Сэтгэл гутралын үед ямар шинж тэмдэг илрэх вэ

Сэтгэл санаа тавгүй болох, сэтгэлээр унах, гутрах нь хүн болгонд үүсч болдог сэтгэл хөдлөлийн мэдрэмжүүдийн нэг юм. Уйтгар гуниг гашуудал нь хүний амьдралд тохиолдох хэвийн бөгөөд түр зуурын хариу урвал юм.

Сэтгэлийн гутрал нь хоёр долоо хоног болон түүнээс дээш хугацаагаар үргэлжилбэл сэтгэл гутралын эмгэгт хүргэж болдог. Сэтгэл гутрал нь залхуу, сул дорой гэсэн үг биш. Харин энэ нь даралт ихсэх, чихрийн шижин, үе мөчний өвчинтэй адил тусламж шаардлагатай өвчин юм. Энэ нь аль ч насны хүмүүст тохиолдож болдог.

Сэтгэл гутралын үед дараах шинж тэмдгүүд илэрнэ.

Сэтгэцийн талаас

  • Гуньж гутрах, ирээдүйгээ гутранги бодлоор төсөөлөх
  • Амьдралын баяр баясгалан үгүй болох
  • Сэтгэл бухимдаж, уур уцаартай болох
  • Ганцаардах, бүх зүйлд сонирхолгүй, идэвхгүй байдлаар хандах
  • Хүсэж сонирхдог зүйлдээ дургүй, таашаал авахгүй болох
  • Анхаарал төвлөрөхгүй байх, идэвхи сонирхолгүй болох
  • Өөрийгөө буруутгаж дорд үзэх
  • Амьдрал утгагүй юм шиг санагдах, ингэж амьдрах ч гэж дээ гэж бодогдох
  • Нойргүйдэх, өнгөц нойртой болох, хар дарах

Биеийн талаас

  • Амархан ядрах, бие сульдах
  • Зүрх дэлсэх, өтгөн хатах, арьс хуурайших
  • Хоолны дур, биеийн жин буурах
  • Тодорхой шалтгаангүй бие өвдөж шаналах
  • Толгой өвдөх, толгой эргэх
  • Ходоод гэдэсний хямрал
  • Бэлгийн дур буурах, үгүй болох
  • Эмэгтэйчүүдэд сарын тэмдгийн алдагдал, сарын тэмдэг өвдөлттэй ирэх
  • Цусны даралт хэлбэлзэх

Ийм үед та өөрөө юу хийх ёстой вэ?

  • Хэрэв та муу мэдээ сонсох амьдралдаа сэтгэл ханамжгүй байвал түүнийгээ дотроо бүү хадгал, ойр дотны хүндээ ярихыг хичээгээрэй
  • Хэт хэцүү зорилго урдаа бүү тавь
  • Ямар нэг зүйл хий. Дасгал хийхээр гадагшаа гарч, явган алхаж, спортоор хичээллээрэй
  • Стресс тайлах энгийн ур чадварт суралцаарай
  • Хэдий юм идэх сонирхолгүй байсан ч гэсэн чанартай сайн хоол идэх гэж хичээгээрэй
  • Согтууруулах ундаанаас аль болох татгалзаарай. Архи сэтгэлийн гутралыг түр зуур тайтгаруулах боловч архины хэрэглээг ихэсгэж архинд донтох эмгэгийн суурийг тавьж, архи уусны маргааш сэтгэл гутрал улам гүнзгийрдгийг санаарай.
  • Танд дээрх шинжүүд удаан хугацаагаар /14 хоногоос дээш/ байнга, тогтвортой илэрч байвал сэтгэцийн нарийн мэргэжлийн эмчид хандаарай.

Эх сурвалж: http://ncmh.gov.mn

1 Comment

  1. Баяр says:

    За баярлалаа. Би чинь сэтгэл гутралд орчоод яваад байсан байна шдээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.