СИНГЛҮҮДЭД зориулав


Баяр, гунигаа хуваалцах хостой байх хэдий сайхан ч ганц бие байна гэдэг бүр илүү сайхан гэвэл та итгэх үү. Гэхдээ энэ бол зөвхөн танаас л шалтгаална. Учир нь таны амьдрал таны л гарт бий. Хамаг сайн хүмүүс шилэгдчихлээ, нас минь явлаа гэж яарахдаа буруу хүнтэйгээ нийлж насаараа зовсноос өөрт тохирох хүнээ олтлоо ганц бие амьдралдаа сэтгэл хангалуун яваарай.

14518238_10155205030129045_892418876_n

Мэдээж танд сэтгэл санаагаар унаж, ганцаардаж, өөртөө гутрах үе гаралгүй яах вэ. Харин тэр үедээ зөвхөн эерэг зүйл дээр төвлөрч, өөрийгөө цэнэглэж байгаарай. Ганц бие байх хугацаа бол таны өөрийгөө хайрлаж сурах боломж юм. Хүн өөрөөсөө илүү өрөөлийг хайрлавал зовдог юм. Гэхдээ энэ нь хэт их эго өндөртэй байж, өөрийгөө бусдаас байнга дээгүүрт тавина гэсэн үг биш. Мэдээж аливаа юмны тун хэтрэхээрээ хор болдог хойно. Та өөрийгөө тань, өөрийнхөө дуртай зүйлийг ол, өөрийгөө сонс.

Жишээ нь миний хийх дуртай зүйл юу вэ, би алжаалаа яаж тайлдаг вэ, би эрүүл мэндээ хэр их анхаардаг вэ, миний мөрөөдөл юу вэ, би юу сурмаар байгаа вэ, одоо хийж буй ажилдаа би сэтгэл хангалуун байна уу гэх мэт асуултыг өөртөө тавиад үзээрэй. Зарим асуултын хариулт тодорхой биш байна уу. Тэгвэл та өөртэйгөө ажиллах хэрэгтэй болжээ гэсэн үг.

Ингээд ганц бие байхдаа амжуулах зургаан чухал зүйлсийг хүргэе.

1 Өөрийгөө хөгжүүл
Гэрлэсэн эсвэл хостой хүмүүстэй харьцуулахад танд өөртөө зориулах илүү их цаг зав бий. Энэ сул цагийг ашиглах хамгийн шилдэг арга бол сурах. Хүн тасралтгүй сурч, хөгжиж байх хэрэгтэй. Шинэ хэл, шинэ мэргэжил, дуу, бүжиг гээд юу ч сурж болно. Магадгүй та өөрийн шинэ хоббигоо олж нээх ч юм билүү.

2 Аялалд яв
Заавал гадагшаа явж галуу шувууны мах идэх биш дотооддоо ч аялаж болно шүү дээ. Өвөл, хүйтэн зэргээс бүү ай. Ер нь л ганц бие хүмүүст илүү их боломж байдаг. Ганцаараа аялах эвгүй санагдаж байвал хүсэл зорилго нэгтэй хүрээлэл бий болгоод хамт аялаж байгаарай. Суусан цэцнээс явсан тэнэг дээр гэдэг байх аа.

3 Гэр бүлдээ цаг зарцуул
Биднийг нэг нас нэмж амьдралд хатуужихын хэрээр эцэг эх хоёр минь хөгширч байдаг гэхээр гунигтай. Хүнтэй суусан хойноо хэдий их хүсэл байвч тэднийгээ байнга халамжилж чадахгүй. Ээжийгээ болзоонд урьж хамт гадуур яв. Аавтайгаа аялалд гарч амьдралын туршлагаас нь сонс. Тэр хоёрт ч тан шиг ганц бие явсан үе байгаа, зөвлөгөө авсан ч болно. Дараа нь харамсахгүйн тулд эцэг эх хоёроо тултал нь хайрлаарай.

4 Хуримтлал үүсгэ
Мөнгө бүхнийг худалдаж авч чадахгүй ч мөнгөөр бид өчнөөн сайхан зүйл худалдаж авч болно. Тиймээс хугацаатай хадгаламж нээгээд мөнгөө хуримтлуул. Амьдралд гэнэтийн зүйл их, мөнгөний хэрэгцээ гарч л таарна. Хүссэн аялал, сайхан байшин, хүүхдийнхээ ирээдүй гэх мэт зүйлсдээ өнөөдрөөс бэлтгэж мөнгөө хадгалаарай.

5 Болзоонд яв
Насаараа ганц бие явмааргүй байгаа бол таалагдсан хүнээ болзоонд урих зоригтой бай. Шинэ хүмүүстэй танилц. Танихгүй хүн гэдэг цоо шинэ ертөнц. Хэрэв таалагдахгүй бол тухайн хүнийхээ ч, өөрийнхөө ч цаг мөнгийг үрэлгүй шулуухан хэл. Хэдий гадаад үзэмж нь танд таалагддаг байсан ч ярилцаад үзэхэд үзэл бодол нь тантай нийцэхгүй бол сэтгэлийг тань татаж чадахгүй шүү дээ. Эсрэг хүйсний хүнээс юу хүсдэгээ олж мэд.

6 Эрүүл мэнддээ анхаар
Танд ганц л бие заяасан. Эрүүл мэндийн үзлэгт тогтмол хамрагдаж, эрүүл хооллож, дасгал хөдөлгөөн хий. Хорт зуршилтай бол хаях гээд оролдоод үзээрэй. Эрүүл л байвал бид баян шүү дээ.

Бид болохгүй зүйлийг болгох гэж хүчилдэгээс болж зовдог. Бүтэхгүй хайрыг явуулж, аз жаргалгүй гэрлэлтийг цуцлахаас битгий айгаарай. Ганц олдох амьдралдаа та мөнх зовох гэж ирээгүй юм шүү. Амьдрал бол баялаг. Бидэнд тохирох хүмүүсийг бэлдчихсэн л байгаа. Ганц бие амьдралаа цэглэх гэж яаралгүй, гэрлэлт хэмээх хариуцлагыг бүрэн ухамсарлах хүртлээ өөрийгөө бэлдээрэй.

Жич: Маргааш болох дурлалт хосуудын баяраар шоколад хэн нэгнээс авсангүй гэж эморхын оронд зүгээр л дэлгүүр ороод өөрөө аваад идчих. Амьдралыг битгий хэцүү болгоорой.

2 Comments

  1. crystal says:

    hahaha manaach gej yag unen shu, bi single hediich neg manaachtai ter ni manai eej ; ) aimaar shu, nuhurtei huuhen shig harduulna da harin ch neg : (

  2. дин дон says:

    Би синглчүүдэд аймаар атаархдаг блаа. Одоо бол 2-манаачтай ххэ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.