Эхнэрээ үнсээгүй гарсан өдөр

Эхнэр минь их л ядарсан болтой хацараа дэрэнд наагаад доошоо хараад унтчихсан байлаа. Аргагүй дээ сүүлийн үед тайлан энэ тэр гээд ядарч байгаа. Би ч ялгаагүй эртхэн ажилдаа очилгүй горьгүй гээд аяга цай амсаал гэрээсээ гүйхээрээ гарлаа. Хурлаас хоцрохгүй гэж хичээх тусам замын түгжирэл улам ихсэж намайг бачимдуулна.

За хөөрхий хурлаасаа хоцорчихлоо гэж. Даргын царай ч ер нь баргар талдаа. Хурал дуусгаад уулзаарай гэсэн msg илгээдэг байгаа. Манай дарга нээрээ хурал дундуур ажилчид руугаа msg нисгээл.

Хурлын дараа даргын өрөөнд хулган байж орлоо. Миний бичсэн тайлан ширээн дээр нь ногоон хавтастайгаа хэвтэнэ. Манай дарга ер нь их буурьтай хүн дээ.

– За яагаад хоцорсон чинь одоо надад хамаагүй өнгөрсөн хэрэг. Харин надад тайлан чинь таалагдсангүй. Дахиад хэдэн зүйлс тодруулах хэрэгтэй байна. Би бүгдийг нь тэмдэглэчихсэн байгаа. Уг нь чамайг овоо залуу юм уу гэсэн…
гээд дарга миний үгийг сонсохыг хүсэхгүй байгаагаа илэрхийлэн тайланг минь надад өглөө.

Би ч за гэхээс өөр юм хэлсэнгүй.

Өрөөндөө ортол туслах эгч маань байдаггүй. Уг нь өглөө болгон сайхан цайтай угтдагсан. Ширээн дээрх бичгийн агуулгыг уншвал туслах эгч маань өвдчихөж. За хөөрхий ингээд бүгдийг өөрөө хийх хэрэг гардаг байжээ.

Тайлангаа засаад суутал нэг мэдэхэд ажил тарах болчихсон байлаа. Үдийн хоолоо ч мартчихаж. Утсаа шалгатал гэргийгээс минь өчнөөн дуудлага msg. Уншаад л шууд даргын өрөө рүү гүйлээ. Зассан тайлангаa даргадаа өгөөд гэртээ харих замдаа ч орлоо.

Бурхан энэ замын түгжрэлийг… Арай хийн гэртээ орж ирэхэд халуу дүүгэн өмнөөс сайхан хоолны үнэр угтлаа. Эхнэрийн минь 2 хацар улайчихсан “Миний хань яасан бэ? Ажил нь зүгээр үү?” гэсээр үнсэхэд нь гэнэт өглөө эхнэрээ үнсээгүй гарсанаа саналаа. Гал тогооны өрөө рүү орж яваа эхнэрээ араас нь гүйцэж очоод олон сар жилээр уулзаагүй юм шиг удаан гэгч нь үнслээ.

Сэрүүлэг дугарахгүй байна. Эхнэр минь унтах гээд албаар унтраасан болтой. Би ч хүүхэд нам унтаж байгаа эхнэрээ дураараа үнсэж аваад ажил руугаа жирийлээ.

Өрөөндөө орж иртэл туслах эгч маань халуун цай барин орж ирээд “Эгч нь өчигдөр ханиад хүрээд” гэсээр миний даргын өгсөн миний ногоон хавтастай тайланг надад өглөө.

Дэлгээд харвал “Маш сайн” гэсэн даргын улаан үзэгний мөрүүд тодоос тод байна.

Өдөр ханьтайгаа хамт хооллоод ажил дээрээ иртэл үдээс хойш амарч болно гэсэн email даргаас ирсэн байхыг хараад яравчлан гарлаа. Хүнсний дэлгүүр орж хэрэгтэй гэсэн зүйлсээ цуглуулаад орой эхнэртээ гарын хоолоо хийж өгөөд хамтдаа хажуулахаар хэвтлээ.

Эхнэр маань эрхлэнгүй тэвэрч байсанаа “Хань нь жирэмсэн болчихож” гээд яах нь уу гэсэн байртай нүд рүү эгцлэн ширтлээ.

Эхнэрээ үнсээд гарсан өдөр хамгийн аз жаргалтай…

1 Comment

  1. Huurhun says:

    Huuthun ymaa

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.