Хүний хань

Аньсага, сормуус аяндаа анилдан зvvрмэглэмээр нам гvмхэн аглаг хээр талд цагаан өвс аниргvйхэн ганхана. Аль дивангарт мартагдаж орхигдсон өнчин булшин дээр аян замын тоосонд дарагдсан элэнхий ноорхой хувцастай хижээл хар хvн нар жаргахын өмнө хvрч ирэв. Тэртээ тэнгэр, газрын савсалганд Баянбараатын хөглөгөр хөх уул сvvмэлзэн харагдах нь санаа алдмаар сайхан. Гандаж, гундсан сэтгэлийн манан дунд зээрэн шарга морь унасан залуухан бvсгvй салхи татуулан галигуулна. “Дөмөн дөмгөрхөн гишгэдэлтэй” хэмээсэн араас дагаж нэхсэн халиун хонгор аялгуу бvдэг бадагхан сонсогдоно. Морины салхинд дэрвэлзэх улаан торгон алчуурын сэжvvр дороос инээмсэглэл бужигнуулсан эрх хар нvд тормолзоно.

Хөлс тоос болсон хуучин муу малгайгаа тас атган, шингэрч цайсан хэдэн туг сэвлэг vсээ салхинд сэрвэлзvvлэн зогссон хижээл эр гэнэт яав гэмээр амаа эв хавгvй өмөлзvvлээд балчир хvvхэд адил хоёр гараараа нvvрээ даран хөгшин хvний гаслантай агаад өрөвдөлтэй дуугаар эхэр татан хэнгэнvvлэн уйлсан боловч нvднээс нь нулимс гарсангvй. Үхлээс бусдыг vзсэн тэр архичин эр хуурай нvдээ хатингар том гараараа нэгэнтээ шудран арчаад нулимс эс vзсэндээ өөрөө өөртөө өширхөж гомдов уу яав, нударгаа байдгаараа зангидан өгөршихөөс наахнуур болсон өтөл буурал толгойгоо хар тэнхээгээрээ шаагаад өвдсөндөө ч юм уу, эсхvл өдий болтол vхэж далд оролгvй орчлонгийн шороо хөдөлгөж яваа vйл, лайндаа хорсч бухимдсандаа ч тэр vv цэлхэрч хавдсан галгvй нvднээс нь ганцхан дусал нулимс гарч ирээд зовхинд нь тээглэн гялтганан байснаа дуртай дургvй бөмбөрөн уналаа. Толгойгоо хар тэнхээгээрээ шааж баймаажин нулимсаа сая нэг vзэж, бага зэрэг тайвширан дотор нь уужирсан хөөрхий эр ойр хавьд хvн амьтан байх вий гэсэн шиг эл хуль аглаг хээр талыг нэгэнтээ болгоон тойруулан хараад шувуу ч эс vзэгдсэнд санаа амран сөхрөн сууж, vvргэвчээ задлан нэгэн шил самгоон хэмээх нэрмэл архи гарган бөглөөг нв аваад хамартаа болгоомжтойхон ойртуулж гvн амьсгал татсанаа тvvний мансуурам сайхан vнэрт нvд нь гэрэлтэн магнайн vрчлээ нь тэнийгээд явчихлаа.

Даруулга, давс ч vгvй тэр хvн сурсан зангаараа лонхны амыг ханцуйгаараа ёс төдий хальтхан арчмаар болоод бяцхан зvрхшээсэн янзтай дээш өргөн нэг сvрхий харснаа шилээр нь гуд гуд залгилаа. Тэгээд гарынхаа араар амаа даран, оршуулгын газрын шороо чулууг нvдээрээ бvртгэх мэт хэсэгхэн зуур чимээгvй газар ширтэн сууснаа босч булшны толгой дээр босгосон боржигон чулуун дээр хичээнгvйлэн сийлсэн “Дэнсмаа” хэмээх нэрийг бичиг vсэг тайлагдаагvй хvний харцаар vсэглэн ядан уншсанаа: -Дэнсмаа минь, намайгаа уучлаарай! Шоронд ороод чам дээрээ бvтэн таван жил ирж чадсангvй. Хоёр нарны хооронд хуяг, тахаруудын бууны ам жадны vзvvрт туугдан нуруугаа бөгтөр болтол жонш vvрлээ. Яаж ч ядарч зvдэрч явсан хvний хань гэдэг улаан гол тасартал мартагддаггvй юм байна. Ямар сайндаа шоронгоос гарав уу vгvй юу ах дvvтэйгээ уулзаж хувцсаа ч сольж амжилгvй наашаа зvтгэж ирэхэв дээ. Худлаа гэвэл хорих газраас суллагдсан тамгатай бичиг энэ байна. Үvний он сарыг хар! Гэснээ салганасан ясархаг гараараа булшны чулууг энхрийлэн илж -Энэ хорвоо дээр чамаас минь надад vлдсэн юм ердөө л энэ тохойн чинээхэн амьгvй хvйтэн чулуу…. ээ элий халаг минь гэж дуу алдаад уйлах нь уу гэмээр нvvрээ эв хавгvй vрчийлгэснээ: – Би чинь төрд дансгvй шахам нэг муу ядарсан архичин. Нvд анихын цагт хажуу бөөрөнд чинь ирж хэвтвэл дээдийн заяа тэр биз. Гэвч хаана тэнэж яваад vхэхийг бvv мэд. Дэнсмаа минь! Чамаасаа хойш би нар vзсэнгvй, жаргал гээчийг амссангvй.

