Би нээрээ өөрөөсөө ичсэн гэж

Би Солонгост байдаг юм. Өчигдөр өөр хотод хүнтэй уулзчихаад нилээн орой сүүлийн автобусанд суугаад амьдардаг хот руугаа явлаа. Цаг гаруй явах байсан юм. 10:30 гээд амьдардаг газраа ирэх ёстой юм уг нь. Тэгсэн автобусны явдал, намуухан хөгжим хоёрт бүүвэйлэгдээд нам явчихаж..Хажуунаас хүн татахаар нь сэрлээ. Харсан автобусны жолооч гөлийсөн хүйтэн царайтай Чи хаана буух юм гэнэ, цаг харсан 11:27 “Баларсаан, буудлаа өнгөрчиж” гэдгээ мэдээд л хамгийн сайхан хоолойгоороо жолоочид: Ахаа би уг нь … д буух байсан юм, унтаад терминалаа өнгөрчихжээ, уучлаарай, яах уу л гэлээ. . Өө тэгсэн балай ажүма бла бла.. чамаас болж би цаг шахуу дэмий явсан байна бла бла гээ л шүлсээ үсчүүлээд аягүй уурлаж байнаа.

За энэ муутай яриад нэмэргүй юм байна буугаад буудалд хонохоос яая гэхэв, хохь нь хэн унтаж хоцор гэсэн юм, ядаж сэрүүлэг тавьчихаа яагаа вэ гээд л дотроо өөрийгөө зүхээд л буулаа даа. Автобусны цонхоор ямархуу газар явж байна гэдгээ ч анзаараагүй юм.

Буугаал харсан юу вэ….

Эээ бурхан гончигсум, тас харанхуй зэлүүд газар хажууханд нэг их том уул.. Амьд амьтан байтугай чөтгөр ч тогтохооргүй муухай харанхуй.. Өөрийн эрхгүй нүдэнд нулимс цийлэгнээл явчлаа. Буугаад зам дагаад жаал алхсан “мотел зотел” байх шинж алга аа. Тэртээ доор ёлтойсон нэг муу гэрэл тусч байна. Яваад очсон төмөр хашаатай айл бололтой. Хаалгыг нь баахан балбалаа. Нэг эмгэн гарч ирж байна. “Эмээ би төөрчлөө, энэ хавьд буудал байвал зааж өгөөч” гэсэн “Энд ямар юмны буудал байдаг юм, хашаанаас холд” гэж байна.
“Эмээ би автобусанд унтаад” гэх гэсэн хаалга тас..

За цаашаа жаал явлаа. Автобусанд анх суухад л 10%-тай байсан утасны цэнэг маань тэснэ тэснэ гэхэд яаж тэсдэг юм гэсэн шиг унтарч байгаа чимээ сонсогдож байна.. Бурхан минь, ээж аав минь эх орон минь гээд л амандаа бувтнаад алхаал байлаа. Гэрэлтэй айл ер таарахгүй. Ядаж дэлгүүр ч байхгүй, бүр хэдхэн айл энд тэнд уулынхаа мухарт тарсан газар юм шиг. Нилээн алхсаан. Замын хажуугаар юм харагдахгүй болохоор замаас гараад алхлаа. Автобусны буудал хэрийн зайнд намхан байшин гэрэлтэй байнаа. Гүйхээрээ л очлоо. Жижигхээн дээр үеийн загвартай 2 шавар тагз байна. Хоёулаа гэрэлтэй. Хашаа байсан болов уу гэмээр хашааны сарзайсан хэдэн мод байна. Орлоо.. Хаалга нь онгорхой.. 60 орчим насны болов уу гэмээр ажоши / ахимаг настай хүн/ байна.

“Ахаа уучлаарай, би ингээд ингээд” гээд хамаг юмаа ярилаа. Ах дуугүй сонсож байснаа эгц өөдөөс над руу харсан нэг нүд нь болоргүй тунгалаг юм. Дотор зарс гээ л явчихлаа. . Тэрүүхэн хооронд гадаа унтвал яах бол гэж бодоод амжсаан ккккк. Ах хэдэн үг амандаа бувтнаад бослоо. Аймар аялгатай дээр нь аяархан хэлсэн болохоор сонссонгүй. Дагаад яв л гэж байна Дагаад л гарлаа, өөр яахав дээ ккк.

