Мэдрэлийн болон харааны тэмбүүгээр өвчлөгсөдийн тоо нэмэгдэж байна

1921 оны буюу хувьсгал ялсан эхний жилээс Монгол Улс тэмбүү өвчинтэй тэмцсээр ирсэн ч өдгөөг хүртэл ор мөргүй устгаж чадаагүй бөгөөд харин ч өвчлөл нэмэгдэж хүрээгээ тэлсээр байна. “Улаан тарианы үедээ эргэн очлоо, улаан тариа ч дарж чадахгүйд хүрнэ, улс орон сүйдлээ” зэрэг сөрөг мэдээлэл олонтаа цацагдах юм.

Сөрөг мэдээлэл их байх тусам сөрөг үйлдэл олон гардаг гэдгийг иргэд мэдэхэд илүүдэхгүй болов уу.

Тэмбүүг ДОХ-ын дүү гэж нэрлэдэг. Гэхдээ энэ өвчин бэлгийн замаар буюу цусаар дамждаг халдвар ч бүрэн эдгэрдэг өвчин. 2016 оны байдлаар бэлгийн замын халдварт өвчин 14964 тохиолдол бүртгэгдсэн. Үүнээс 41,1 хувийг нь тэмбүү тэргүүлж, 29 хувийг нь заг хүйтэн, 29 трихомонимз өвчин эзэлж байна.

Сүүлийн гурван жил тэмбүү өвчний халдвар өссөн үзүүлэлттэй байгаа юм. Үүнийг дагаад төрөлхийн тэмбүүтэй хүүхдийн тоо ч өссөн нь мэргэжлийн эмч нарын санааг ихэд зовоож байна. Уг нь энэхүү өвчнийг эрүүл мэндийн салбарынхан эмчлэх, устгах бүрэн боломжтой гэж хэлдэг ч иргэдийн эрүүл мэндийн боловсрол, бэлгийн замбараагүй харилцаанаас шалтгаалан оршин тогтносоор өдгөө аюулын хэмжээнд хүрлээ хэмээн учирлаж байгаа юм. Түүнээс гадна манайхан дунд “Өвчин хэлж ирдэггүй хийсч ирдэг” гэсэн буруу өрөөсгөл ойлголт байгаад байгаа юм.

Бэлгийн замын халдварт өвчин хэлж ирдэг хэрэг үү, үгүй шүү дээ, бэлгийн замбараагүй явдлаас болж хувь хүн та бие эрхтэн, эрүүл мэнд цаашлаад хорвоод мэндлэх эрүүл саруул үрсийнхээ ирээдүйд том хорын үндэсийг тавьж, үрийг цацаж яваадаа харамсдаг бас халагладаг байгаасай. Тэмбүү өвчнөөр одоогоос гурван жилийн өмнө жилд 700-800 хүн оношлогддог байсан бол сүүлийн хоёр жилд 5000 хүн болтлоо тоо нь огцом өсчээ. Эдгээр хүмүүсийн цаана мөн тооны, түүнээс ч олон хүн бэлгийн хавьталд орж, далд хэлбэрээр тэмбүү өвчнийг тээдэг байна. Тэгэхээр тэмбүү нь Монгол Улсын хүн амын аюулгүй байдалд заналхийлж байгааг харуулж байгаа юм.

Бэлгийн замын халдварт өвчнөөр өвчлөгдсийн 99 хувь нь насанд хүрсэн хүмүүс байдаг аж. Тэдгээрийг насны хувьд ангилвал 15-50 насныхан байдаг бол нэг орчим хувийг эхээс төрж буй нярай хүүхэд эзэлж байна. Тухайлбал, өнгөрсөн 2014 онд 32 тохиолдол, 2015 онд 52 хүүхэд эхээс мэндлэхдээ төрөлхийн тэмбүү өвчтэй төржээ. Үүний 30 нь Улаанбаатарт, 22 хүүхэд нь хөдөө, орон нутагт мэндэлсэн байна. Харин тэмбүү өвчнийг тээж төрсөн 13 хүүхэд нь төрснийхөө дараа нас барсан гэх харамсалтай тоо баримт бий.

