Хоёр туйлын хооронд амьдрах үнэхээр хэцүү байна

Ийм зүйл бичээд сууж байна гэж би өөрөө ч төсөөлж байсангүй. Би 40 гарсан эмэгтэй, 4 хүүхдийн ээж. Нөхөртэйгээ ханилаад 20 гаруй жил болжээ. Бид хоёулаа төрийн албанд ажилладаг. Манай хүн гаднаасаа хэн ч харсан сайхан залуу. Найз хүүхнүүд хүртэл “чи азтай шүү” гэж хэлдэг, бүр заримдаа намайг өмөөрөөд муудалцах ч үе гарна.

Бид анх 20 насандаа танилцаж, бие биенийхээ анхны бүхнийг мэдэрч, их халуун дотно үерхэж байсан. Би яриасаг, тэр дуугүй хүн. Оюутан байхдаа гэрээсээ хол амьдарч байгаад хэсэг хамт амьдарч, дараа нь хадмындаа орсон.

Хадмын амьдрал надад амар байгаагүй. Хадам аав архи ууж агсам тавина, хадам ээж гаднаа номхон ч дотроо их хатуу, үглээтэй хүн байсан. Би жирэмсэн болсон ч эхэндээ өөрөө ч мэдээгүй, өвдөөд эмнэлэгт очиход “олгой” гэж оношлоод хагалгаа хийсэн. Дараа нь жирэмсэн байснаа мэдээд маш их гомдсон. Залуу, туршлагагүй, зөвлөх хүнгүй байсны гор их гарсан.

Хадмындаа амьдрах хугацаанд би байнга өлсдөг байсан. Нөхөр маань надад нууцаар мөнгө өгнө, харин ээж нь уурлаж, намайг буруутгадаг байлаа. Жирэмсний эхний саруудад ганцаараа эмнэлгээр явж, анхаарал халамж бага авч явсаар эцэст нь зулбасан. Тэр үе миний хувьд маш хүнд байсан.

Дараа нь бид тусдаа гарсан. Хэцүү ч гэсэн хамгийн зөв шийдвэр байсан. Удалгүй том охиноо олж, жирэмслэлтийг их хэцүү давж, удаан эмнэлэгт хэвтэж байж төрүүлсэн.

Гэхдээ тэр үед нөхөр маань өөр хүнтэй харилцаатай болсон нь илэрсэн. Эмнэлэгт хэвтэж байхдаа утасны асуудлаас болж сэжиг төрж, эцэст нь бүх зүйл тодорхой болсон. Тэр үед миний хувьд тэнгэр нурах шиг л болсон. Хэрүүл, уйлаан, гомдол дунд амьдрал үргэлжилсэн ч би тэвчсэн. Хүүхдээ төрүүлж, гэр бүлээ авч үлдэхийг хичээсэн.

Дараа нь дахин нэг удаа араар тавилт болсон. Бас л уучилсан. Ингэсээр сайн муу бүхнийг хамт туулж, бид 4 хүүхдийн ээж аав болсон. Гаднаасаа бол сайхан гэр бүл.

Гэвч сүүлийн жилүүдэд нөхрийн зан их өөрчлөгдсөн. Уух үедээ агсам тавина, үг өдөнө, “үхээд өгье” гэх мэт хэцүү үг хэлнэ. Хүүхдүүдийн хажууд хүртэл хэрүүл үүсгэнэ. Том хүү намайг өмөөрөхөөр “чи хүүхдүүдийг миний эсрэг болголоо” гэж уурлана.

Согтуудаа маш ширүүн, маргааш нь юу ч болоогүй юм шиг байдаг. Би хэлэхээр “дуугүй бай” гэнэ. Харин уухгүй үедээ энгийн, сайхан хүн хэвээрээ. Заримдаа бүр “хайр минь, хань минь” гээд их зөөлөн болчихно.

Гэхдээ энэ хоёр туйлын хооронд амьдрах үнэхээр хэцүү байна. Хүүхдүүдийн хажууд аавыг нь муу хэлмээргүй ч аргагүй үед өнгөрснийг нь хэлчихдэг. Тэгэхээр тэр дуугүй болоод унтчихна.

Бид олон хоногоор муудалцдаггүй. Би ч тэгж чаддаггүй. Гэхдээ сүүлийн үед үнэхээр учраа олохоо больж, дотроо шантарч эхэлж байна. Нөхрөө би муу хүн гэж боддоггүй. Багадаа хэцүү өссөн, аавын хайр дутсан учраас зан нь тийм болсон байх гэж ойлгохыг хичээдэг. Унтаж байхад нь хүртэл “уг нь муу хүн биш шүү дээ” гэж өрөвддөг.

Гэхдээ согтуудаа хэлж байгаа үг, харц, уур, “үхээд өгье” гэх яриа, юм шидэх гэж байгаа байдал энэ бүхэн үнэхээр хүнд байна. Манай бага охин бол бид хоёрын дунд хамгийн нандин зүйл. Тэр байгаагүй бол бид яах байсан бол гэж бодогддог. Одоо сална сарнина гэхээсээ илүү, яахаа мэдэхгүй, дотроо шантраад л байна. Магадгүй би өөрөө л учраа олохгүй байгаа юм шиг…

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.