Сэтгэл засал ба сэтгэл зүйч

Хүний амьдрал ямар байх нь өөртөө болон орчин тойронодоо хэрхэн харьцаж байгаагаас ихээхэн шалтгаалдаг гэдгийг хүн болгон мэддэг гэвэл нэг их хэтрүүлэг болох байх. Ухаалаг бөгөөд өөрийгөө шоолж чаддаг хүн, өөрөө ч ухамсарлахгүй байгаа дотоод сэтгэлийнхээ гүнд эхэлсэн ажил нь бүтэлтэй байна гэдгтээ итгэлтэй байдаг.

Өөрөө ч ухамсарлахгүй байгаа тэр итгэл нь оюун ухааны өндөр чадвар, мэргэшил, эсвэл ажиллах чадвар, бусадтай ойлголцох авьяас чинь эрт орой нэгэн цагт зорьсон зорилгод чинь хүргэнэ, ингэх нь гарцаагүй гэж хэлж байдаг. Магадгүй ээж, эсвэл аав нь багад нь ингэж хэлж байсан байж болох ч хүн өөрөө аль хэдийн мартчихсан байгаа. Гэхдээ ийм хүн алдаа гаргалаа ч бухимдаж, уцаарлалгүйгээр нөхцөл байдалдаа дүгнэлт хийж, засвар оруулаад цааш урагшилна. Ийм хүнд сэтгэл зүйчийн тусламж, зөвлөгөө хэрэггүй.

Гэвч ийм хад чулуу шиг хөдлөшгүй итгэлтэй хүмүүс хуруу дарам цөөн байдагт хэргийн гол нь оршиж байгаа юм.

Дийлэнх хүмүүс үнэн чанартаа хаврын тэнгэр шиг хувирамтгай байдаг. Ажил үйлс бүтэмжтэй үед өөдрөг, шинэ бодол санаагаар дүүрэн явна. Гэвч нөхцөл байдал таагүй тал руу өөрчлөгдөж эхэлмэгц эргэлзээ түгшүүрт автаж, заримдаа ухаанаа алдалтлаа айдаст автдаг.

Айдас нь “уул шугамандаа” амь нас, эрүүл мэндэд хор хүргэхүйц аюул байгааг анхааруулсан дохио. Гэвч бодит шалтгаан үндэслэлгүй айдас нь тун ч хортой зүйл, ялангуяа элдэв дүрд хувиран үнэн нүүр царайгаа далдлаад ирэхээр. Ингээд зүсээ хувилгасан айдсын нөлөөгөөр хүн хартай, зожиг, өөртөө итгэх итгэлээ алдан амжилтанд хүрэх илэрхий боломжийг алддаг. Ингэж алдасныхаа дараа өвчин туссан юм болов уу гэж бодож эхэлдэг ч үнэн хэрэг дээрээ айдаст автаад байгаагаа тэр бүр ухамсарладаггүй.

Ийм зүйл нь өөрийгөө бүтэлтэй, амжилтанд хүрэх чадвартай гэж бодож явдаг хүн таарсан бол бас ч яахав. Яаж ийж байгаад айдсаа даваад гараад ирнэ. Үүний тулд нөхцөлд байдалд нарийвчилсан шинжилгээ хийж, гаргасан алдаагаа хянаж, найз нөхдийн дэмжлэг авахд л хангалттай гэж болно.

Гэтэл эцэг, эх, амьдардаг орчин гээд үргэлж бусдын үзэл бодол, шийдвэрийг дагаж, бусдын нүдээр бодит байдлыг хардаг, харж байгаа зүйл нь 100% үнэн, тийм байх ёстиой гэдэгт огт эргэлзэж байгаагүй хүнд ийм юм зүйл тохиолдвол юу болох вэ? Хэзээ ч бусдын туслалцаагүйгээр айдсаа давж гарч чадахгүй. Ийм хүмүүст л сэтгэл зүйн тусламж, сэтгэл заслын эмчилгээ шаардлагатай.

Өөрөөр хэлбэл өөрийнхөөрөө байна гэж юу байдгийг мэддэг гэж боддог, түүгээрээ байх гэхээр амжилтанд хүрэхгүй байгаа мухардалд орсон хүмүүст сэтгэл зүйчийн тусламж, дэмжлэг хэрэгтэй. Цаашилбал, хүний өөдрөг үзэл, баталгаатай шинэ санааг эсэргүүцэн иддэг эргэлзээ, өөртөө үл итгэхийн “мангаа” гэж заавал гарч ирдэг. Энэ үед хүн үр бүтээлтэй санаандаа голлон анхаарч байна уу, эсвэл нөгөө “мангаан”-г анхаараад байна уу гэдэг нь хамгийн чухал.

Эргэлзээ, өөртөө үл итгэх байдал нь авьяаслаг, мэргэшил өндөртэй хүмүүсийг ч тойрч гардаггүй гэдгийг хэлэх хэрэгтэй. Мэдлэгтэй, ухаантай хүн өөрийнхөө айдсыг таниад ялчихаж болох юм байна гэсэн бодол төрж байж магадгүй. Ийм байсан бол “Мэддэг нь мэддэггүйдээ хэлчих” гэдэг шиг бүгд айдсаа давж гараад сэтгэл зүйн зөвлөгөө, туслалцаа үзүүлдэг сэтгэл зүйч гэдэг мэргэжил хэрэггүй болох байсан биз.

Гэтэл үнэн хэрэг дээрээ асуудлын цаана айдас нуугдаж байна гэж зүүдлэхийн ч аргагүй байдал олон байдаг. Зүгээр л ямар нэг юм хийх гэхээр нэг л болж өгөхгүй, нэг юм бариад байдаг. Юу юм бол? Сэтгэл зүйч, сэтгэл заслын эмч нь “Наадах чинь дотоод эсэргүүцэл” гэж хэлнэ.

Сэтгэл засал, сэтгэл зүйн туслажм гэдэг эндээс л эхэлнэ. Гол зорилго нь сөрөг, таагүй дурсамж, дурдатгалыг илрүүлэн залруулах. Тэр хэдийд ч юм бэ болоод өнгөрсөн тэр таагүй зүйлийн талаар аль мартсан байлаа ч айдас арилаагүй үлдээд олны өмнө гарахад өвдөг чичрэх, харанхуй газар өөрийн эрхгүй хамаг биеэ чангалах зэргээр илэрч байдаг. Засалгүй удвал шалтгаангүй айдас, түгшүүр, сэтгэл гутрал гээд таагүй зүйл олон болно.

Сэтгэл засалч, сэтгэл зүйчид нь хүний сэтгэхүйн асар их боломжийг нээж, энэ их боломжийг ашиглахад саад болж байгаа таагүй дурсамж, дурдатгалыг арилгах гэсэн нэг л ажлыг хийдэг. Гэхдээ энэ үйл явцад ямар өнцгөөс хэрхэн хандаж байгаагаараа хоорондоо ялгагддаг.

SOURCE: www.103.mn

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.