Тэгвэл өнгөрсөн 2016 онд төрөлхийн тэмбүүгийн 42 тохиолдол бүртгэгдсэн. Үүнээс төрөлхийн тэмбүүгийн халдвартай 15 нярай амьдарч чадалгүй нас баржээ. Улаанбаатарт 25 тохиолдол, орон нутагт 17 тохиолдол бүртгэгдсэн байдаг. Тэмбүү өвчин урагт нөлөөлж, амьдрах чадварыг үгүй хийдэг төдийгүй эхээс төрөхөөсөө өмнө амьгүй болох явдал их байдаг аж. Тэмбүү өвчин нь хүний гол, гол эрхтэн системыг өвчлүүлж, аажмаар бүх эрхтэнг иддэг байна. Ийнхүү хүний биед чимээгүй оршин тогтнож чаддаг “тахал” юм.

Уг өвчин нь архаг удаан явцтай, олон эрхтэнг гэмтээдэг, жирэмсэн эхээс хүүхдэд дамжиж болдог бэлгийн замаар дамжих халдвар гэдгийг тодотгож байна. Жилд 87 мянган ээж амаржиж байгаагаас 2-3 хувь тэмбүүтэйгээр оношлогдож байна гэхээр бараг л 2000-3000 мянган жирэмсэн эх тэмбүүтэй байна гэсэн үг. Гэхдээ цаг алдалгүй эмнэлэгт оношлуулж байгаа болохоор эмнэлгийн зүгээс чадах зүйлсээ сайн хийж байна. Жилд 2000-3000 тэмбүүтэй хүүхэд төрөөгүй байхгүй юу. Одоо эмч нарын ганц хийж чадахгүй байгаа зүйл гэвэл уулын мухарт хэвтэж байгаа жирэмсэн эмэгтэйг хяналтанд оруулж чадахгүй дийлэхгүй байна.

Хяналтанд оруулах бүх л арга чаргыг хэрэглэж байна. Бүр хяналтанд орвол жирэмсэний мөнгө ч өгнө гэж халамжийн байгууллага амлаж байна. Гэвч өөрийн ухамсар үүргээрээ эмнэлэгтээ ирэхгүй байгаа жирэмсэн эхчүүд л халдвартай тээсэн хамгийн аюултай байгаа юм. Түүнээс гадна төрөлхийн тэмбүүтэй хүүхэд төрүүлсэн ээжүүдийн 70 орчим хувь нь амьдралын түвшин тааруу хүмүүс байдаг аж. Тэгэхээр хүмүүсийн сэтгэхүй хандлагыг өөрчлөх хэрэгтэй байгаа биз. Хэрвээ тэмбүүгийн халдвартайгаа эрт мэдсэн бол үнэ төлбөргүй эмчилгээг нэн даруй сайн хийлгэх хэрэгтэй.

Манай улсын эмнэлгүүд эмчилгээг үнэгүй хийдэг. Эрт үед оношлогдож эмчлүүлсэн тохиолдолд хүүхэд эрүүл төрөх боломжтой гэдгийг ХӨСҮТ-ийн ДОХ, БЗХӨ тандалт судалгааны албаны их эмч М.Тунгалаг ярьсан. Хамгийн гол нь жирэмсэн ээж ганцаараа эмчлүүлэхдээ биш гэрт байгаа аав ч давхар эмчилгээ хийлгэх шаардлагатай. Эмчилгээний хувьд 20 хувь нь эмнэлгээс шалтгаалж үлдсэн 80 хувь өөрөөс нь шалтгаална гэж үздэг аж. Түүнээс гадна сүүлийн жилүүдэд мэдрэлийн болон харааны тэмбүүгээр өвчлөгсдийн тоо нэмэгдэж байна.

Мэдрэлийн гэдэг нь мэдрэлийн бүх тогтолцоонд нөлөөлж, эд эрхтэнүүдийг идэж устгах аюултай байдаг бол харааны тэмбүү нь гэдэг нь хараа огцом муудах, нүд бүрэлцэх мөн мэдрэлийн бүх эрхтэн системд нөлөөлөх аюултай байдаг гэдгийг мэргэжлийн эмч нар онцолж байв.

О.Сайхан

3 Comments

  1. сссс says:

    Би саяхан найз охинтойгоо унтсан харин өчигдөрөөс эхлээд эрхтэн дээр маань яр шиг улаан юм гарчихсан бх юм 

  2. kkkk says:

    haraani tembuu gj ym be

  3. Лол says:

    Тэмбүү эдгэдгүй юм бишүү. Хүнтэй секс хийхээс ч айх юм

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.