”Алчууртай захидал”


Бүсгүй нүүрээ алгаараа таглан чимээгүй мэгшиж байна. Би яаж дөхөхөө мэдэхгүй, дэмий л сууж байгаа саравчыг нь тойроод зогтуслаа. Уйлж байгаа хүнд ойртоход ийм хэцүү байдаг гэж мэдсэнгүй. Урьд нь би олон хүнийг уйлуулж байсан нь үнэн.

14518826_10155205107529045_564542178_n

“Эр хүний нулимс үзсэн хүн жаргадаггүй юм” гэж эмээ минь үе үе л эрхиэ эргүүлж маань мэгзэм уншаад өнөөхөөрөө адис өгнө. Би түсхийтэл инээд алдаж “эмээ одоо бурхан багш уу” гээд л гарч одно. Ийм том нүд уйлвал их том нулимс унана даа гэж хайр гуйн цавчлах нулимстай хар сормуусыг хайнгахан хараад өнгөрдөг байж..

Харин тийм олон нүдийг уйлуулж байсан намайг ганц л хүн уйлуулаад одсон юм. Хувин хувингаар цутгах шиг усан борооны дараах нэгэн үдэш газарт буусан мананг нэвтлэн аажуухан алхсаар дэргэд ирээд “одоо зүгээр л сайхан найзууд хэвээр үлдье дээ” гэчихээд мөн л манан дундуур уусах мэт аажуухан алхсаар алга болсон юм. Хөшиг мэт тэр манангийн цаана түүнийг минь хүлээж байсан том шүхэртэй , цааш алхахад нь цагаан алчуур нь үл мэдэг дэрвэж байсан тэр бүсгүй одоо жаргалтай байгаа болов уу…

Хэд хоногийн өмнө сонсохнээ тэр сүй тавих гэж байгаа гэсэн. Миний л зүүх ёстой сүйн бөгж ямар азтай бүсгүйн хуруунд адтайгаар гялалзаж байгаа бол. Миний л үнсэж сэрээх уруул ямархан хүний уруулын тамгатай болоо бол. Хамгийн анх миний бэлэглэсэн хар судалтай зангиаг одоо зүүдэг болов уу…

Цонхоор урсах мэт орж ирэх хаврын зөөлөн салхи хараахан унтраагүй дурлалын цогийг өдөөн асаах мэт миний оронд баяр хөөртэйгээр инээж яваа тэр азтай сүйт бүсгүйг харах адын бодол хоромхон ч зүгээр суулгасангүй. Харлаа гээд яах юм бэ дэмий л сэтгэлээ сэмлэхийн нэмэр гэж бодсон хэрнээ өөрийн эрхгүй цүнхээ шүүрэн гарсан байлаа.

Нимгэн цагаан хүзүүний алчуур нь сандал дээрээс гулсан унаж хийсэх аядахад арайхийн нэг уулзах шалтаг олсон би ухасхийн гүйж очоод алчуурыг авч түүнд ойртлоо. Цав цагаан тэр алчуур бороонд норсон юм шиг л шал нойтон. Хүн бас ийм их уйлдаг байжээ.

Намайг дөхөж очихыг мэдсэн тэр мөрөө чичрүүлэн мэгшихээ болиод шанхныхаа үсийг хойш илбэн толгой дохиж байна. Тав юм уу зургаан сартай жирэмсэн бололтой дэргэдээс нь анзаарвал хэвлий нь нэлээд томорчээ.

Тэгснээ алгаараа нүүрээ арчин огт уйлж байгаагүй юм шиг тунгалаг инээмсэглэл нүүрэндээ тодруулаад “гадаа гоё байна шүү тээ, хавар болоод” гэв. Миний өнөөх сүйт бүсгүйг нь харах гэсэн адын бодол замхран одож сэтгэл минь аль хэдийнээ түүний шөнийн тэнгис шиг гүн хар нүдний нулимсан дотор амь тэмцэн живж байлаа.

“Харин тиймээ, хавар болж байна, ийм сайхан цагаар яагаад уйлж суугаа юм бэ, адилхан эмэгтэй хүмүүс байна даа, надад хэлээч дээ” гэж аргадан асуулаа.

“Өчигдөр сүй тавих өдөр байлаа л даа, гэтэл нөхөр болох залуу маань ирээгүйгээр барахгүй ийм зурвас хаалганы гадна үлдээсэн байна” гээд гар нь ялимгүй чичрэн халааснаасаа үрчийж базагдсан цаас гаргаж ирлээ. Тохой залган суусан цагаасаа эхлэн танил болсон түүний бичгийн хэв яг л хэвээрээ. “одоо зүгээр л сайхан найзууд хэвээр үлдье дээ” гэж яаруухан бичжээ.

Бүсгүй үг хэлэх гэснээ болиод ахиад л мэгшив. Үнэндээ би юу гэж хэлэхээ мэдэхгүй байлаа. Аргадах олигтойхон үг ч олдсонгүй. Зүгээр л надаас туранхай биетэй турьхан түүнийг энгэртээ тэврээд уйлж тайтгартал нь хүлээсэн юм. Нэгэн сэтгэл нь онгойсон бүсгүйд би өдрйин тэмдэглэлийнхээ хуудас бүхэн дээр бичдэг нууц үгээ аяархан хэлээд гараа даллан хоцорлоо. Бүсгүй баяртайгаар эргэн эргэн харсаар цагаан цувных нь хормой дэрвэж булан тойроход цээжин дотор хүндээс хүнд зангуугаа хаясан нэгэн хөлөг онгоц өөр зүгт хөвж эхлэв. Тэр алчуураа надаас авахаа мартчихаж. Миний гарт нулимс дүүрэн цагаан алчуур ирээдүйгээс надад илгээсэн захидал мэт атгаастай байна.

Булан тойроод одсон тэр бүсгүй миний ирээдүй байх байсан юм бол харин миний өнгөрсөн цаг тэр ойролцоох цэцэрлэгийн модон дор дурлалт залуутайгаа тэврэлдэн зогсож байна. Урт буржгар үстэй намхаан бор охиныг тэврэн зогсож байгаа тэр залуу хэзээ ч салахгүй юм шиг чангаас чанга тэвэрдэгийг нь, хэзээ ч холдохгүй юм шиг гараас атгаад алхдагийг нь би мэднэ ээ.

Учирсан түүнийг нь надаас илүү хайрлаарай бурхан минь

Уйлж суусан тэр бүсгүйд итгэл хайрлаарай амьдрал минь

Б.Болормаа “Алчууртай захидал” өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.