Би одоо 40 хүрч яваа. Сүүлийн үед нөхөртэйгөө ярихаас хүртэл дургүй хүрээд, дотроо байнга гомдол тээдэг болчихлоо. Манай хүн угаасаа надад бол хайр халамж муутай юм шиг хэрнээ, бусад хүмүүстэй их соёлтой, анхааралтай харьцдаг. Сексийн харилцаа ч бараг үгүй, 7 хоногт 1 удаа байвал их юм шиг.
Хэдэн жилийн өмнө би нэлээн хүнд өвдсөн. Гэтэл нөхөр маань эмчилгээний зардалд нэг ч төгрөг гаргаагүй. Ээж минь тэтгэврийн зээл авч, намайг эмнэлгээр явуулж байсан. Би өөрөө оёдол нь гүйцэд эдгээгүй, гэдэс шархтай байж байгаад л зээлээр тариагаа авч, ажил хийж мөнгө олж явсан. Тэр үеэ одоо хүртэл мартагддаггүй. Хэрэв үхэх гэж хэвтэж байхад түшээд авах хүн мөн үү? гэж бодогддог.
Намайг нэг ч удаа өмөөрч байгаагүй. Нэг удаа өдөржин ажиллаад үнэхээр ядарсан байхад ах жаахан халамцуу над руу уурласан. Гэтэл нөхөр маань “яасан, юу болсон бэ?” ч гэж асуугаагүй, бүр ганц үг хэлээгүй. Тэр үед л өөрийгөө бүр ганцаараа юм шиг мэдэрсэн.
Надад ер нь юм ярьдаггүй, тоодоггүй байсан. Гэтэл ойр тойрны хүмүүс “танай хүн тэгсэн, чи мэдээгүй юм уу?” гэж байнга асуудаг болсон. 15 жил хамт амьдрахдаа нөхрийнхөө цалинг ч мэддэггүй явжээ. Мөнгө асуухаар “надад юу байгаа юм” гэдэг байсан болохоор үнэхээр байхгүй гэж боддог байсан. Гэтэл сүүлд нь боломжийн орлоготойг нь мэдсэн. Нэг удаа бүр -Чи үнэтэй юм авч чаддаггүй шд гэж хэлж байсан. Байсан бол авах л байсан ш дээ.
2 бага насны хүүхэдтэй. Сүүлийн үед салмаар санагдах үе их боллоо. Гэхдээ хүүхдүүдээ бодоод л эргэлзээд байх юм. Архи уугаад агсам тавьдаггүй, зодож нүддэггүй, араар тавьдаггүй. Эсвэл би өөрөө хэт их юм боддог юм болов уу?