Эрэгтэй, эмэгтэй хүмүүсийг бие биед нь “баталгаатай” дурлуулах 35 асуулт

Дараах 35 асуултыг ээлжилж асуувал бие биенээ тийм ч сайн танихгүй хүмүүс ч хоорондоо дурлалцах магадлал өндөр гэдэг нь сэтгэл зүйн шинжлэх ухааны үүднээс тогтоогджээ. Яагаад?

Яагаад гэвэл эдгээр асуулт нь нөгөө хүнийхээ хувийн амьдрал руу нь хэт халдалгүйгээр, хувийнх нь орон зай руу нэвтэрч, ижил төстэй талуудаа олж харан холбогдох боломжийг олгодог аж. Энэ асуултуудын хариултыг сонссоныхоо дараа та хоёр нэг нэгнээ их эртнээс таньдаг юм шиг ойр дотно мэдрэмж төрөх болно.

35 асуултанд хариулахад ойролцоогоор 45 минут орчим шаардагдана. Аль ч асуултанд та хоёр хоёулаа хариулах ёстой шүү.

I бүлэг

1. Энэ дэлхийн бүх хүмүүсээс хэнийг нь ч хамаагүй оройн хоолонд урих боломж тохиовол хэнийг урих вэ?
2. Чи алдар нэртэй болохыг хүсдэг үү? Ямар замаар? (Юугаараа?)
3. Утсаар ярихаасаа өмнө ярих зүйлээ амандаа бэлддэг үү? Яагаад?
4. Чиний хувьд “төгс төгөлдөр өдөр” гэж ямар өдрийг хэлэх вэ? Өглөөнөөс авахуулан орой хүртэл дүрслээч…
5. Чи хамгийн сүүлд хэзээ өөртөө юм уу өөр хэн нэгэнд дуу дуулж өгсөн бэ?
6. Чамд 90 нас хүртлээ урт наслах боломж тохиожээ. Тэгэхдээ 30 наснаасаа хойш өөрийн бие махбодь, оюун ухаан хоёрынхоо аль нэгийг яг тэр хэвээр нь дараачийн 60 жилийн турш хадгалах боломжтой гэвэл алийг нь сонгох вэ?
7. Чамд өөрийнхөө яаж үхэх тухай нууц төсөөлөл бий юу?
8. Надад болон чамд нийтлэг ажиглагдаж байгаа 3 зүйлийг нэрлэнэ үү.
9. Амьдралынхаа юунд хамгийн талархалтай ханддаг вэ?
10. Өөрийнхөө өсөж торнисон цаг хугацаа, арга барил, нөхцөл байдлаас юуг нь ч хамаагүй өөрчлөх боломж тохиовол юуг нь өөрчлөх вэ?
11. 4 минутын дотор надад өөрийнхөө амьдралын түүхийн талаар аль болох дэлгэрэнгүй ярь.
12. Маргааш өглөө сэрэхэд чинь чамд бурхнаас ямар нэг ур чадвар эсвэл шинж чанарыг бэлэглэсэн байх болно гэвэл, юуг сонгох вэ?

II бүлэг

13. Нэгэн шидэт толинд чиний өөрийн тухай, амьдралын тухай бүх үнэнийг өгүүлнэ гэвэл чи түүнээс юуг мэдэхийг хүсэж, асуумаар байна?
14. Их удаан хугацааны туршид хүсэж мөрөөдөж байгаа зүйл бий юу? Түүнийгээ одоог хүртэл яагаад биелүүлээгүй вэ?
15. Чиний амьдралдаа хийж бүтээсэн хамгийн чухал зүйл юу вэ?
16. Нөхөрлөлийн юуг нь хамгийн үнэ цэнэтэй гэж боддог вэ?
17. Чиний хамгийн хайртай дурсамж юу вэ?
18. Чиний хамгийн муухай дурсамж юу вэ?
19. Нэг жилийн дараа үхнэ гэдгээ мэдвэл, одооны амьдралаасаа юуг нь ч юм өөрчлөх байсан уу?
20. Чиний хувьд нөхөрлөл гэж яг юу вэ?
21. Хайр халамж чиний амьдралд ямар байр суурийг эзэлдэг вэ?
22. Өөрийнхөө бодлоор надаас олж анзаарсан 5 эерэг зан чанарыг нэрлэнэ үү.
23. Гэр бүл чинь хоорондоо хэр ойр дотно вэ? Чиний хүүхэд нас бусад хүүхдийнхээс жаргалтай өнгөрсөн гэж чи боддог уу?
24. Ээжтэйгээ харилцах харилцаандаа яаж ханддаг вэ? Та хоёр хоорондоо ямар харьцаатай мэтээр мэдэрдэг вэ?

III бүлэг

25. “Бид 2 хоёулаа” гэсэн үгээр эхэлсэн 3 үнэн баримтыг нэрлэнэ үү. Жишээ нь, “Бид хоёр хоёулаа оюутан байхдаа ажил хийж эхэлсэн”
26. Өгүүлбэрийг гүйцээгээрэй. “Надад өөрийн … талаараа итгэлтэйгээр хуваалцаж чадах хэн нэгэн байсан ч болоосой гэж би хүсдэг”
27. Чи надтай сайн найзууд болно гэвэл, намайг юуг мэдээсэй гэж хамгийн ихээр хүсэх байсан бэ?
28. Чамд миний юу таалагдаж байна? –Дөнгөж уулзсан хүмүүсийн хувиар биш, бие биенээ тодорхой хэмжээгээр мэддэг хүмүүсийн хувиар хариулаарай.
29. Амьдралынхаа аль нэг ичгэвтэр мөчийн талаар надтай хуваалцаач?
30. Хэзээ хамгийн сүүлд хэн нэгний өмнө нулимс урсгасан бэ? Хэзээ хамгийн сүүлд ганцаараа уйлсан бэ?
31. Юуны тухай “тоглоом шоглоом” болгож болохгүй гэж боддог вэ?
32. Өнөө шөнө хэнтэй ч холбоо барих боломжгүй нөхцөлд гэнэт нөгөө ертөнц рүү явлаа гэж бодоход хэнд юуны талаар хэлээгүйдээ харамсах вэ? Яагаад энэ талаар түүнд одоог хүртэл хэлээгүй байгаа вэ?
33. Гэр чинь шатаж байна. Хайртай хүмүүс, тэжээвэр амьтдаа бүгдийг нь аварсны дараа цорын ганцхан зүйлийг аврах хугацаа үлдсэн байна. Юуг аврах вэ?
34. Гэр бүлийн чинь бүх гишүүдээс хэнийх нь үхэл чамд хамгийн хүндээр тусах вэ? Яагаад?
35. Одоогийн байдлаар өөртөө тулгараад байгаа нэг асуудлын талаар хамтрагчтайгаа хуваалц. Тэгээд хэрвээ тэр чиний оронд байсан бол үүнийг хэрхэн шийдвэрлэхийг асуугаарай.

*Бүх асуултын дараа бие биетэйгээ юу ч ярилгүйгээр 4 минутын турш ширтэлц. Энэ маш чухал хэсэг нь гэдгийг бүү мартаарай.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.