Сайн байцгаана уу. Дотроо бодож явдаг мөрөөдөл, саяхнаас үүссэн нэгэн том эргэлзээгээ хуваалцаж, та бүхнээс зөвлөгөө авах гэсэн юм.
Би уг нь мал маллах дуртай, хөдөөгийн амьдралд хайртай охин л доо. Даанч хичээл сургууль, боловсрол хөөгөөд жоохон байхдаа хот руу орчихсон юм. Гэхдээ сэтгэл дотроо үргэлж л малчин залуутай үерхэж, хөдөө сайхан амьдрахыг бодож мөрөөддөг. Одоо хөдөө эмэгтэйчүүд ховордож, залуус нь адуу малдаа хорогдоод ганцаараа үлддэг гэж сонсоод “Хөдөөний бор адуу унасан, эр шиг эр хүнтэй л сууж амьдарна” гэж бат зориг шулуудсан. Энэ бодолдоо үнэнч явсаар өдгөө 20 хүрэх гэж байж хэнтэй ч үерхэж үзээгүй яваа минь энэ.
Харин саяхнаас энэ бодол минь “бараг” гэдэг эргэлзээгээр солигдох боллоо. Учир нь манай хамаатны эгч малчин айлд бэр орсон юм. Тэгсэн чинь одоо “Гэрт нь яг л боол, зарц шиг ажилладаг” гэж гомдоллох болов. Уг нь мал маллах угаас хэцүү, цаг наргүй зүтгэдэг ажил гэдгийг би мэднэ, харин манай эгч хөдөө ажиллаж үзээгүй болохоор түүнд хүнд тусаж байгаа байх гэж бодсон. Гэтэл хамгийн гол асуудал нь нөхөр нь архи ууж агсам тавьдаг, өөр айлын хүүхний хормой хот сөхсөн шалиг амьтан гэнэ. Бүр согтуудаа гар хүрдэг гэхийг нь сонсоод зүрх үхчихлээ. Тэгээд хүмүүс “Хөдөөний харчууд угаас ийм байдаг юм” гэж ярьдаг гэнэ. Эгч маань тэсэлгүй хадам эцэг эхдээ хэлэхээр харин ч өөрийг нь буруутгаж, эхнэрийн урхи шиг юм болж дарамталдаг сурагтай. Базарваань, үнэхээр аймаар…
Манай эгч зүгээр л нэг хүн биш, хүний хогтой суучихсан хэрэг үү? Эсвэл хөдөөний малчин харчуул бүгд иймэрхүү явдалтай архичид байдаг юм уу? Хадамууд нь хүртэл ийм хүн чанаргүй, бэрээ боол шиг үздэг юм уу? Хөдөөний амьдрал уул нь миний мөрөөдөл байсан ч эгчийгээ хараад үнэхээр айж байна. Амьдралын туршлагатай хүмүүс минь зөвлөж өгөөч.