр. Эмнэлгийн ажилтнууд халдвартай цустай ажиллах үедээ халдвар авах эрсдэлтэй. Зохих ёсоор ариутгал, цэвэрлэгээ хийдэггүй, ариун цэврийн хэм хэмжээг мөрддөггүй бол эмнэлгийн ажилбар хийгддэг газраас С гепатитын халдвар авах эрсдэлтэй. Орчин үед өндөр шаардлага тавьдаг болсны ачаар цус сэлгэхэд С гепатит халдах нь ховор бөгөөд нийт халдвар авсан тохиолдлуудын ердөө 4% эзэлдэг.

Халдвар тархах зам

С гепатит дийлэнхдээ цусаар дамжин халдварладаг. Халдвартай цусаар бохирлогдсон зүү, тариур, шивээс хийдэг төхөөрөмж, сахлын хутга, халдвартай цус хүрсэн шүдсний сойз, хазуулах зэргээр дамжин халдвар тархах магадлалтай.

Хөгжингүй орнуудад бол хагалгаа хийх, олон нийтийн хамруулсан вакцинжуулалт явуулах, шүд эмчилгээ зэргээр дамжин халдварлах эрсдэл бага байдаг.

Бэлгийн замаар халдварлах эрсдэл

С гепатит бэлгийн замаар дамжин халдварлах магадлал бага гэж үздэг. Хамгаалтгүйгээр бэлгийн харьцаанд орсон тохиолдолд С гепатитын вирус халдварлах магадлал 3-5% гэж тооцсон байдаг. Бэлгийн тогтвортой харьцагчтай, үнэнч хүмүүс халдвар авах эрсдэл байдаг бол бэлгийн хамтрагчийн тоо нэмэгдэхийн хэрээр халдвар авах эрсдэл ч даган нэмэгдэнэ. С гепатитаар өвдсөн, эсвэл вирусыг нь тээгч хүмүүстэй бэлгийн харьцаатай байдаг хүмүүс бэлгэвч хэрэглэх нь зүйтэй. Тэгээд ч хүнийг гаднаас хараад С гепатиттай эсэх, вирус тээгч эсэхийг нь мэдэх боломжгүй болохоор тохиолдлын бэлгийн харьцаанд орохоор бол бэлгэвч заавал хэрэглэж байх хэрэгтэй.

Эхээс хүүхдэд халдах эрсдэл

Халдвар тээгч эхээс хүүхдэд халдах тохиолдол цөөн бөгөөд нийт халдвар авсан тохиолдлын 5% байдаг. Төрөх явцад л халдвар авах боломжтой ч дийлэнхдээ хүүхэд эрүүл төрдөг. Үүнээс гадна эхийн сүүгээр дамжин С гепатит халдварласан тохиолдлуудын талаарх мэдээлэл байхгүй байна. Эх нь С гепатиттай бол хөхний булчирхайн арьсы бүтэн байдал алдагдсан, цус алдалттай үед хөхөөр хооллохыг зогсоохыг зөвлөдөг.

Ахуйн замаар халдварлах эрсдэл

С гепатит нь агаар дуслын замаар буюу ярих, найтах, шүлсээр дамжин халдварладаггүй. Мөн түүнчлэх гар барих, тэврэлдэх, аяга таваг, хоол ба ундаар дамжин халдварладаггүй.

Ахуйн нөхцөлд халдвар авсан бол заавал С гепатитаар өвдсөн, эсвэл вирусыг нь тээгч хүний цусны хэсэг ямар нэг байдлаар орсон байдаг. Гэхдээ С гепатиттай хүмүүс, вирусыг нь тээгч нарыг гэр бүл, нийгмээс тусгаарлах шаардлагагүй бөгөөд халдвар байна гэсэн шалтгаанаар ажил, гэр, сургуульд нь тусгай нөхцөл бүрдүүлэх шаардлагагүй.

Өвдөх эрсдэлтэй хүмүүс

С гепатитын халдвар авах өндөр эрсдэлтэй бүлэг хүмүүс гэж байдаг.

Хамгийн өндөр эрсдэлтэй нь:

• Тарих замаар мансууруулах бодис хэрэглэдэг хүмүүс.
• Цус бүлэгнүүлэх факторыг 1987 оноос өмнө хийж байсан хүмүүс.

