Турах хүслэн дэндээд ирэхээр…

Сонин сэтгүүл, ТВ, киноноос туранхай гоолиг биетэй одууд, моделиудыг харсаар тэдэнтэй адил туранхай, гоолиг болохыг өдөр шөнөгүй мөрөөддөг охид бүсгүйчүүд цөөнгүй. Турах гэсэн тэр хүсэл нь явсаар дон, өвчин болдог. Анорекси нэртэй энэ өвчний үеэр сэтгэц нь хүчтэй өөрчлөлт гардаг тул хүн өчүүхэн бага ч гэсэн юм идэж чадахгүй болдог төдийгүй албадаад идлээ ч идсэн зүйлээ шингээж чадахгүй болдог.

Ингэсээр яс арьс болтлоо турдаг ч толинд харах, жин дээр зогсох болгондоо арай болоогүй байна, ахиад жаахан турах хэрэгтэй, ахиад хоолоо сойх ёстой гэж өөртөө итгүүлдэг. Сэтгэцийн болон дотрын эмчийн яаралтай тусламж авч эмчлүүлэхгүй бол анорекси нь гарцаагүй үхэлд хүргэдэг. Жишээ гэвэл энэ зураг дээрх Жулия Янссен гэгч настай бүсгүй.

Тэрээр 13 настайгаасаа эхлэн анорексигээр өвдөжээ. Ойр дотных нь хүмүүс сэхээ орж бүсгүйг эмнэлэгт хэвтүүлэхэд биеийн жин нь ердөө 35 кг байсан байна.

Хоолыг үзэн ядах нь туйлдаа хүрсэн тул гэрийнхэн нь усанд тэжээлийн бодис шингээсэн байж магад гэж хараад ус уухгүй, хүрвэл арьсаар дамжин шингээд таргална гэж айгаад идэх юманд хуруугаа ч хүргэхээс айдаг байсан гэнэ.

Үр дүнд нь тэжээлийн бодисын хурц дутмагшилд орж үс унаад халзарсан, ямар ч тамиргүй тул усанд орох гэж хоёр гурван цаг болдог болсон.

Цусны даралт нь хэт бага болсноос өдөрт хоёр гурван удаа ухаан алдаж унадаг, уруул хуруу нь хөхрөөд ямагт даардаг, үүнээс болоод халуун зун ч зузаан ноосон хувцас өмсдөг болсон.
Тамирдсанаас болоод давсагаа удирдаж чадахгүй болсон, арьс хэт нимгэрснээс болж түнхний хэсгээрээ цоорсон.

Гэрийнхэн нь юм идэхийг албаддаг байсан тул идсэн гэж харагдахын тулд идэх юмаа хувцас, үс, тэр бүү хэл чихнийхээ нүхэнд хүртэл нааж нуудаг байжээ.

Ийм болсон тул эмнэлэгт хэвтэхээс өөр аргагүй болсон нь мэдээж. Сэтгэцийн болон бусад төрлийн яаралтай эмчилгээ хйисний хүчинд одоо Жулия засарч байгаа бөгөөд даруй 10 кг таргалаад 45 кг жин татдаг болсон байна.

Тэрээр одоо өмнө нь идэх юмнаас тэгтэл их зугатаж, өөрийгөө болон ойр дотны хүмүүсээ зовоож байсандаа ихэд ичиж өөрийгөө зэмлэдэг гэнэ.

Ахиж хэзээ ч тийм байдалд орохгүй гэж хатуу шийдсэн аж.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.