Сайн байцгаана уу. Нөхрийнхөө гаргаж байгаа араншин, хандлагыг үнэхээр ерөөсөө ойлгохгүй юм. Энэ байдлаас нь болоод сүүлийн үед нөхөртөө өгөх сэтгэл хүртэл хөрөөд байх шиг байна.
Манай хүн ажил хийж, би гэртээ хүүхдээ хараад бусад ээжүүдийн адил гэр цэвэрлэх, хувцас угаах, хоол унд хийх гээд л өдөр тутмын бүх ажлаа амжуулдаг. Хүү маань одоо удахгүй ой хүрнэ. Төрөөд нөхрөөсөө хол, нутагтаа хүүгээ 10 сар хүртэл нь өсгөж байгаад саяхан хотод ирж хамт амьдарч эхэлсэн юм. Хол байхад утсаар муудалцаад байдаг байсан болохоор “Хамт байвал зүгээр болох байх” гэж найдсан ч тийм байсангүй.
Жишээ нь, маш сонин. Өдөржингөө хүүхэдтэйгээ ганцаараа зууралдсаар байгаад ядарчихсан байдаг болохоор ажлаас нь ирэхээр нь “Хүүхдээ жоохон авч бай” гэхээр ердөө 5-хан минут аваад л “Чамайг дагаад байна, яах юм” гээд над руу аваад ирнэ. Эсвэл хүүхэд харж байна гэж хэвтчихээд утаснаасаа салахгүй, хүүхдээ огт анзаарахгүй газраас янз бүрийн юм авч идүүлэх гээд байдаг. Өчигдөр аяга хагалчихаад өөрөө п… гээд уурлаад л, хагархайгаа түүж байснаа намайг хүүхдээ тэврээд зогсож байхад “Яваад тоос сорогч аваад ир” гэж тушаадаг байгаа. Би “Хүүхэд тэвэрчихсэн байна шүү дээ, доош нь тавьчихаар хагархай дээр гар хөлөө зүсчихнэ” гэсэн чинь “Тэгвэл тэврээд очоод аваад ирээч дээ, би соруулчихъя” гэнэ. “Чи өөрөө яваад авчих л даа, би хүүхэд тэвэрч очиж тоос сорогч авчрах, чи өөрөө яваад авчрах хоёрт ямар ялгаа байгаа юм бэ” гэсэн чинь өөдөөс шууд уурлаж байгаа юм.
Хүүхэд байнга тэврүүлэх гээд нуруу өвдөөд, үнэхээр ядраад байна гэхээр урдаас “Би ч гэсэн ажил дээрээ ядарч байна. Харин ч чи ажил, мөнгө гэж санаа зовохгүй амар байгаа шүү дээ” гэж уур хүргэнэ. “Чи тэгвэл бүтэн өдөр хүүхдээ гэртээ ганцаараа хараад үзэх юм уу” гэхээр “Мөөмөө өгчих, чи ээж нь юм биз дээ” гээд утгагүй тэнэг юм яриад сууна. “Хүүхэд харах амархан юм бол чи тэгвэл ажил хийж мөнгө ол, би хүүхдээ харъя” гэж томордог мөртлөө яг үнэндээ бараг хүүхдээ ганц өдөр ч бүтэн харж үзээгүй байж ингэдэгт нь үнэхээр гомдож байна. Эрчүүд ер нь яагаад гэртээ хүүхэд харж суугаа эхнэрээ зүгээр амарч байгаа мэтээр боддог юм бэ? Бүсгүйчүүд ээ, ийм харилцааг яаж засах вэ?