Өндөрдүү эрсдэлтэй хүмүүс:

• Хиймэл бөөр төхөөрөмж хэрэглэдэг хүмүүс.
• Эрхтэн шилжүүлэн суулгасан, 1992 оноос өмнө цус сэлгүүлж байсан, хожим нь С гапатитын шинжилгээ нь эерэг гарсан донорын цусыг хийлгүүлж байсан бүх хүн.
• Элэгний тодорхойлогдоогүй эмгэгтэй хүмүүс.
• Халдвартай эхээс төрсөн хүүхдүүд

Эрсдэл багатай хүмүүс:

• Эмнэлгийн ажилтнууд, ариутгалын ажилтнууд.
• Бэлгийн олон харилцагчтай хүмүүс.
• Халдвартай нэг бэлгийн хамтрагчтай харьцаанд байдаг хүмүүс

Өндөр ба өндөрдүү эрсдэлтэй бүлэгт хамаардаг хүмүүс С гепатитын шинжилгээнд заавал хамаарагдах шаардлагатай. Тарих замаар мансууруулах бодис хэрэглэдэг хүмүүс бол олон жилийн өмнө ганц удаа ч гэсэн дундаа тариур ашиглаж байсан ч заавал шинжилгээ өгөх хэрэгтэй. ДОХ-ын халдвартай хүн С гепатитын шинжилгээнд заавал хамрагдана. Халдвартай эхээс төрсөн хүүхдийг 12-18 сартайд нь С гепатитын шинжилгээнд хамруулна.

Халдвартай цустай контактласан байж болзошгүй /зүүгээр хатгуулсан, нүд рүү цус үсэрсэн г.м./ гэсэн тохиолдолд эмнэлгийн ажилтнууд шинжилгээ өгнө.

Эрсдлийн өндөр бүлэгт багтдаг хүмүүс В гепатитын вакцин хийлгэх хэрэгтэй.

Өгөх шинжилгээ

С гепатит илрүүлэх хамгийн өргөн тархсан шинжилгээ нь С гепатитын вирусын эсрэг биетийг илрүүлэх (анти-HCV) шинжилгээ. Энэ шинжилгээ нь одоо, эсвэл өнгөрсөнд С гепатитын халдвар авсан байна гэдгийг л тогтоодог. Үүнээс гадна энэхүү шинжилгээ нь янз бүрийн шалтгааны улмаас хуурамч эерэг /шинжилгээний дүн эерэг гарсан ч бодит байдал дээр халдвар аваагүй байх/, эсвэл хуурамч сөрөг /шинжилгээний дүн сөрөг гарсан ч бодит байдал дээр халдвартай байх/ өгч болзошгүй байдаг. Тиймээс баттай хариу авахын тулд илүү нарийвчилсан шинжилгээг эмчийн заалтаар хийлгэх хэрэгтэй болдог.

Тээгч болох эрсдэл

С гепатитын халдвар аваад эдгэрэх магадлал 10-20% байдаг. Яваандаа илүү боловсронгуй эм, бэлдмэл бий болохын хэрээр энэ үзүүлэлт нэмэгдэх нь гарцаагүй. Үүний дээр С гепатитын халдвар авсан ч вирус нь хүнд ямар нэг хор хүргэлгүйгээр биед нь үржээд явдаг тохиолдол байдаг. Ийм хүмүүсийг тээгч гэдэг. Ийм хүмүүст шинжилгээ хийхэд элгэнд нь ямар нэг өөрчлөлт ороогүй, гепатитын шинж тэмдэг илэрдэггүй. / элэг /

Гэхдээ С гепатитын халдвар авсан дийлэнх хүн архаг гепатитттай болдог бөгөөд магадлал 70% байдаг. Халдвар авсан тохиолдолд өвчин нь идэвхжих эрсдэл ямагт байдаг болохоор эмчийн байнгын хяналтанд байх шаардлагатай. С гепатитад дархлаа үүсдэггүй болохоор дахин халдвар авч өвдөх эрсдэл байдаг.

Өвдсөн тохиолдолд

Гэр бүлийн нэг гишүүн нь С гепатитаар өвдсөн, халдвар авсан тохиолдолд гэр бүлийн бусад гишүүдэд вирус халдахаас урьдчилан сэргийлэх бүх л арга хэмжээг авах ёстой. Үүнд:

• Цусны, эсвэл эрхтэний донор болохгүй.
• Сахлын хутга, шүдний сойз, хумс янзлах тоног зэрэг халдвар тараах эрсдийн хүчин зүйлс байж чадах эд зүйлсийг тусдаа хэрэглэх, бусдынхыг хэрэглэхгүй байх.
• Зүссэн, шарх авсан тохиолдолд цус гадагш үсэрхийлэхээс сэргийлэх сайтар боож, наалт нааж байх. Ийм хүнд боолт хийх шаардлагатай бол резинэн бээлий өмсөж байх.
• С гепатит нь тасалгааны дулаанд 4 хоног амьдрах нь тогтоогдсон байдаг болохоор халдвартай цусны дусал хүрсэн газар болгоныг хлор агуулагч угаагч шингэн, хлорамины уусмалаар угаах. +60 хэмийн халуунд 30 минут угаах, 2 минут буцалгахад вирус бүрэн аюулгүй болно.

SOURCE: www.103.mn

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.