Үр зулбуулах эмнээс болж удам угсаагаа таслах уу

1a6227_1427460959_1385058101927_cached_x974

Бид “Баримт-Эрэн сурвалжлах нэвтрүүлэг”-ийн өмнөх дугаараар 27 настай эмэгтэй, үр зулбуулах эм ууснаас болж сав, өндгөвчөө авахуулсан тухай баримт дэлгэсэн. Нэвтрүүлэг гарсны дараа яг ийм шалтгаанаас болж “хүүхэд олж чадахгүй байна” гэсэн хэд хэдэн эмэгтэй бидэнд хандсан юм. Хятадаас орж ирдэг гэх үр зулбуулдаг хуурамч эмийн уршгаар олон охид, эмэгтэйчүүд эрүүл мэнд, амь насаараа хохирсоор байна…

Баримт 1: Үр зулбуулах эмийн нөлөөнөөс болж жилд дунджаар 400 орчим эмэгтэй улсын эмнэлгүүдэд ханддаг. Ойролцоогоор тэдний 10 нь сав, өндгөвчөө авахуулдаг гэж Нийслэлийн эрүүл мэндийн газраас мэдээллээ.

Эмнэлэгт хандсан эмэгтэйчүүдийн дийлэнх нь “Нарантуул” захаас Хятад бичигтэй, дотроо 6, 3-аар савласан 9 ширхэгтэй ямар нэгэн бүртгэлгүй үр зулбуулах эм авч уусан байдаг. Тийм иргэдийн нэг манай редакцид хандлаа. Тэрбээр зургаан жилийн өмнө “Нарантуул” захаас зулбуулах эм авч уусан байдаг. Үүний улмаас эрүүл мэндээрээ хохироод зогсохгүй цаашид үр тогтох боломжгүй болоод байгаагаа бидэнд учирлалаа.

-Зургаан жилийн өмнө жирэмсэн болоод сар гарантай байхдаа үр зулбуулах эм ууж байсан. Үүнээс хойш дахиж жирэмслээгүй. Юундаа байдаг юм бол оо. Санаандгүй танай нэвтрүүлгийг сонсоод холбогдож байна. Тухайн үед 20-н хэдтэй залуухан байсан тул аборт хийлгэхээс айгаад үр зулбуулах эмийг сонгосон. Тухайн үед ажлын хүн “Зах дээр бүс барааны хэсэгт нэг эмээ үр зулбуулдаг эм зардаг гэж” хэлсний дагуу 13 мянгаар авч байсан санагдаж байна. Эмийг ууснаас хойш сар гаруйн хугацаанд доошоо цус гарсан. Танил сувилагчаараа цус тогтоох эм тариа хийлгэснээр эмчид үзүүлэлгүй тэгээд л өнгөрсөн. Үүнээс хойш зөндөө олон эмнэлгээр явж эмчид үзүүлсэн. Эмч нар үрийн суваг битүү байх гэх тайлбарыг хэлдэг. Тухайн үе эмчид үзүүлж цэвэрлэгээ хийлгээгүй болохоор юм үлдээд хүүхэдтэй болж чадахгүй байгаа байх. Үрийн сувгаа үзүүлэхэд төлбөр үнэтэй болохоор харуулж чадахгүй байна. “Нарантуул” захаас үр зулбуулах эм авч уусандаа одоо хүртэл маш их харамсдаг. Миний ойрын хоёр эмэгтэй мөн эмийг авч ууснаас хойш одоо хэр нь хүүхэдтэй болж чадахгүй байна.

Эм ууснаас хойш сарын хугацаанд цус их алдсан. Одоо ямар хор уршиг үлдсэнийг нь хэлж мэдэхгүй байгаа гэдгээ ч тэрбээр хэлж байлаа. Ийм тохиолдол ихэнхдээ амь насаа ч алдах дээр тулсан үедээ л эрүүл мэндийн салбарт бүртгэгдэж байна. Амь насаа алдаж байгаа тохиолдол ч байна гэдгийг “Баянгол” үр шилжүүлэн суулгах төвийн эмч н.Амарзаяа ингэж ярилаа.

