Шинжлэх ухаан ба генетикийн салбар асар хурдацтай хөгжиж байгаа ч байгаль эхийн ховор тохиолдол, хүний сонирхолтой амьдралын өмнө мухардах үе байдаг. Бразилд болсон нэгэн шүүхийн маргаан дэлхий нийтийн анхаарлыг татаж, генетикчид болон хуульчдыг асар том сорилтод оруулсан юм.
Ганцхан өдрийн зайтай хоёр ах дүүтэй харилцаанд орсон нь
Нэгэн залуу эмэгтэй нэг өндөгний адилхан ихэр болох Fernando болон Fabricio гэх хоёр залуутай зэрэг харилцаатай байжээ. Тэрээр хоёр ах дүүг яг адилхан төрхтэйг нь ашиглан нэг нэгнээ орлож байгааг эхэндээ мэдээгүй бөгөөд хожим нь тэдний хэн хэнтэй нь дотно харилцаанд орсон байна.
Тун удалгүй бүсгүй жирэмсэн болсноо мэдэж, хүүхэд төрсний дараа хоёр залуугийн хэнээс нь ч тэтгэмж авч чадахгүй нөхцөл байдал үүсжээ. Учир нь хоёр ах дүү хоёул хүүхдийн эцэг гэдгээ хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж, нэг нэг рүүгээ зааж байв.
Шинжлэх ухааны мухардал: 99.9% ижил ДНК
Ээж нь хүүхдийнхээ эцгийг тогтоож, аливаа хариуцлагыг нь үүрүүлэхийн тулд шүүхэд гомдол гаргаж, ДНК-ийн шинжилгээ хийлгэжээ. Гэвч шинжилгээний хариу бүгдийг шоконд оруулсан юм. Нэг өндөгний ихрүүд генетикийн хувьд маш ижил тул энгийн ДНК шинжилгээгээр хүүхдийн эцэг Fernando юу, эсвэл Fabricio юу гэдгийг 99.9%-ийн магадлалтайгаар ялгаж тогтоох боломжгүй байв.
Шүүхийн түүхэн шийдвэр
Шүүгч энэ хэргийг удаан хугацаанд хэлэлцсэний эцэст анагаах ухаан эцгийг нь нарийн тогтоож чадахгүй тул хүүхдийн эрхийг хамгаалах үүднээс шинэлэг шийдвэр гаргажээ. Шүүхээс адилхан ихэр хоёр залууг хоёуланг нь хүүхдийн албан ёсны эцгээр олон нийтийн бүртгэлд бүртгэж, сар бүрийн тэтгэмжийг хоёулаа тэнцүү хувааж төлөх үүрэг өгсөн байна.