Салж саринасан хүнээ зүгээр л тайван л амьдруул!!!

Сайн байцгаана уу? Хүний амьдрал гэж үнэхээр хачин юм. Би 2 сайхан хүүтэй. Хөвгүүдийнхээ ааваас 2 тийш болоод 9 жил болжээ. Бага хүүгээ өлгийтэй дөнгөж 3 сар гарантай байхад нь нэг л өдөр хувцасаа цүнхлээд би явлаа гээд л яваад өгсөн. Азаар ч гэх үү, золоор ч гэх үү эгч ах нар маань нэгнээ гэдэг тулдаа бор хоолонд ортол нь бид 3г юугаар ч дутаагаагүй юм.

Ээж минь амьд сэрүүн байсан болохоор бор хоолонд оруулаад л шууд ажилдаа орж байлаа. Араас нь нэг ч удаа залгаж хүүхдийн тэтгэмж, памперс сүүний мөнгө гэж явсангүй. Хүн өөрөө хүүхдээ гэвэл тэр л биз. Үгүй бол яах вэ гэсэн бодол сэтгэлтэй зүтгэсээр өдий хүрсэн дээ. Хүн ер нь их муухай. Ажил амьдрал сайхан жигдрээд хүүхдүүд гараас гараад ирэхийн цагт гуйгаад гувшаад ирдэг л юм билээ. Хүүхэд ч бүх зүйлийг мэдэрч ойлгодог. Тийм жаахан байж яаж тийм ийм юм боддог юм болоо гэмээр “аавтай битгий буцаж нийлээрэй ээжээ, та л зовно шүү” гэж хэлэхэд нь л хөвгүүдээ том болчихож дээ гэж бодогдож байсан.

Хөвгүүд минь хичээл номондоо тун сайн хүүхдүүд. Одоо хөвгүүдтэйгээ өөрийн гэсэн орон гэртэй, машин унаатай, удирдлагын албанд ажиллаж хамт олондоо ч нэртэй л явна. Ойрноос 2 охинтой хүнтэй суугаад явсан аав нь юм л бол хүүхдүүдтэй уулзах гээд л, уулзахаараа байнга намайг асуудаг гэсэн. Юу хийдэг вэ, хаана ажиллаж байгаа вэ, хүнтэй суусан эсэх, болздог эсэх гээд. Юу гээд л ээжийнхээ хамаг юмыг яриад суухав “мэдэхгүй, танд хамаагүй хүнийг яагаад сонирхоод байгаа юм” гэдэг гэсэн.

Одоогийн эхнэр нь хүртэл манай нөхөр чиний хаягийг байнга фэйсбүүкээс хайж хараад байна гэж хүртэл залгасан. Хөгийн ч юмаа даа. Би өөр хүн амьтантай уулзаж учирна гэж огт боддоггүй юм. Амьдралаас авч болох бүх л аз жаргалыг би эдэлж яваа гэж боддог. Гэхдээ хөвгүүдийнхээ аавд гомдож, үзэн ядаж байгаагүй ээ. Ямар азаар тэр хүнтэй учирч 2 хамгаалагч сахиустай болсон юм гэж л боддог. Амьдарвал амьдарсан шиг амьдраад, чадахгүй бол нэг нэгэндээ гай түүтгэр бололгүйгээр л зам мөрөө хөөдөг байвал юутай сайхан. Мэдээж хүүхдүүдээ 2 талаасаа харж хандалгүй л яахав. Зүгээр салж саринасан хүнээ зүгээр л тайван л амьдруул!!!

1 Comment

  1. Хишгээ says:

    Алтан сайхан үрийг нь авчихаад ааш зангаа хөдөлхөөр нь хөөж явуулчихаад араас нь мөнгө тэтгэлэг гэж гүйдэг гуйдаг хүүхнүүдийг харахаар Ээ чааваас даа ийм байх байсан юм бол яах гэж хормойгоо сөхсөн тэнэг вэ гэж хэлмээр санагддаг. Тэнгэр бурхан дээрээс харж үйлийн үр хаалга үүд андуурдаггүйг хожим ухаарсан ч нэгэнт болоод өнгөрсөн байдаг болохоор хойд насандаа тарчлах үйлээ хүлээхээс өөр гарцгүй болноо гэж ахмадууд сургадаг. Орчлон ертөнц гэж агуу шүү!!!

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.