Тэмбүү (Syphilis, Lues)

Тэмбүү (Syphilis, Lues) өвчин нь архаг, даамжрах явцтай, цайвар трепонемаар үүсгэгддэг, хүний биеийн бүх эрхтэн системийг (арьс, салст, дотор эрхтэн, мэдрэлийн систем ба тулгуур хөдөлгөөний эрхтнүүд ) гэмтээдэг урагт дамжин халдварладаг бэлгийн замын халдварт өвчин юм.

14518238_10155205030129045_892418876_n

Тэмбүү өвчин яаж халдварладаг вэ?
Тэмбүү өвчин цайвар спирохет нянгаар үүсгэгддэг.

1. Тэмбүү өвчтэй хүнтэй хамгаалалтгүй бэлгийн хавьталд орох (Үтрээ, ам, хошногоор бэлгийн хавьталд орох үед )
2. Халдварлагдсан цус, цусан бүтээгдэхүүн, зүү тариураар халдвар дамжих
3. Халдвартай жирэмсэн эмэгтэйгээс урагт дамжих

Тэмбүү өвчний үед ямар шинж тэмдэг илрэх вэ?

Халдвар авсанаас хойш дунджаар 3-4 долоо хоногт ямар нэг шинж тэмдэг илрэхгүй. Үүнийг халдварын нууц хугацаа гэнэ.
Тэмбүү өвчний 1 үе (1-3 сар үргэлжилнэ)

1. Нууц хугацааны дараа анхны шинж тэмдэг болох тэмбүүгийн хатуу яр гарах
Халдвар анх орсон газар буюу ихэвчлэн бэлэг эрхтэн дээр (амаар бэлгийн хавьталд орох үед халдвар авсан тохиолдолд уруул, амны хөндийн салстад,) өвчин эмзэглэлгүй, тэмтэрч үзэхэд хатуувтар тогтоцтой, зууван дугуй хэлбэртэй шарх үүснэ. Хатуу яр эмэгтэйчүүдэд нүдэнд ил харагдахгүй үтрээ, умайн хүзүү зэрэг газар гарч болох тул анзаарахгүй өнгөрөөх тохиолдол байдаг. Эмчилгээ хийлгээгүй ч гэсэн хатуу яр нь аяндаа алга болдог.

2. Шархны ойролцоох тунгалагийн булчирхай томрох
Шарх гарснаас хойш ойролцоогоор 7 хоногийн дараа шархны ойролцоох тунгалагийн булчирхай буюу ихэвчлэн цавьны булчирхай томорно. Томорсон булчирхайг тэмтэрч үзэхэд өвчин эмзэглэлгүй, хатуувтар, орчны эдтэйгээ наалдаагүй, хөдөлгөөнтэй байна.

Эмчилгээ хийлгээгүй тохиолдолд тэмбүү өвчний 2-р үед шилжинэ. (2-5 жил үргэлжилнэ)
Хатуу яр гарснаас хойш 6-8 долоо хоногийн дараа арьс, салстаар тууралт гарах шинжээр илэрнэ.

1. Арьс, салстаар тархмал тууралт гарах
Биеэр болон мөчдөөр толбот, гүвдрүүт, идээт цэврүүт тууралт гарах ба тууралт нь загатнаа, эмзэглэлгүй байдгаараа онцлог юм.
2. Үс унах, хэсэг газарт арьс цайх шинж илрэх

Эмчилгээ хийлгээгүй тохиолдолд тэмбүү өвчний 3-р үед шилжинэ. (5-50 жил үргэлжилнэ)
1. Арьс салстад гүн байрласан товруу, зангилаа зэрэг тууралт гарах
Арьс салстаар гарсан тууралт нь ямар нэг зовиургүй байх ба эдгэрэхдээ хатингаршсан сорви үлдээдэг.
2. Дотор эрхтэн, мэдрэлийн системд гүнзгий өөрчлөлт илрэх, яс, үе мөчийг гэмтээх
Ихэвчлэн зүрх судас, мэдрэлийн тогтолцоог гэмтээх ба элэг, уушиг, бөөр, ходоод гэдэс, яс, үе мөчийг гэмтээдэг.

Тэмбүү өвчний халдвар авснаа яаж мэдэх вэ?

Дээрх шинж тэмдгүүд тодорхой хугацаанд гараад эмчилгээ хийгээгүй байсан ч аяндаа арилж “шинж тэмдэггүй далд хэлбэр”-ээр удаан үргэлжилдэг тул тэмбүү илрүүлэх шинжилгээ хийлгэх хэрэгтэй.
Шинжилгээг судаснаас цус авч хийнэ.
Шинжилгээний хариу “сөрөг” гарах нь халдваргүй, “эерэг” гарах нь халдвартайг заадаг.

Тэмбүү өвчин эмчлэгддэг үү?

Эмчилгээг бэлгийн хавьтагчийн хамт хийвэл бүрэн эдгэрдэг.
Эмчилгээ хийгдэж байхад бэлгийн хавьталд орохгүй, согтууруулах ундаа хэрэглэхгүй байх нь чухал.
Эмчилгээ дууссаны дараа 3 сар тутамд хяналтын шинжилгээ өгч 2 жилийн хугацаанд эмчийн хяналтанд байх хэрэгтэй. Бүх жирэмсэн эмэгтэйчүүд жирэмсний хяналтанд анх удаа орохдоо болон 28-32 долоо хоногтойд тэмбүү илрүүлэх шинжилгээг өгнө. Хэрэв жирэмсэн эмэгтэй тэмбүү өвчтэй оношлогдвол эрт хугацаанд, цаг алдалгүй эмчилгээ хийсэн тохиолдолд хүүхэд эрүүл төрөх боломжтой.

