Хонхны баяраа гэж…

527-1463703208527-1336962235133610599001

Зуны  сар зүсээ олж энэ жил сурагчид, оюутнууд шалгалт, шүүлэгтээ шамдан гүйцгээвч хонхны баяраа яахан мартах билээ. Энэ бол багачууд А үсгийн анхны мэдлэг олж, ах эгч нар нь ерөнхий боловсролтой болж, төгсөх оюутнууд маань гар нь ганзагт хүрч, амьдралын замдаа дөрөөлж буй баярт үе юм.

Шинэхэн төрж буй сэхээтнүүд маань төгсөлтийн баяраа хэрхэн тэмдэглэж буй тухайд гэвэл “Тэд нар маань ямар зуршилтай болчихов оо” гэх асуулт гардаг юм.  Мэдээж энэ баяраа залуус өөрсдийнхөө таалал үзэмжээр тэмдэглэж баярлалгүй л яахав. Гэхдээ өнөөг хүртэл тэмдэглэж хэвшсэн байдал санаанд нэг л сайнаар бууж өгдөггүй юм. Яагаад гэвэл идэж уух, өмсөх зүүхийн дээдээр өрсөлдөн, хэтэрхий үрэлгэн, эмх замбраагүй, олон хоног хавтгайран найрлах, ууж идэх эцэст нь хэрүүл маргаан гарч хүсэн хүлээсэн баяр эрүүл мэндээр хохирох, аливаа эрсдэл, хэв журамгүй байдалд шилждэг  ерөнхий дүр төрх нь нэг иймэрхүү.

 Иймээс хэтэрхий үрэлгэн бус, цомхон, соёлтой тэмдэглэх нь зөв буйзаа. Энэ үйл бол түүхэн ой бус, бүх нийтийн баяр ч бус, энэ бол жирийн амьдрал дунд буй болж байдаг тэмдэглэлт үйл юм. Энд тэдний ар гэрийнхний санааг зовоох нэг асуудал бий. Энэ хорвоод хавханд тавьдаг өгөөшөөс өөр үнэгүй юм үгүй болохоор хонхны баяр ч мөн адил төлбөртөй. Тэр нь ямагт баяраасаа давж гардаг тул хэрхэн бүрдүүлэх тухайд л  асуудал үүсдэг юм. Хувцас хунар, диплом, зураг, цайллага даллага, амралт, аялал зугаалга, хамтлаг, дуучид, хөтлөгч, үзвэр, баар цэнгээн, архи дарс.. гэх мэтээр тоочих юм бол нилээдгүй бий.

Торгон дээл гэхэд л гурван зуун мянгаас доошгүй. Дуучид, хамтлагууд саяас өөр тоо мэдэхгүй, европ хувцас бол мөн л дөрөв таван зуун мянга, дээр нь үлдсэнийг нь нэмэхэд наад зах нь нэг сая таван зуун мянгаас доош буухгүй. Ард иргэдийн маань өрхийн орлого өнгөрсөн жилүүдээс  шалдаа буурсан ийм үед оюутны сургалтын сүүлчийн төлбөрөө дөнгөж төлсний дараахан энэ их зардал тэдэнд хүндхэн тусах байхаа.

Залуус өнгөтөй, өөдтөй харагдах гэж хичээх нь зүйн хэрэг л дээ. Харин энэ нь баян ядуудаа  тулсан өрсөлдөөн болон хувирах бол ийм байдлаар энэ арга хэмжээг тэмдэглэх нь оновчтой сонголт биш юм. Гэхдээ энэ асуудлыг тойрч гүйгээд байх бус дээд мэргэжил эзэмшин, эрдэм мэдлэгтэй болсон сэхээтэн залуус маань хэлцэн ухаалаг, соёлтой тэмдэглэх нь өнөөдрөөс эхлэн та бүхний шинээр орж  буй нийгмийн шинэ статустай дүйцэх  буйзаа. Хоёр, гурван өдөр, шөнө дараалан хавтгайдаа найрласны дараа халамцуу залуус урд өмнө сэтгэлдээ тунирхаж явснаа тайлахаар бие биендээ санасан, бодсоноо хэлснээр агсам тавилцаж баяр цэнгэл нь гомдлын туйлшралд хувирдаг тохиолдол цөөнгүй байдаг. Энэ бол тэдний эцсийн зорилго биш л дээ. Гэхдээ л иймэрхүү байдлаар хонхны баяр төгсдөг тал бас бий.

Нижгэр тэмдэглэсэн хонхны баярынхаа дараа мөнгө ч үгүй, ажил ч үгүй  үлдсэн шинэхэн сэхээтэн маань сая ажил хайж эхлэнэ дээ. Яагаад гэвэл манай их дээд сургуулиуд мэргэжлийн захиалга авах, оюутнуудад стипенд, тэтгэлэг олох нөхцөл бүрдүүлэх, сургалтынхаа явцад оюутнууд ажил олгогч нарын уулзалт зохион байгуулах талаар олигтой санаа тавьдаггүй юм билээ. Тэд сургалтын төлбөрөө авч оюутнуудыг зөвхөн онолын талаар бэлтгэж дипломоо өгөөд л гол ажлаа шуурхайлан дуусгадаг зуршилтай болчихсон. Иймээс манайд төгссөн инженерүүд дотоод, гадаад хаана ч очоод бие даан мэргэжлээрээ ажиллах чадвар дутмаг тул дахин суралцах шаардлагатай болдог.

