Ганцаардал: Зүгээр нэг ганцаараа байх биш

Танд ийм мэдрэмж төрж байсан уу? Найзуудтайгаа хамт байж байгаа ч дотроо хоосон мэдрэмж. Бүх зүйл хэвийн мэт боловч хэн ч таныг “жинхэнээсээ” ойлгохгүй байгаа юм шиг…

Ганцаардаж байна гэж хэлэх хэцүү. Хүмүүс ч ойлгодоггүй. “Найзтай биз дээ?”, “Гэр бүл чинь байна шүү дээ”, “Ганцаараа байж сайхан л байгаа юм биш үү?” гэж асуудаг. Гэхдээ ганцаардал гэдэг ганцаараа байх тухай биш — өөрийнхөө дотор орхигдож байгаа тухай юм.

Хүнтэй ярьж болно. Хамт амьдраад олон жил болсон хэн нэгэнтэй унтаж, сэрж болно. Гэхдээ өөрийгөө ойлгуулж чадахгүй мэдрэмж, сэтгэлээ хаана хуваалцахаа мэдэхгүй байх нь жинхэнэ ганцаардал.

Судалгаагаар…

Harvard-ийн сэтгэл судлаачид 75 жилийн турш 700 гаруй хүнийг дагаж судалсан нэгэн томоохон төслөөр, хамгийн гол “аз жаргалын урсгал” бол харилцаа гэдгийг баталсан байдаг. Ганцаардал хүний амьдралд:

  • Цусны даралт ихсэх
  • Сэтгэл гутралд орох
  • Нойрны хямралд өртөх
  • Дархлаа сулрах
  • Амьдрах эрмэлзэл буурах гэсэн маш ноцтой нөлөө үзүүлдэг. Зарим судлаачид ганцаардлыг өдөрт 15 ширхэг тамхи татсантай тэнцэх хэмжээний эрүүл мэндийн эрсдэлтэй гэж үздэг.

Хүмүүсээс биш, өөрөөсөө тасрах үе

Ганцаардал бол бусдаас хол байх биш. Харин өөрийнхөө дотоод мэдрэмжтэй холбогдож чадахгүй байх. “Надад юу хэрэгтэй вэ?”, “Би яг юу мэдэрч байна вэ?”, “Яагаад би шөнө болгон утас оролдож, хэн нэгэнтэй холбогдох гэж хичээж байна вэ?” гэдэг асуултаас зугтах үед бид улам бүр ганцаарддаг.

Хүн ганцаардаж байхад секс ч хөндий мэдрэмжтэй болдог. Хайр, мэдрэмжгүй бэлгийн харилцаа улам бүр хоосон орон зайг бүтээдэг.

Яах вэ?

  • Ганцаардлаа хүлээн зөвшөөр. Энэ бол сул дорой байдал биш.
  • Өөртэйгөө ярь. Бич. Өөрийгөө ойлго.
  • Бусдаас хайж байхаар, өөртөө мэдрэмж өгөх жижиг алхмууд хий.
  • Тэнгэрийн өнгийг анзаарах, биеэ мэдрэх, тайван орон зайд амьсгалах — эдгээр жижиг зүйлс сэтгэл гутралыг зөөллөдөг.

Хамгийн чухал нь: Та ганцаараа биш. Энэ мэдрэмжийг бидний олон хүн давж туулж байгаа. Зарим нь дуугүй тэсэж, зарим нь сэтгэл зүйн дэмжлэг авч, зарим нь өөрийгөө илүү гүнзгий ойлгож эхэлж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.