-Төрөх эмнэлэгт дадлага хийдэг байхад үр зулбуулах эм уугаад тэрнээс болж цус алдаж ирээд миний өвөр дээр нас барж байсан тохиолдол байдаг. Төрөхийн хүлээн авахаар цус алдаад зүрх нь зогсоод л орж ирдэг. Иймэрхүү тохиолдлууд нэлээд байдаг гэж бусад эмч нар ч ярьдаг. Үргүйдэлтэй болчихлоо гэхээс илүүтэй тухайн иргэний амь насанд аюултай хүндрэлүүд гардаг. Эм уучихаар зулбаад л гарчихна гэж бодоод л цус алдаад л явдаг. Цус алдсаар байгаагаа мэддэггүй, ямар ч эмчээс зөвлөгөө авдаггүй. Цус алдаж явсаар байгаад л шоконд ороод эмнэлэгт ханддаг. Зулбалт цаашлаад халдварлагдсан зулбалт гэх хүндрэлд хүргэдэг. Зулбалт үргэлжилж байхад үрэвслийн процесс явагдаад эхэлж байна. Үрэвсэл нь үргүйдэлд хүргэх тохиолдол байдаг. Тиймээс охид, эмэгтэйчүүддээ анхааруулж хэлэхэд, хамгийн түрүүнд мэргэжлийн эмчид хандахыг зөвлөмөөр байна.

Үр зулбуулах эмийн нөлөөнөөс болж жилд дунджаар 400 орчим эмэгтэй улсын эмнэлгүүдэд ханддаг. Ойролцоогоор тэдний 10 нь сав, өндгөвчөө авахуулдаг гэж Нийслэлийн эрүүл мэндийн газраас мэдэгдсэн. Тэгвэл 2014 онд зөвхөн үр зулбуулах эмнээс болж, таван эмэгтэй эндсэн байна. Нийслэлийн эрүүл мэндийн газрын мэргэжилтэн н.Октябрь ярьж байна.

-Манай иргэд өөрсдөө дур мэдэж зориулалтын бус газраас мэргэжлийн бус хүмүүсээс үр зулбуулах эм авч ууснаар амь насаа алдаж байгаа тохиолдлууд байна. Ганцхан жишээ хэлэхэд, 2014 онд зөвхөн нийслэл хотод 21 эх болох эмэгтэй эндсэний 5 нь “Нарантуул”-аас авсан үр зулбуулах эмнээс болсон байдаг. Эмчийн оролцоогүй тул энэ эм нь бүрэн зулбуулж чаддаггүй. Үүнээс болоод үржил үүсээд амь насаа алддаг. 18-20 насны сайхан охидууд энэ үр зулбуулах эмнээс болж амь насаа алдаж байна гэдэг харамсалтай. Хэрвээ жирэмсэн болоод хүүхдээ төрүүлэхийг хүсээгүй байлаа гэхэд ядаж эмчид, эмнэлэгт хандах хэрэгтэй. Энэ эм нь маш аюултай. Хүний умай, савыг задалдаг, цус алдуулдаг, халдвар орвол үржил үүсэж давагдашгүй хүчин зүйл болоод нас баралтад хүргэдэг. Тиймээс иргэд амар хялбар, хямд төсөр аргыг бодож энэ эмийг ууж үр зулбуулах нь нэгдүгээрт буруу юм. Хоёрдугаарт, жижигхэн хэмжээний ашиг олохын төлөө хуурамч, хууль бус эм зараад тэр нь хүний амь насанд хүрээд байхад эм зарж борлуулж байгаа хүмүүст би болиосой гэж хэлмээр байна. Үүнээс гадна энэ эмийг ууж дутуу зулбаснаас халуурч үржил үүсэж умай саваа авахуулсан гэх хүний тоо жил ирэх тусам нэмэгдэж байна. Улсын эмнэлэгүүдэд жилд дунджаар 350-500 орчим эмэгтэйчүүд энэ эмийг ууж хандаж тусламж үйлчилгээ авдаг. Хэрвээ энэ хүмүүс эмнэлэгт хандаагүй бол төдий хэмжээний эмэгтэйчүүд амиа алдах байсан.

Өнөөдөр хүсээгүй жирэмсэлтээс татгалзах нь хуулиараа иргэнд нээлттэй байдаг. Гагцхүү эрүүл мэндийн байгууллагад хандах уу, аль эсвэл ямар ч баталгаагүй үр зулбалтын эм сонгох уу гэдэг тэдний сонголт байдаг. Хатуухан хэлэхэд, энэ нь эмэгтэйчүүдийн эрүүл мэндийн боловсролтой шууд холбоотой гэж Улсын нэгдүгээр төрөх эмнэлгийн Дотоод шүүрэл, үргүйдлийн тасгийн эмч н.Ариунбуян анхаарууллаа.