Монголчууд бид дээд боловсролтнуудынхаа тоогоор |арван мянган хүнд ноогдох| дэлхийд тэргүүлдэг ч ажил дээр гарахаараа шаардлага хангадаггүй юм байна. Уул нь боловсрол гэдэг асар үнэтэй зүйл л дээ. Түүндээ  мэдлэг, мэдээлэл, ажиллах, бүтээх чадвар нь шингэж байх учиртай юм.

Гадаад орнуудад энэ эрдмийн баяраа хэрхэн тэмдэглэдэг вэ? Юуны өмнө тэд төгсөлтийн өмнөх жилүүдээс эхлэн оюутнуудаа ажлын байртай болгох талаар санаа тавьж, сар болгон оюутан ажил олгогч нарын уулзалт зохион байгуулж, бэлдэж буй мэргэжилтнүүдийнхээ талаар танилцуулга тарааж, сонирхсон хүмүүс өдөр тутам ирж оюутнуудтай гэрээ байгуулж, сургалтын төлбөрт нь тэтгэлэг, зээл олгох тухай тохиролцож болдог.

Оюутнууд зуныхаа амралтаар гэрээт газраа очиж дадлага хийж  туршлага суудаг. Иймээс ихэнх оюутнууд нь төгсөлтийнхөө өмнө ажлын байраа олчихсон байдаг аж. Зуны амралтаараа түр ажил хийж бие даасан төрөл бүрийн танин мэдэх аялал зохиох гэх мэт зүйлүүдэд зарцуулах мөнгөтөй болдог. Тэд аялалдаа голдуу майхан, үүргэвч, явган, дугуй гэх мэтийг сонгодог. Энэ бол төгсөлтийн өмнөх гол бэлтгэл нь, өндөр хөгжилтөй орны залуусын нэгэнт тогтсон зуршил, тэд баар цэнгээн, архи дарс хэмээн төсөөлдөггүй.

Дашрамд хүү маань ШУТС-ийн уул уурхайн хоёрдугаар курсээс Денверт |АНУ| Уул уурхайн инжерийн сургуульд орж төгссөн тул эрдмийн баярт нь би очиж үзсэн юм. Тэнд бүх төгсөгч нар нь ижил нөмрөгтөй, мөн ижил малгайтай байсан. Үүнээс өөр янз бүрийн олон хувцас хэрэглэхгүй,  энэ гол баяраа нэг л өдөрт л багтаадаг юм билээ . Иймээс манайд дэндүү олон хувцас хунарт гаргадаг тэр их зардал, өрсөлдөөн үгүй болох нь.

Доктор, магистр, бакалавруудын нөмрөгийн өнгө нь өөр өөр байдаг юм билээ. Тэд цөм жагсаалаар зааланд орж ирээд сууцгаахад сургуулийн захиргаа арга хэмжээг нээж оюутнуудаа мэргэжил тус бүрээр нь дуудаж диплом гардуулан багш нараа танилцуулж тэдний ажлын амжилтаар нь шагнаж зэрэг дэв нэмдэг. Үүний дараа эцэг эхчүүд, оюутнууд болон ажил олгогч нар уулзаж болох ба нэг ангийн найз нөхдүүд хамт хоолонд орох зэргээр ерөнхийдээ нэг ангийн болон гэр бүлийнхнийх нь хэмжээнд цомхон баяр болж байлаа.

  Биднээс огт өөр нэг зүйл бол тэд өөрсдөө дуулж, өөрсдөө хөтлөгч хийж өөрсдөө дундаасаа урлагийн ноймор бэлдэж бүх юмаа өөрсдөө зохион байгуулж чаддаг ба түүгээрээ бахархдаг, дурсдаг, гол нь түүнээсээ таашаал авдаг явдал нь. Заавал гаднаас үнэтэй үйлчилгээ эрж гүйдэггүй, үнэ зиндаагаар өрсөлддөггүй, өөрсдийнхөө боломж, хэр хэмжээндээ тааруулан зохион байгуулдаг юм билээ. Тэднийг багаас нь эцэг эх нь бие даалгаж, өөрсдийнхээ иймэрхүү зардлыг өөрсдөө ажиллаж олдог тухайд үлгэрлэн хүмүүжүүлсэн нь чухам ямаршүү төрөл, жанрт илүү дуртай, ямаршүү зүйлээс таашаал авч байгаагаас нь ажиглагдаж байна л даа.

