Өмнөд Америкийн Колумб улсын Амазоны шигүү ойд иргэний агаарын тээврийн бага оврын онгоц сүйрч, насанд хүрсэн гурван хүн амиа алдсан харамсалтай явдал гарсан билээ. Гэвч уг агаарын ослоос амьд үлдсэн 11 сартай нярайг оролцуулаад дөрвөн ах дүүс 40 хоногийн турш зэрлэг байгальд төөрсний эцэст Колумбийн зэвсэгт хүчнийхэнд эсэн мэнд олдож, дэлхий нийтийг алмайруулсан гайхамшигт үйл явдал боллоо.
Осол 2023 оны 5 дугаар сарын 1-ний өдөр болжээ. 6 зорчигчтой, Cessna C206 загварын нэг хөдөлгүүрт онгоц Араракуара тосгоноос Сан Хосе де Гуавиаре хотыг чиглэн нисэж байхдаа хөдөлгүүрийн гэмтлийн улмаас ослын дохио өгч, удалгүй радарас сураг тасарсан байна. Ослын газарт эрэн сурвалжлах багийнхан хоёр долоо хоногийн дараа буюу 5 сарын 16-нд очиход онгоцны сэгэн дотор ээж нь болон насанд хүрсэн гурван хүний цогцос байсан ч хүүхдүүд хаа ч байсангүй.
Хүүхдүүдийг амьд байгаа гэж итгэсэн Колумбийн арми болон уугуул иргэдийн сайн дурын 150 гаруй хүнтэй хамтарсан тусгай баг эрэл хайгуулыг асар өргөн хүрээтэйгээр эхлүүлжээ. Манантай, шигүү ургамалтай жүнглид харагдах орчин хязгаарлагдмал байсан тул цэргүүд нисдэг тэргээр хоол хүнстэй хайрцгуудыг ойд хаяж, шөнөөр дохионы пуужин буудан, хүүхдүүдийн эмээгийнх нь бичүүлсэн “Нэг газраа хүлээж бай” гэсэн дуу хоолойг чанга яригчаар цацаж байв.
Удалгүй эрлийн багийнхан ойн гүнээс хүүхдийн хөлийн мөр, угж, жигнэмэгний үлдэгдэл болон хазсан жимсний хальснуудыг олж, хүүхдүүдийг амьд байгаа гэх найдвар улам бадарчээ. Эцэст нь эрэлч нохой хүүхдүүдийн байршлыг тогтоож, цэргүүд тэднийг аюулгүй бүсээс олсон юм.
Тус хүүхдүүд нь Амазоны ой гүнд амьдардаг уугуул Хуитото омгийн иргэд байв. Насанд хүрээгүй 13, 9, 4 настай болон 11 сартай дөрвөн ах дүүсийн том нь ой дотор ямар жимс идэж болох, яаж аюулаас зайлсхийх талаар амьдрах ухааны зохих мэдлэгтэй байсан нь тэднийг 40 хоногийн турш эсэн мэнд үлдэхэд хамгийн том түлхэц болсон гэж албаныхан онцолжээ.
Колумб улсын Ерөнхийлөгч Густаво Петро хүүхдүүдийг эсэн мэнд олдсоны дараа:
“Тэд бол амьд үлдхийн гайхамшигт үлгэр жишээ. Тэд бол жүнглийн хүүхдүүд, одоо Колумб улсын хүүхдүүд боллоо. Байгаль дэлхий, зэрлэг ой тэднийг хамгаалж чадлаа” хэмээн бахархан мэдэгдсэн байна.
Дөрвөн хүүхдийг шигүү ойн дундаас тусгай нисдэг тэргээр агаараас татаж гарган, нийслэл Богота хотын цэргийн төв эмнэлэгт хүргэн шингэний дутагдал, шавжид хазуулсан шархыг нь эмчилж, сэтгэл зүйн тусламж үзүүлж байна.
SOURCE: www.wdsu.com/article/dale-sanders-oldest-appalachian-trail-hiker/73570712