-Эмнэлэгт ханд гэж хэлмээр байна. Захаас авч уусан эмэнд буруу өгөхөөс илүүтэй эмэгтэйчүүд эрүүл мэндийн боловсролтой болох хэрэгтэй. Зах дээр чинь хүнс, бараа зардаг. Үнэхээр тэндээс үр зулбуулах эм авч ууж байвал тэр эмэгтэйн л буруу. Тиймээс манай Нэгдүгээр төрөх эмнэлгийн Дотоод шүүрэл, үргүйдлийн тасаг гэж байгаа. Тэнд хандах хэрэгтэй. Манайх амбулаторийн тусгай үзлэг хийдэг. 3, 4, 5 дахь өдрүүдэд энэ үзлэгт хамрагдаж зөвлөгөө авах хэрэгтэй. Сормуусандаа 60 мянган төгрөг зарцуулж байж яагаад эрүүл мэнддээ зориулаад ном аваад уншиж чадахгүй байгаа юм бэ. Гоё сормуустай, ганган сайхан эмэгтэйчүүд зөндөө үзүүлдэг. Уусан эмийг нь асуухаар шар, ногоон, улаан, цагаан эм уусан гэдэг. Эрүүл мэндийн боловсрол үнэхээр хаягдчихаад байна. Сошиол ертөнц хөгжчихсөн үед яагаад эмэгтэйчүүд хэрэгтэй мэдээллээ авч чадахгүй байгаа юм. Тэгээд л эмч нарт буруу өгдөг. Эрүүл мэнд өвчтөнийх, тэр хүн өөрийнхөө төлөө хариуцлага үүрэх ёстой. Монгол эмэгтэйчүүд эрүүл мэндийн боловсролоо дээшлүүлээч ээ гэж хэлмээр байна.

Үр зулбуулах эм уусан иргэд ихэнхдээ саваа цэвэрлүүлэх зорилгоор эмнэлэгт ханддаг. Өөрөөр хэлбэл, жилд дунджаар 400 эмэгтэй үр зулбуулах эм хэрэглэсний дараа улсын эмнэлэгт ханддаг гэсэн тоон мэдээлэл байна. Үүний цаана хувийн эмнэлгүүдэд хэдэн хүн хандав, эмч, эмнэлгийн байгууллагын хяналтгүй хэчнээн хүн үр зулбав гэдгийг тогтоох боломжгүй. Тэгвэл улсын бүртгэлгүй үр зулбуулах эмийн худалдаанд хэн хяналт тавьж байна вэ?

Баримт 2: Улсын бүртгэлгүй үр зулбуулах эмийг “Нарантуул” захад нууцаар худалдаалдаг. Гэтэл энэ хууль бус худалдааг төрийн байгууллагууд бүрэн хянах боломжгүй гэж албаныхан үзэж байна.

Монгол Улсын эмийн бүртгэлд орсон үр зулбуулах үйлчилгээтэй “Мезопростол” гэж эм байдаг. Харин “Нарантуул” захад яг ийм нэртэй боловч, хятад бичигтэй бүртгэлгүй эм худалдаалдаг гэх мэдээллийн мөрөөр бид өнгөрсөн аравдугаар сард “Нарантуул” захыг зорьсон. Захаас тэднийг олоход хэцүү болов уу гэсэн бодол бээлий, ороолт зардаг 30 гаруй насны н.Мөрөнтэй уулзахад үгүй болсон юм. Бид түүнд сэтгүүлч гэдгээ хэлээгүй, ирсэн учир явдлаа хэлтэл н.Энхүүш гэх эмэгтэйг зааж өглөө.

-Зулбуулдаг эм хаагуур зардаг юм бол оо?

-Чигээрээ доошоо явахаар хүүхдийн хувцасны н.Энхүүш гэдэг эмэгтэй байгаа. Мөрөн явуулсан гэж хэлээрэй. Миний нэрийг хэлэхээр үр зулбуулдаг эмийг 50-45 мянгад өгчих байх.

-Энхүүш гэж хүн мөн үү?

-Би байна. Мөрөн явуулсан юм. Эм авах гэсэн юм, эм бий юу?

-Байгаа манай найзад бий. Дотроо сайн, муу гэсэн хоёр янз байдаг. Норовоод байгаа. Утас нь холбогдохгүй байна, эгч нь заагаад өгье.

