Д.Энхжаргал: Гэр бүлийн хүчирхийллийн улмаас сүүлийн 6 жилд 90 гаруй хүн амиа алджээ

1463802228573fd974d750c

Гэр бүлийн хүчирхийллийн улмаас амиа алдах, бэртэл гэмтэл авах хэрэг манай нийгэмд газар авч гарсаар байна. Цоожтой хаалганы цаана хэн нэгнийг яргачилж, зодож тарчлааж тамлаж байгаа гэж бодохоор аймшигтай юм.

Хамгийн харамсалтай нь хайртай ойр дотныхоо хүний гарт алтан амиа алдаж, сэтгэл санаа, эд эрхтэнээрээ эрэмдэг зэрэмдэг болоод үлдэнэ гэдэг үнэхээр эмгэнэлтэй. Тиймээс гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг этгээдийг гэмтэн болгож хариуцлагыг чангатгадаг байх ёстой гэсний үүднээс эмэгтэй гишүүд болон бусад гишүүд Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг тэмцэх тухай хуулийн төслийг өргөн мэдүүлээд удаж байсан нь үнэн. УИХ-аар батлагдаж гарч ирдэггүй байсан уг хууль өнгөрсөн долоо хоногт батлагдав.

Тодруулбал, Олон хүний амиар “туг тахиж” байж сая анхааралдаа авсан уг хуулийг өнгөрсөн долоо хоногт УИХ-ын нэгдсэн чуулганаар оруулж, нэг мөр болгож баталсан юмаа. Ийнхүү Гэр бүлийн тухай хуульд өөрчлөлт оруулахаар болсон. Ингэхдээ гэр бүлийн хүчирхийлэл нь гэмт хэрэг хэмээн үзэж Эрүүгийн хууль, Зөрчлийн тухай хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Хууль сахиулах ажиллагааны тухай хууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиудтай нягт уялдаатайгаар хуульчлагдсан байна. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хууль энэ оны есдүгээр сарын нэгнээс хууль хэрэгжиж эхлэх юм.

Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн захирал Д.Энхжаргал “Гэр бүлийн хүчирхийллийн улмаас сүүлийн зургаан жилд 90 хүн ойр дотны хүмүүсийнхээ гарт амь насаа алдаж, өнгөрсөн онд л гэхэд 24 хүн, он гараад эхний дөрвөн сард 5 хүн амь насаа алдсан” гэсэн мэдээллийг өгсөн. Тэрбээр, 2004 онд Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг баталсан ч холбогдох бусад хуулиудад гэр бүлийн хүчирхийллийн асуудлаар тусгаагүйгээс хохирогч хохирсон дээрээ нэмж хохироод үлддэг байсан. Хүчирхийллийн эсрэг үндэсний төв байгуулагдсан цагаасаа хойш давхардаагүй тоогоор 19600 хүнд үйлчилсэн” гэв.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хууль хэрэгжиж эхэлснээр хүчирхийлэл үйлдсэн хүн хохирогчид дөхөж очихыг тодорхой хугацаагаар хориглох, тодорхой газар очихыг хориглох, зан үйлд нөлөөлөх албадан сургалтад хамруулах зэрэг хорихоос өөр төрлийн ял, албадлагын арга хэмжээг хүлээлгэхээр болсон байгаа. Мөн гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх үедээ хүний амийг санаатай хөнөөсөн, биед нь гэмтэл учруулсан бол хорих ял оноохоос гадна оногдуулах ялыг хүндрүүлэхээр хуульчилсан байна.

Харин гэр бүлийн хүчирхийллийн хажуугаар чимээгүй өнгөрсөн, хүчирхийллийн талаар мэдээлэх үүргээ биелүүлээгүй этгээд Зөрчлийн тухай хуулиар хариуцлага хүлээхээр болжээ. Өөрөөр хэлбэл хажуу айлд “зодоон” болж байгааг цагдаад мэдээлээгүй бол та хариуцлага хүлээхээр болж байна.

Харин цагдаагийн алба хаагч хүний амь нас, эрүүл мэндтэй холбоотой мэдээллийг хүлээн авсан даруй таслан зогсоох, гэр бүлийн хүчирхийллийн дуудлагаар айлд нэвтрэх, хохирогчийг хамгаалах, аюулын зэргийн үнэлгээ хийх, хүчирхийлэл үйлдэгчийг баривчлах, галт зэвсэг, зэвсгийн чанартай зүйлийг хурааж авах, хохирогчид гэрээсээ хувцас, эм, хүүхдийн хичээлийн хэрэгслээ авахад нь туслах, баримт бичгийг нь хүчирхийлэл үйлдэгчээс шаардан гаргуулах зэрэг үүрэг хүлээх юм.

Хуулиар хүчирхийлэлд өртсөн хүүхдэд үзүүлэх тусламжийг нарийвчлан заасан байгаа. Тухайлбал, хүүхдийн насанд хүрэгчдээс хамааралтай, нас, сэтгэхүйн хувьд бүрэн төлөвшөөгүй, эмзэг байдаг онцлогийг харгалзан, хүүхдийг хүчирхийллээс хамгаалах үйлчилгээ, дэмжлэг, туслалцаа, хамгаалалтыг тусгайлан зааж өгчээ.

О.Сайхан

1 Comment

  1. zochin says:

    huuteigee 33 jil uulzaagui emegtei nuhruu alchihsan bdg yum bilee, aluulsan ni huchirhiilegch uu alsan ni huchirhiilegch uu? buur 2 hun alsan gedeg bhaa???

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.