Муу өвгөн чинь энэ хараал шvгэлсэн бачуу давчуухан хорвоо дээр ганцаардаж гvйцлээ. Ингэж амьд явснаас тvргэхэн шиг төрөл арилжиж чинийхээ хойноос очих минь гэж өгvvлснээ vлдсэн архиа шvvрэн авч нэг амиар хөнтрөөд шилийг чулуудан халааснаасаа vнгэгдсэн цаасан тамхиа гаргаж асаалаа. Өл хоолгvй, аяншиж ядарсан тэр эрийн толгойд хатуу архины ааг, охь хоромхон зуур гарч, ад тийрэнгийн бvжиг цам л ийм догшин байдаг болов уу гэлтэй буцалмал халуун аялгуу хамаг цусаар нь дамжин цовхчин гvйнэ. Дуулъя гэтэл уйлмаар, уйлъя гэтэл дуулмаар адтай муухай согтож байлаа. Газар тэнгэр хоёрыг ялгахгvй болтлоо согтсон тэр хvн аль хэдийнээ ухаан тавьсан бололтой булшны чулууг яг л хvн шиг хvзvvдэн тэвэрч: -Чи яасан хvний зовлон мэддэггvй хатуу цэвдэг чулуу вэ. Би чамайг арай ч ийм гэж санасангvй. Бороо, нулимс хоёрыг ялгахгvй ийм хөлдvv сэтгэлтэйг чинь мэдсэн бол би чамайг тэр газраас чирэн ирж Дэнсмаагийнхаа толгой дээр яалаа гэж тавихав дээ. Чамаас шал өөр, илчтэй гэрэлтэй, өр зөөлөн өөхөн цагаан чулуу авчирч босгох байсан юм. Ээ тэнэг толгой хэмээн агсганан хашгирлаа.

Согтуу хvний бахардаж цухалдсан тэр сөөнгөдvv хахир дуунд vдшийн бор гэгээн дор амар жимэр зvvрмэглэн байсан их тал цочрон нэгэнтээ дайвасхийгээд тогтов. Ноорхой хувцастыг бvvр тvvрхэн ухаан ороход тvvний өмнө хөх дэлэн нь сэрийсэн нэг өлөгчин чоно хvрээд ирчихсэн гэрийн нохой адил сvvлээ шарвалзуулан зогсож байлаа. Согтуу эр гэнэт чоно vзээд бяцхан цочисхийж тарж бутарсан ухаанаа цуглуулахыг хичээн, өрөөсөн нvдээ анин байж хараагаа нарийсган тvvнийг харлаа. Араа шvдтэй зэрлэг амьтан хэрнээ хачин танил, дулаахан харцаар өөдөөс ширтэх нь гайхавч баршгvй. “ Энэ чинь хvн vv, араатан уу” гэж бодох зуур мөнөөхөн өлөгчин чонын нvд гэв гэнэт талийгаачийнх нь нvдээр солигдон, хvн хvнийхээс том нэгэн дусал нулимс унагаагаад энэ яваа насандаа мартагдамгvй өрөвдөлтэй дуугаар гаслан улив. Дээр сартай доор газартай бөгөөтөл мөр, сvvдэргvй тэр хачин амьтныг харсан ганц бие эр харамсахдаа гэнэт ухасхийн босоод: – Шоронд орсон адгийн шаар би чоно болоогvй байхад, шороон дор орсон хөөрхий чи минь яахаараа чоно болчихдог билээ гэж нэгэнтээ халаглан хашгираад толгойгоо тэврэн сөхрөн уналаа.

Б.Догмид

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.