Хажуугийн шавар тагзанд орлоо. Тэнд 20 жоохон гаруй насны залуу байнаа. Шүлс нь гоожчихсон, үс нь сэгсийчихсэн гартаа нэг чихмэл барьчижээ. Баавгай ч юмуу хулгана ч юмуу бүү мэд. Би бүр сонин болоод л, нурууны хүйтэн хөлс гараад, хамаг биений шар үс босоод.. Эээ бурхан минь л гэлээ. . . Монтекристо гүн дээр Данглар шоронд ороод насаараа дуудаж үзээгүй бурхныхаа нэрийг сүүлийн 30 минутад 3 ч хэллээ гэж гардаг ш дээ ккк. . Би яаааг тэгсэн, бурхан минь гэж бараг минутад 10 20 ч хэлсэн байх.

Ах нөгөө залууг дагуулаад л чи энд унтаж болно, тухтай бол биш шүү л гэж байна. Юун тав тух ч дүүрчээ дүүрч. Аймар эвгүй бүдэгхээн гэрэлтэй, энд тэнд сонин сэтгүүлийн хайчилсан тасархайнууд. Тийм юмыг кинон дээрээс л харсан болохоос. . За хэдхэн цаг л гүрийх юм чинь гэж бодоод л орон дээр нь ч хэвтсэнгүй, өгсөн хөнжлийг нь газраар дэвсмэр аядаад бүхлээрээ хажууллаа. Цонхных нь цаас хуулраад рам мод нь салаад уначихаж. . Тэрүүгээр нь салхи хүүг хүүг гээд л шуугиад л. .

Хэвтэж байсан л хүн ёолоод байгаа бололтой дог шүү. Чих тавиад л чагналаа, яалт ч үгүй хүн ёолоод байнаа. Гарах гэсэн хаалга гаднаас нь цоожилчихож. Заа баларсан хаана ирчихэв ээ, хүний газар хүнд алуулдаг юм байж л гэж бодлоо. Хүн ёолохын хажуугаар хүний биеийг нэг юмаар цохиод ч байх шиг лүг лүг гэсэн битүү чимээ гараад… Шууд л нүд харанхуйлаад л ээж аав 2 л нүдэнд харагдаж байгаа юм чинь. Хүн нээрээ гүн шоконд орохоор хөдөлж ч чаддаггүй юм байна лээ. Тэгээд л сууж байтал наашаа хөлийн чимээ гарч байнаа.

Үүд хэсэгт нь очоод чагнасан яалт ч үгүй наашаа л ирж явна. За, за концерт дууслаа конец фильм гээд л сууж байсан газраа л тэр чигтээ хөшчихлөө. Хөдөө газрын манъяк гаж донтон байж гэж бодоод. . Хаалга онгойлоо..

Ах нэг гартаа алх нөгөө гартаа юу ч юм барьжээ. Өөрийн эрхгүй л нүдний нулимс асгарчихсан.
“Ахаа би Монгол хүн. Ээж аав минь монголд намайг хүлээж байгаа, ий ий ахаа намайг битгий л дээ ий ий”. Ах руу харах сөхөө ч байсангүй доошоо сөхөрч суусан чигээрээ доошоо хараад л гингэнээд байлаа.
Ах тэгсэн нэг юм өгөөд “май” гэж байна. Арай гэж харсан тавагтай юм байна, хоол бололтой. Юу вэ гэсэн “оройн хоолноос үлдсэн шөл халаагаад ирлээ, будаа агшаах гээд удчихлаа хөрөхөөс нь өмнө ид. . Цонхны рам салчихсан, салхи ороод хүйтэн байгаа байх хадчихъя. Цонхоор салхи сийгээд байхаар хаалга саваад онгойгоод байдаг юм, чамайг айх болов уу” гээд түр гаднаас нь юмаар хөшчихсөн гэдэг байгаа кккк. Би нээрээ өөрөөсөө ичсэн гэж.

3 Comments

  1. ah says:

    Ene heden jiliin mnu garch bsan yumaa dahij gargaad buur damarch bn aa

  2. Сахалт says:

    Хаа ч явсан биеэ хамгаалах, ямар ч тохиолдолд өөрийгөө аваад гардаг мэдлэгийг охидуудад багаас нь заавал сургах ёстой байгаа юм уул нь. Америк бол тэгдэг юм билээ.

  3. Залуу says:

    Хөөрхийдөө сайн л улс таарчээ. Өөрөө ч бас сайхан бичдэг, ном зохиол уншдаг хүн нь илт байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.