Юунаас эхлэхээ сайн мэдэхгүй л байна. Би гэдэг хүн одоо 23 настай, залуухан ээж. Жирэмсэн бөгөөд гэртээ жаахан хүүхэдтэй. Гэтэл нөхөр гэдэг хүн маань гэнэтхэн л өөр хүнд хайртай дуртай боллоо гээд яваад өгчихлөө. Аж амьдралаа, гэр бүлээ авч үлдэх гэж, бүтэн байлгах гэж зөндөө л үзлээ. Одоо шантран шалдаа бууж, шал арчиж сууна даа.
Биеэ хуваан байж хүүхдийг нь төрүүлж өгөөд, ахиад л хэвлийдээ хүүхдийг нь тээн үлдэж байхад эр хүн та нар юу гэж боддог юм бэ гэж асуумаар байна. Би өөрийгөө тийм муу эхнэр гэж хэлэхгүй ээ. Яагаад гэвэл хүүхдээ цэцэрлэгт нь өгчихөөд ажлаа хийнэ, орой ирэхээс нь өмнө хоол ундаа хийж, гэр орноо цэвэрлэнэ. Хортой зуршил байхгүй, нөхрийг “Найзуудтайгаа уулзъя” гэхэд нь хэзээ ч уурлаж царгалдаггүй, “Миний ханиа” гээд л гаргадаг байв. Хадам аав, ээжийгээ ч бусдынх гэж боддоггүй. Ер нь л айл гэр болж, нөхөртөө дэм тус болох юмсан гэж хичээдэг байсан. Миний хичээл зүтгэл дутсан юм болов уу, эсвэл би тийм муу хүн байсан юм болов уу гэж өөртөө л бурууг өгөөд сууж байна даа.
Одоо тэрний маань нөхөрлөөд яваад байгаа хүүхэд нь 10-р ангийн 15-тай охин. Манай хүн өөрөө 29-тэй. Би гэдэг хүн чинь 23-тай. Бид хоёр 4 жил үерхэж, 2 жил нэг гэрт хамт амьдарсан. Даанч юу нь буруу эргэснийг сайн мэдэхгүй юм. Яагаад тэр хүн өөр хүнийг сонгоод явааг гайхаад, шөнөжин уйлж, өглөө нь инээгээд явж байгаа ч гэсэн дотор минь үнэндээ үхэж байна.
Одоо энэ байдлаасаа яаж гарахаа ч мэдэхгүй байна. Жирэмсэн болохоор бүр ч сэтгэл санаа хямарч, бие эцэж ядран, асар их шаналж байна. Үнэхээр хэцүү байна. Заримдаа охиноо ахдаа үлдээгээд өөрөө үхчихмээр санагдах юм. Бүр байнга тэгж бодогддог боллоо. Гэхдээ хүмүүс “Хүүхдээ боддоггүй ямар арчаагүй юм” гэж ярих байх л даа. Гэхдээ үнэхээр энэ үеийг амьд даван туулж чадах эсэхээ ч мэдэхгүй байна.
Манайх өндөр давхарт байдаг юм л даа. Цонхоор харахаар л унаад үхчихмээр санагдаад, тэгвэл арай дээрдэх юм шиг санагдаад үнэхээр яахаа, учраа олохгүй юм. Инээгээд өөрийгөө ч хуурч чадахгүй байна. Ажилдаа явах гээд нүүрээ будаж суухдаа хүртэл “Чиний арчаагүгээс болж нөхөр чинь яваад байна” гэсэн бодол төрөөд байна. Үнэхээр яагаад ингэснийг мэдэхгүй юм.
Одоо энэ байдлаас яаж гарах хэрэгтэй вэ? Хүүхдээ авахуулчихмаар байвч даанч 6 сартай болчихсон. Төрүүлээд өргүүлждэг юм уу гэхээр “Үнэхээр сайн хүн таарах болов уу” гэсэн айдастай. Өөрөө ганцаараа өсгөж чадахгүй гэдгээ мэдэж байгаа болохоор л ингэж бодож байгаа юм шүү. Та нар битгий намайг харааж зүхээрэй. Надад туслаач.