ТОМ БОЛСОН ХҮҮХДҮҮД…

Сайн байцгаана уу. Эцэг эхчүүддээ хандаж нэгэн чухал зүйлийг уриалж, санал болгох гэсэн юм. Бид эрэгтэй хүүхдийг багаас нь жинхэнэ эр хүн шиг, хариуцлагатай болгож өсгөх хэрэгтэй байна.

Сүүлийн үед нэг л их шалчигнасан, олон үгтэй, диван дээр хэвтэж тоглоом тоглохоос өөрийг мэддэггүй, эхнэрээ харааж доромжилдог, бүр эмэгтэй хүний өмссөн хувцсыг хүртэл өөлж гоочилдог эмэгтэйлэг эрчүүд дэндүү олон болжээ. Үнэхээр эхнэрийнхээ өмсөж зүүж байгааг шүүмжлээд байгаа бол аятайхан хувцас аваад өгчих хэрэгтэй биз дээ? Хүүхдээ хараад гэртээ сууж байгаа эх хүнд ямар мөнгө байх юм бэ. Авсан хэдэн төгрөгийн цалингаа шоу цэнгээнд үрчихнэ, гэртээ олигтойхон хүнс ч аваад ирж чадахгүй, ийм л арчаагүй эрчүүд олширч байна. Бага байхад нь “миний хүү” гэж эрхлүүлсээр байгаад юу ч хийж сургаагүй, зөвхөн хүнээс мөнгө, эд хөрөнгө нэхэж сургачихдаг. Тэгээд том болоод яг л өнөөх зангаараа эхнэр хүүхдээ зовоосон “том болсон хүүхэд” л гэрт хэвтэж байна даа.

Эмэгтэйчүүд бидний нуруун дээр дэндүү их ачаалал ирж байна. Заримдаа ч “Яах гэж хүний эхнэр боловоо” гэж харамсах үе ч гарах юм. Халамжлах тусам улам давраад, сүүлдээ бүр гэртээ гал түлж өгөхөө ч болилоо. Эрэгтэй хүүхдийг “бага байна” гэж өмөөрч бодсоор байгаад сүүлдээ бага наснаасаа хэзээ ч гарч чаддаггүй “том хүүхэд” болгочихдог юм байна шүү, эцэг эхчүүд ээ. Миний хүү аавыгаа дагаад яг ийм хариуцлагагүй эр хүн болчих вий гэхээс үхтлээ айдаг боллоо. Эрэгтэй хүүхэд аавыгаа л дуурайдаг гэдэг шүү дээ. Яана даа… “Сайхан амьдарна даа” гэсэн хоёрхон жилийн өмнөх миний бүх мөрөөдөл өнөөдөр нүдэн дээр минь нуран унаж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.