“Ураг зулбуулдаг эм”-ийг “Нарантуул” захад зарсаар байгаа баримтыг сая та бүхэн дууллаа. Тухайн үед бид энэ тухай Нийслэлийн Баянзүрх дүүргийн “Нарантуул” зах хариуцсан хэсгийн дарга, Дэд хурандаа н.Батхуяг, Захын гүйцэтгэх захирал н.Түвшинбат нарт мэдээлсэн. Тэгвэл одоо энэ хууль бус худалдааг таслан зогсоох чиглэлээр ямар ажил хийж байгааг Цагдаагийн ерөнхий газраас тодруулахад “Мөрдөн байцаах ажиллагаа эхэлсэн. Мэдээлэл өгөх боломжгүй” гэсэн хариулт өглөө. Харин “Нарантуул” захын Хяналт зохион байгуулалтын албаны дарга н.Баттулга бидэнд дараах тайлбарыг өгсөн юм.

-Тухайн үед н.Түвшинбат захирлаас үүрэг аваад шалгалт хийсэн. Очоод үзэхэд зөрчил илрээгүй. Бид нар тандуулах гээд өөр хүн явуулж эмийг сураглуулсан. Сэжигтэй гэх Норов дээр очиход үр зулбуулдаг эм байхгүй байсан. Хэсгийн цагдаагаас бид нарыг энэ хэрэг дээр ажиллахыг хориглосон. Цагдаа нар өөрсдөө мөрдөн байцаалт хийнэ гэдгээ хэлсэн.

Нэгэнт цагдаагийн байгууллага шалгаж эхэлсэн учраас “Нарантуул” захын захиргаанаас энэ хэрэгт оролцох шаардлагагүй болсон гэдгийг хэллээ. Гэхдээ нэг талаас хууль бус худалдаа эрхлэгчдийг хянаж, зарим нэгэнд нь хэрэг үүсгэж байгаа боловч өнөөдөр дахиад хэн нэгэн хуурамч эм зарахаар “Нарантуул” захад холхиж явааг үгүйсгэх аргагүй. Тэгвэл энэ эмийн худалдааг мэргэжлийн байгууллагууд бүрэн хянах боломжтой юу? Нийслэлийн эрүүл мэндийн газрын мэргэжилтэн н.Октябрь ингэж ярилаа.

-Таслан зогсоож байгаа. Миний мэдэхийн гурван жил болж байна. Тодорхой хугацаанд намждаг. Гэхдээ улам нууц, далд байдалд ордог. Аль болохоор бид нар энэ үр зулбуулах эмтэй тэмцэж байна. Хамгийн чухал нь тухайн хүмүүсийг зах дээр очиж эм авахгүй болтол нь сэтгэхүйд нь суулгах хэрэгтэй байна. Ганцхан бид нар ажиллаад нэмэргүй байна. Хил, гаалийнхан үүнд анхаарах хэрэгтэй. Гэхдээ сүүлийн хоёр жилд яг энэ эмийг уугаад нас барсан гэх хүн бүртгэгдээгүй.

Мэргэжлийн байгууллагаас тогтмол хяналт шалгалт хийдэг. Гэсэн хэдий ч хууль бус эмийн худалдаа илүү далд хэлбэрт шилжсэн гэдгийг хэлж байна. Мөн энэ эмийн худалдааг таслан зогсоохын тулд хил гаалийн хяналтыг чангатгах хэрэгтэйг дурдаж байлаа. Харин үүнд Гаалийн ерөнхий газрын улсын байцаагч н.Мөнхбаяр ийм хариулт өгөв.

-Манай иргэд хилээр маш их ачаа бараа оруулж ирдэг. Тэр болгоныг шалгах бололцоо алга. Зөвхөн эрсдэлд суурилсан шалгалт хийж хяналт тавьж байна. Биед үзлэг шалгалт, нэгжлэг хийж ачаа барааг ухах боломжгүй байдаг.

Гаалийн байгууллага эрсдэлд суурилсан хяналт тавьдаг. Өөрөөр хэлбэл, хүн бүрийн гар тээш, ачаа барааг нэгжиж, шалгах боломжгүй гэсэн үг. Товчхондоо Мэргэжлийн хяналт, Цагдаагийн байгууллага, Гаалийн ерөнхий газраас хууль бус эмийн худалдааг өөр өөрийн чиг үүргийн хүрээнд хянаж, шалгасаар байгаа ч энэ хууль бус худалдааг бүрэн зогсооход бэрх гэдгийг эх сурвалжууд хэлж байна. Гэвч эцсийн эцэст энэ эмийг авах уу, үгүй юу гэдэг нь иргэн таны л сонголт.

Баримт эрэн сурвалжлах нэвтрүүлгийн баг
Нийтэлсэн: Монголын радиогийн Улс төр, хууль зүйн редакци

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.