“Зуны симдром” буюу зун сэтгэлээр унах 11 шалтгаан + 6 зөвлөгөө

Цаг уураас шалтгаалан сэтгэл санаа тавгүйрхэх, жилийн тодорхой мөчлөгт эрч хүчээ алдах нь хүн бүхэнд тохиодог богино хугацааны сэтгэл зүйн эмгэг юм. Зун цагт ажил, сургууль амарч, энгийн үеийн амьдралын хэмнэл өөрчлөгддөг тул сэтгэлээр унах дараах шинж тэмдгүүд илэрдэг байна.

  1. Хүн бүхэн амарч, зугаалж, цагийг сайхан өнгөрүүлж байхад “би” л чадахгүй байна гэж гэмших;
  2. Зуны сул чөлөөтэй цаг хугацааг үр бүтээлтэй өнгөрөөх ёстой гэж өөрийгөө хүчилж албадах, чадахгүйдээ гутрах;
  3. Зорилгодоо хүрч чадахгүй бол сэтгэлээр унах, стресстэх;
  4. Ганцаардах, гуниглах, өнгөрсөнд харамсах;
  5. Унтлагын дэглэм алдагдах, хэт оройтож унтах, хэт их идэх, эсвэл хоолны дуршил буурах;
  6. “Бикини галбир”-тай байх гэж хэт их хичээх, зуны нимгэн, бариу хувцас өмсөхөөс ичих, үүнээс улбаалан өөртөө итгэлгүй байх, сэтгэлээр унах;
  7. Гэр бүл, хамт олноосоо холдох, тусгаарлагдан ганцаардсан мэт мэдрэх;
  8. Зуны төгсгөлд өдөр богиносож, цаг уур хүйтэрснээр сэтгэл тавгүйрхэх;
  9. Аялал зугаалга, чөлөөт цаг нэмэгддэг тул санхүүгийн бэрхшээлтэй болох, мөнгөгүйдээ сэтгэл зовох;
  10. Байнга хөлрөх, хэт халууцсанаар тавгүйрхэх, нозоорох;
  11. Бороотой, бүрхэг өдөр сэтгэлээр унах зэрэг шинж тэмдгүүд илрэх магадлалтай юм.

Хэрэв танд дээрх шинж тэмдгүүдээс ихэнх нь буюу 5-аас дээших нь илэрч байвал дараах арга замуудыг хэрэгжүүлээд үзээрэй. Сэтгэлээ тогтуун, амар амгалан байлгах нь хамгийн чухал юм.

  1. Мэргэжлийн зөвлөгөө авах. Сэтгэлээр унаж, удаан хугацаанд сэтгэл гутралтай явах нь мэдээж бие махбод болоод сэтгэл санаанд сөрөг нөлөөтэй. Тиймээс мэргэжлийн сэтгэл зүйчтэй холбогдон зөвлөгөө мэдээлэл авах нь хамгийн чухал алхам юм.
  2. Бясалгах. Бясалгалыг хүнд зүйл мэтээр бүү төсөөлөөрэй. Өөрийгөө чагнаж, төрж буй бодол мэдрэмжээ ойлгохоос эхлээрэй. Үүний тулд гадаад орчноос зай аван, тэмдэглэл хөтлөх, дуугаа хурааж аваад сонсох гэхчлэн өөрт тохирох аргуудаас хэрэглээрэй.
  3. Өдөр тутмын зөв хэмнэлийг тогтоох. Тогтмол цагт унтаж, тогтсон цагт босдог буюу нойрны зөв хэмнэлтэй хүмүүс бусад хүмүүсээс илүү сэтгэл санаагаар унах нь бага байдаг. Хангалттай нойр авч, хөнгөн эрүүл хооллох нь сэтгэл санаанд ч гойд “нэмэр” болох болно.
  4. Өөртөө хүнд ачаа үүрүүлэхгүй байх. Дээрх 11 шинж тэмдгүүдийг сайтар анзаарвал ихэнх нь хүн өөрөө өөртөө ачаа дарамт үүсгэж буйг та анзаарна. “Та заавал зун их мөнгөөр амралтад явж, хол аялах албагүй. Та заавал төгс галбиртай байх ч албагүй. Та заавал аз жаргалтай буйгаа бусдад харуулах албагүй. Та өдөр бүр үр бүтээлтэй, өндөр бүтээмжтэй байх албагүй.” Үүнийг өөртөө сануулан, өөрийгөө хайрлахаа мартуузай.
  5. Зорилгоо тодорхой байлгах. Өөрийн ойрын болон холын зорилгыг тодорхойлж, өдөр бүр бага бага алхмаар мөрөөдөлдөө ойртоорой. “Мянган бээрийн аялал нэг алхмаас эхэлдэг” гэдгийг бүү мартаарай. Зорилгодоо хүрэх алхам бүрээс аз жаргал, таашаал мэдрэх нь сайхан биш гэж үү?
  6. Зүгээр л амрах. Бүтэн жилийн турш шаргуу ажилласан та өөртөө зуныг амарч өнгөрөөхийг зөвшөөрөх хэрэгтэй. Эрч хүчээ авч, хангалттай амарч, заримдаа юу ч хийлгүй уйдах хүнд хэрэгтэй байдаг шүү дээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.