Төрөлхийн тэмбүү өвчин
Тэмбүү өвчтэй эхээс урагт дамжсан халдварыг төрөлхийн тэмбүү өвчин гэнэ.
Төрөлхийн тэмбүү өвчин яаж халдварладаг вэ?
Тэмбүү өвчтэй эхээс урагт халдвар дамжина.

Ангилал:
• Эрт илэрсэн төрөлхийн тэмбүү (0-2 нас)
• Хожуу илэрсэн төрөлхийн тэмбүү (2-оос дээш нас )

Эрт илэрсэн төрөлхийн тэмбүү өвчний үед ямар шинж тэмдэг илрэх вэ?

Ургийн тэмбүү:

Эрт үеийн төрөлхийн тэмбүү өвчний үеийн өөрчлөлтүүд жирэмсний 5 сартайгаас эхлэн илэрдэг. Төрсөн хүүхэд нь ихэвчлэн амьгүй төрдөг, амьд төрвөл амьдрах чадвар муутай. Учир нь тэмбүүгийн үүсгэгч цусаар тархаж эд эрхтэнд (элэг, дэлүү, уушиг, бөөр, бөөрний дээд булчирхай, нойр булчирхай, өнчин тархи) гүнзгий өөрчлөлт өгсөн байдаг. Ураг жижиг хэмжээтэй, жин багатай. Элэг, дэлүү, уушиг, бөөр, бөөрний дээд булчирхай, нойр булчирхай, өнчин тархинд өөрчлөлт гарсан байдаг. Амьгүй төрсөн хүүхдийн арьс ялзарсан, арьсны гадаргуу хөвсийсөн байдаг.
Хөхүүл насны тэмбүү өвчин
o Тэмбүүгийн цэврүүтэлт: Арьс, салст, дотор эрхтэн, мэдрэл, ясны талаас өөрчлөлт гарна. Гарын алга, хөлийн ул, мөчдийн нугалах гадаргуу хэсгээр цэврүүт тууралт гарна.
o Хамрын шуухитнаа: Хүүхэд төрсний дараах 2-6 долоо дахь хоногт илэрнэ.
Хамрын салст бүрхэвчинд нэвчдэс үүсч, амьсгалахад саадтай болно.
Хөхөө хөхөхдөө амаараа амьсгална.
o Түгээмэл гүвдрүүн нэвчдэс: Нярайн 8-10 хоногт алга, ул, өгзөг, уруул, хөмсөгний дээгүүр байрлана. Нэвчдэс эхлээд тус тусдаа хөхөлбөр өнгөтэй байснаа нийлж хатуурдаг.
o Паррогийн хуурамч саа гэсэн шинж тэмдгээр илэрнэ. Хүүхэд албадмал байрлалд орж мөчдийн хэвийн хөдөлгөөн алдагдана. Гар хөлөө хөдөлгөхөд өвдөлт өгч уйлна.
Бага насны төрөлхийн тэмбүү
o Хүүхдийн өсөлт хөгжилтийн хоцрогдол
o Олдмол тэмбүүгийн 2-р үеийн шинж тэмдгээр илэрнэ.
o Бэлэг эрхтэн, өгзөг, хошногоны амсар том нугалаастай хэсэгт хавтгай гүвдрүү гарна.
o Үс голомтолж эсвэл тархмал байдлаар унана.

Хожуу илэрсэн төрөлхийн тэмбүү өвчин
Төрснөөс хойш 2-30 жилийн дараа илэрнэ.
Хожуу илэрсэн төрөлхийн тэмбүү өвчний үед ямар шинж тэмдэг илрэх вэ?

Үнэн магадтай шинж тэмдэг

Нүдний эвэрлэгийн үрэвсэл: Нүдний эвэрлэгийн ирмэг дагуу саарал бүдэгшил үүсч, нулимс гоожино, гэрлээс айна.
Өвөрмөц лабиринтит: Сонсголын мэдрэл гэмтэж чих шуугина, толгой эргэнэ.
Гетчинсоны шүд: Дээд үүдэн шүдний таслах гадаргуу тал сар хэлбэртэй сэтэрч, богиносож өргөснө.

Болзошгүй шинж тэмдэг

Ясны тогтолцооны талаас:
o Сэлэм хэлбэрийн шилбэ: Шилбэний яс өргөсөн, урагш тахийна.
o Өгзөг хэлбэрийн гавал: Гавлын яс овойж, дундуураа ховил үүснэ.
o Эмээл хэлбэрийн хамар: Хамрын таславч гэмтэж, хамар доош сууна.
o Арьсны талаас ам тойрсон цацраг хэлбэрийн сорви илэрнэ.
o Арьс, салст, эд эрхтэнд товруут ба зангилаат тууралт гарна.

Төрөлхийн тэмбүү өвчнөөс хэрхэн сэргийлэх вэ?

• Жирэмсэн эмэгтэйчүүд жирэмсний хяналтанд эрт орж, тэмбүү илрүүлэх шинжилгээнд хамрагдаж байх
• Жирэмсний үеийн халдварыг эрт илрүүлж бүрэн эмчлэх, хянах
• Халдвартай төрсөн нярайд цаг алдалгүй үзлэг, шинжилгээ хийж урьдчилан сэргийлэх эмчилгээ хийх, хянах

About the Author

has written 21123 posts on this blog.

Write a Comment

Gravatars are small images that can show your personality. You can get your gravatar for free today!

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Cekc.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Copyright © 2017 Секс.мн. All rights reserved.
Proudly powered by WordPress. Developed by Deluxe Themes