Муу зуршлаас хөндий, заавал асар их зардалд унаж бусдын авъяас чадавхаар өөрийгөө зугаацуулах бус өөрөө өөрсдийгөө зугаацуулж сурсан байдал нь онцгой санагдсан. Тэд төгсөөд төв суурин газар гэхээс илүү өөрсдийн төрөлх хот, тосгоноо хөгжүүлэх тухай  боддог. Амьдралын иймэрхүү зуршил, хэв маягийг би зөв гэж боддог. Энэ бол тэр улс орны нийгмийн хөгжил, дэвшилд чухал зүйл байх. Үүнийг зөвхөн залуус өөрсдөө л хийж чадна.

 Хүү маань сургууль төгсөх тэр хавар тус сургуульд хоёр аспирант монгол залуу Амаржаргал, Жамъян нар магистр болон докторын зэрэг хамгаалж бакалавр, магистр, доктор гээд бүх шатанд нь нэг, нэг монгол аспирант, оюутан төгссөн нь дэлхийд нэртэй энэ том сургуулийн өндөр босгыг монголчууд  нэгэн зэрэг давж гарсан нь бидний хувьд урд өмнө тохиож байгаагүй өгөөмөр төгсөлт болж билээ.

 Тус их сургууль өөрийн тохилог байр, номын сан, биеийн тамир спорт, соёл, ахуй үйлчилгээний байрууд, оюутны хотхонтой, уул уурхайн бүхий л чиглэлээр жил бүр олон зуун боловсон хүчин гаргадаг, өндөр мэдлэг туршлагатай эрдэмтэн багш нар болон өөрийн дадлагын “Эдгар майн” хэмээх гүний уурхай, нарийн мэргэжлийн лаборатори, судалгааны тэнхимтэй, мэргэжлийн сургалтын түвшин, чанар чансаагаараа АНУ-д төдийгүй дэлхийд хэдийнээ нэрд гарсан иж бүрэн цогцолбор болж чадсан тул уул уурхайн мэргэжлийн жишиг жаяг болсон энэ сургууль төгсөгчдийг ажилд авах эрэлт хэрэгцээ өндөр байдаг аж.

Нөгөө талаас энэ сургууль төгсөгчиддөө ажил олгох талаар байнга анхаарч уул уурхайн компаниудыг урьж оюутнуудаа хоёрдугаар курсээс нь танилцуулж эхэлдэг. Компаниуд тэтгэлэг, зээл, цалин олгох талаар эртнээс гэрээ хийж ихэнх оюутнууд ч сургалтын төлбөрөө олж, төгсөөд л орох ажил нь бэлэн болчихсон байдаг аж. Үүнээс гадна мэдээж тусгай шалгуураар олгодог холбооны, мужийн гээд төрийн тэтгэлэгүүд бий. Манайд энэ бүхнээ улам өргөжүүлж хэрэглэвэл залуус маань дөнгөж сургууль төгсөөд л ажилгүйчүүдын эгнээнд ордог явдал үгүй болох байх

 Тус сургуулийн нэг семестрийн сургалтын төлбөр нь оюутны кредит цагаас шалтгаалан дунджаар 10-15 мянган ам.доллар болдог аж. Энэ бол оюутан хүн тэтгэлэг зээлгүйгээр тэр болгон төлж дийлэхээргүй их мөнгө л дөө. Тус сургуульд дээд боловсролтой нэг инженер бэлдэхэд $500 мянгаас давж, ингэж төгссөн инженерийг АНУ, Канадын уурхайн гадаад, дотоодын компаниудад ажилд авах ба анхны жилийн дундач цалин 50-60 орчим мянган ам долларт хэлбэлздэг аж. Иймээс төгсөгчид оюутан байхдаа хийсэн гэрээнийхээ дагуу шууд ажилд орсноор авсан зээлээ аажим хугацаанд |10 жил орчим| бага багаар төлж дуусгах боломж бүрддэг юм байна. Оюутнууд ийм маягаар удаан хугацааны зээлээр суралцдаг.

Оюутан залуус бол аль ч оронд нийгмийн амьдралд шинэлэг байдлаар нөлөөлж ямагт хөгжил дэвшлийн эхэнд явдаг тул энэ бүхнээс санаа авч мөдхөн болох хонхны баярынхаа |хонхны баяр гэж чухам юуг нь хэлээд байгаа юм| өмнө төгсөгчид ярилцаж хэлцэж байгаад өөрсдөө зохион байгуулж цомхон мөртлөө хөгжилтөй, соёлтой, шинэлэг байдлаар тэмдэглэж, хэтэрхий үрэлгэн, хавтгайрсан байдлаас зайлсхийж чадах бол улс орны болон  та бүхний цаашдын амьдрал, дэвшилд нөлөөлөх нэг сайн үйл  болох нь дамжиггүй.

Н.Бадарч

1 Comment

  1. zochin says:

    manaihaas busad ulsad shine jil, bolon undesnii tomoohon neg bayar /tsagaan sar geh met/ zergees busdiig ni zuvhun ger buliin hureend temdegledeg. 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.