Гэр бүлийн хүчирхийллийн улмаас гэрлэлт цуцлуулах нэмэмжлэл гаргасан бол шүүх гэрлэгчдийг эвлэрүүлэх арга хэмжээ авдаггүй байна.
Бид энэ хуулийн хэрэгжилтийн талаар бодит кейс бүхий мэдээллийг хүргэж байна.
Шүүхийн шийдвэрийн огноо, дугаар: 2025.06.26-ны өдрийн 307/ШШ2025/01134
Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон.
Санамж: Энэ тойм нь бүрэн гүйцэд шүүхийн шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн шүүхийн шийдвэрийг олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэн хүргэх зорилготой болно.
Нэхэмжлэгч Т нь хариуцагч Ө-д холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан бөгөөд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “…Нөхөр Ө нь байнга архи уудаг бөгөөд архи уухаараа догшин ширүүн ааштай болж, цохиж нүддэг болсон. Зодож цохихоороо араатан шиг гарт таарсан мод, чулуу юугаар ч хамаагүй цохиж нүддэг. Ө нь 2017 онд намайг зодож, миний уруулыг сэтэлж, үүдэн шүдийг маань унагаасан. Тухайн үед надад цагдаа дуудах боломж олгоогүй. Гэрээсээ ч гаргахгүй, гар утсыг маань хураагаад авчихсан. Би урууландаа 8 оёдол тавиулж, одоо болтол үүдэн шүдээ хийлгэж чадаагүй явж байгаа. Иймд цаашид хамтран амьдрах боломжгүй.” гэж тодорхойлсон.
Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.-т “…гэрлэгчдийн харилцан тохиролцсон буюу тэдний хэн нэгний, эсхүл иргэний эрх зүйн эрхийн бүрэн чадамжгүй гэж тооцогдсон эхнэр, нөхрийн асран хамгаалагчийн нэхэмжлэлийн дагуу гэрлэлт цуцлах асуудлыг шүүх шийдвэрлэнэ. Гэрлэлт цуцлах асуудлаар эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явуулах боломжгүйгээс бусад тохиолдолд эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явагдсаны дараа шүүх иргэний хэрэг үүсгэнэ.” гэж заасан.
Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явуулах боломжгүй тохиолдол гэдэгт Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4.-т заасан “Гэрлэгчдийн хэн нэгний байнгын хүчирхийлэл, дарамтаас болж гэр бүлийн гишүүдийн амь нас, эрүүл мэнд болон хүүхдийн хүмүүжилд ноцтой хохирол учирч болзошгүй, эсхүл учирсан нь тогтоогдсон байх”-ыг ойлгоно.
Дээрх тохиолдолд нэхэмжлэгч Т нь хариуцагч Ө-ийн байнгын хүчирхийлэл, дарамтад өртдөг, түүнд зодуулсны улмаас уруулаа сэтлүүлж, үүдэн шүд нь унасан зэрэг нөхцөл байдлын талаар дурдаж, энэ талаарх гэрэл зургийг нэхэмжлэлд хавсаргаж ирүүлсэн тул шүүх эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явуулах боломжгүй тохиолдол гэж үзэж, иргэний хэрэг үүсгэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан.
Шүүх талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн гэрлэгчдийн гэрлэлт цуцлуулах шалтгаан нь хариуцагч Ө-ийн байнга архидан согтуурч, гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг нөхцөл байдлаас шалтгаалсан байх тул гэрлэгчдийг эвлэрүүлэх арга хэмжээ авах шаардлагагүй гэж үзэж, Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.4 дэх хэсэгт заасныг баримтлан Т, Ө нарын гэрлэлтийг цуцалж, насанд хүрээгүй охин А, хүү А нарыг нэхэмжлэгч Т-ийн асрамжинд үлдээж, эцэг Ө-өөс хүүхдийн тэтгэлэг гаргуулан, тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэв.
Тойм бэлтгэсэн: Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхцэцэг.
Санамж: Энэ хураангуй нь шүүхийн бүрэн гүйцэд шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэл хүргэх зорилготой болохыг тэмдэглэв.
Эгүүр.мн
Happy Asian young family homeowners bought new house. Chinese Mom, Dad, and daughter embracing looking forward to future in new home after moving in relocation sitting on floor with boxes together.