Өсвөр насны хүүхдүүд ихэнхдээ урьдчилан таамаглах боломжгүй ааш авир гаргадаг нь эцэг эх хүүхэд хоорондын харилцаанд үл ойлголцоход үүсгэдэг. Тэд энэ насан дээрээ өөрсдийн мөн чанарыг олж нээх аяллыг туулж яваа тул томчуудын зүгээс ойлгох, зөв чиглүүлэх нь нэн чухал. Та бүхэн эдгээр зөвлөгөөний дагуу өсвөр насныхантай харилцсанаар тэдэнтэй алхам ойртох, тэднийг зөв хүн болж төлөвшихөд туслах юм.
1. Тэднийг мэдрэмжээ хуваалцахад нь урамшуулаарай.
Өсвөр насны хүүхэдтэйгээ аль болох ярилцаж байгаарай. Тэдний өдөр хэрхэн өнгөрснийг асуу. Та ямар ч нөхцөлд байсан тэдэнд цаг гаргаж тэдний дэргэд үргэлж байгаагаа сануулаарай. Өсвөр насны хүүхдүүд дотроо үргэлж ганцаардаж байдаг бөгөөд тэднийг эцэг эх нь ойлгоосой гэж хүсдэг. Мөн тэд хүсэж буй анхаарал халамжаа уур бухимдлаар илэрхийлэх тал байдаг. Иймд тэдэнд энгийн үгээр урам өгч итгэл төрүүлээрэй. Тэдэнтэй харилцах үедээ та “Ойлгож байна”, “Тийм байна” эсвэл “Би үүний чинь төлөө чамд яаж тусалж чадах вэ?” гэж хариулж болно.
2. Тэднийг дэмжихэд цаг гаргаарай
Өсвөр насны хүүхдэд орон зай хэрэгтэй байх нь энгийн зүйл юм. Тиймд тэднийг хориглохоос илүүтэй дэмжих хэрэгтэй. Хэрэв тэднийг хоригловол тэд танаас дөлж зайгаа барин, тусгаарлаж болзошгүй.Тэдэнд тэмдэглэл бичих, урлаг, хөгжим хийх, хоол хийх гэх мэт шинэ хоббитой байх нь дотоод амар амгалан, баяр баясгаланг хэрхэн мэдрүүлдэг талаар ойлголтыг зааж сургаарай.Энэ нь тэдний чадвараа нээхэд мөн сэтгэл зүйгээ зохицуулж сурахад туслах болно.
3. Зөрчилдөөнийг хамтдаа даван туулаарай
Өсвөр насныхаа хүүхэдтэйгээ үл ойлголцох үед тэдний үзэл бодлыг сонсож, зөрчилдөөнийг тайван байдлаар шийдвэрлэхийг хичээ. Тэдэнтэй уурлах маягаар асуудлыг хэзээ ч бүү ярь. Хэрэв та тэдэнтэй сөргөлдөн захирахыг хичээвэл тэд таны хэлэх гэж буй санааг хүлээж авахгүйгээс гадна тантай харилцахдаа хаалт үүсгэх болно. Тиймд зөрчилдөөн үүсэхэд нэг амьсгаа аван тайвшир дараа нь асуудлын тухай ярилцаж болно. Тэдэнтэй мэдрэмжүүдийн талаар ярилц. Та ч бас уурладаг, стресстдэг гэдгээ хуваалц. Мөн сөрөг мэдрэмжийг хэрхэн эерэг байдлаар туулж болох талаар ярилц.
4. Өөртөө анхаарал тавиарай
Яг үнэндээ дийлэнх эцэг эхчүүд өөрсдийн биелүүлдэггүй шаардлагуудыг хүүхдэдээ тавьдаг. Өөрөөс нь илүү мундаг байхыг, хариуцлагатай байхыг гэх мэт. Та өөр лүгээ нэг хараад үзээрэй. Та ч бас өөртөө анхаарал халамж тавих хэрэгтэй. Тэдэнд үгээр хэлж залхаахын оронд өөртөө анхаарал тавих нь өсвөр насныханд загварчлан сургах сайн арга болдог байна.
5. Олон нийтийн мэдээллийн хэрэгслийн зохистой ашиглалтын талаар ярилцаарай
YouTube, TikTok, Instagram, Snapchat зэрэг сошиал медиа аппликейшн залуучуудын амьдралд чухал үүрэг гүйцэтгэдэг. Pew Research Foundation-ийн судалгаагаар TikTok болон Snapchat ашигладаг өсвөр насныхны 86% нь өдөр бүр эдгээр платформуудад идэвхтэй байдаг бол дөрөвний нэг нь сайт эсвэл программ дээр байнга байдаг гэж мэдэгджээ. Өсвөр насны хүүхэдтэйгээ нийгмийн сүлжээний зөв хэрэглээ болон энэ нь тэдний сэтгэцийн эрүүл мэндэд хэрхэн нөлөөлж болох талаар ярилцаарай.