Би нөхөртэйгөө суугаад 4 хүүхдийн ээж болсон. Бага 3 хүүхэд маань маш ойрхон төрсөн болохоор арчилгаа, ажил ихтэй байдаг. Нөхөр маань эхнээсээ л халамж муутай, гэрийн амьдралд барагтай тус болдоггүй хүн байлаа.
Нөхцөл байдал бүр хүндэрсэн явдал өнгөрсөн зун болсон юм. Би хүүхдүүдээ агаарт гаргахаар зуслан, хөдөөгүүр нэлээд явсан бөгөөд тэр хооронд нөхөр маань ажлынхаа эмэгтэйтэй хамт томилолтоор явж, далайн эрэг дээр бие биеэ түшин сууж буй сүүдэртэй бичлэг нь утаснаас нь олдсон. Намайг хүүхдүүдээ харан нойр хоолгүй, ядаргаанд орж явахад цаанаа өөр эмэгтэйтэй хамт явж, намайг биш өөр хүнийг дээрдэж үзсэнд би асар их гомдож, галзууртлаа уурласан. Энэ бүхнээс болоод миний бие ч муудаж, бөөрний эмгэгээр эмнэлэгт хэвтэж хүртэл үзлээ. Сүүлийн үед яг л зүрхний хийтэй хүн шиг орилж хараадаг болж, амьдрах ч утгагүй санагдах үе олон гардаг боллоо.
Нөхөр маань надаас бусад хүмүүст маш халамжтай, нэр хүндтэй, мундаг залуу шиг аашилдаг мөртлөө надтай огт харьцахаа больсон. Гэртээ ирэхээрээ заавал утас ухаж сууна, эсвэл 00-д удаан сууж, гадаа гарч хэнтэй нь мэдэгдэхгүй нууцаар ярина. Залгахад маш богинохон хариулна, гэртээ ч дуу цөөтэй. Харин архи уухаараа намайг элдвээр харааж доромжлон, “танай, манай” гэж талцан доош нь хийдэг. Гэтэл манай гэрийнхэн бидний амьдралд огт оролцдоггүй юм. Би гэртээ яг л зарц, асрагч шиг л санагдах боллоо.
Жич хэлэхэд, би өөрөө ажил хийдэг бөгөөд санхүүгийн хувьд тусдаа. Нөхөр маань өөрөө цалин авдаг ч надад болон гэрт нэг ч төгрөг өгдөггүй, юу ч авч өгдөггүй, бүр төрсөн өдрөөр минь ч мэнд хүргэдэггүй.
Одоо би яавал дээр вэ? Насаараа ийм хайргүй, халамжгүй хүний дагуул мэт, хэлээ хазаж гуйж аргадаж амьдрах ёстой гэж үү? Эсвэл хүүхдүүдийнхээ төлөө, өөрийнхөө төлөө салаад бүх хариуцлагаа өөрөө үүрээд сэтгэл тайван амьдарсан нь дээр үү? Сэтгэлийн үгээ хэлж зөвлөөч.
📩 Таны амьдралд тохиолдсон бэлгийн харилцааны болон хайр сэтгэлийн сонирхолтой түүх, сэтгэл зүйн асуудал, хөгтэй явдлууд болон бусдаас асууж зөвлөлдмөөр байгаа эмзэг сэдвүүд байна уу?
Та өөрийн түүх, асуултаа манай вебсайтад нууцлалтайгаар нийтлүүлэхийг хүсвэл 📧 cekcmn@yahoo.com цахим хаягаар бидэнд илгээгээрэй. Бид таны нууцыг чандлан хадгалж, олон нийтэд хүргэх болно.