Монгол ДОХ-той бүс хэмээн зарлагдахад ойрхон байна

Хүний алхам бүрт эрлэгийн элч сүүдэр мэт дагаж амь насыг нь авах өчүүхэн сиймхийг ч анзааран явдаг бол та аз жаргалтай байж чадах уу. Мэдээж хэнд ч үхэлтэй “нөхөрлөн”алхах нь таалагдахгүй нь лавтай. Тэгвэл дээрх зовлонг Монголд 46 хүн үүрч явна. Магадгүй дээрх азгүй хувь тавиланд унасан ч үүнийгээ мэдэлгүй яваа олон зуун хүн байхыг үгүйсгэх аргагүй. Та миний юуны талаар өгүүлж буйг гадарласан биз. Хэдхэн жилийн өмнө ДОХ хэмээх аймшигт өвчний талаар сонсоод сэтгэл хэрт хийдэг байсан бол одоо уг өвчин бидний хажууд “тухлах” болов.

Олон зуун сая хүн амтай улсын хувьд 46 гэдэг нь бага сонсогдож болох ч цөөн хүн амтай Монголын хувьд энэ нь ДОХ-той бүс хэмээн зарлахад ойртуулж буй нь харамсалтай.

Дээрх аймшигт өвчин илаарших боломжгүй гэдгийг хүн бүр мэднэ. Мөн өвчилсөн хүн сэтгэл санаа болон нийгэмд эзлэх байр суурийн хувьд ч туулж баршгүй хохирол амсдаг. Нөгөөтэйгүүр уг өвчин нь Монгол Улсын дэлхийд үнэлэгдэх байр суурийг бууруулж иргэдийн аз жаргалаас хумсалж байгаа нь эмгэнэлтэй. Өөрөөр хэлбэл, дээрх өвчин хувь хүн бус нийгэмд хамаатай байдаг.

Монголчууд өвчнийг хэлж ирдэггүй хийсч ирдэг хэмээдэг. Тэгвэл ДОХ зарим тохиолдолд хэлж ирж байгааг анзаарахгүй байж болохгүй.

ДОХ-оор өвчилсөн хүмүүсийн 76 хувь нь эрэгтэй бөгөөд тэдний ихэнх нь ижил хүйстэн. Мөн ихэвчлэн бэлгийн замаар халдвар авч байгаа юм. Нэг үгээр хэлбэл.уг өвчнөөс урьдчилан сэргийлэх боломж байгаа гэсэн үг. Аливаа улс оронд нийгмийн янз бүрийн төлөөлөл байдаг. Энэ нь ч зүй ёсны хэрэг. Үүнтэй нэгэн адилаар манайд ижил хүйстнүүд амьдарч зовлон, жаргалыг туулж яваа. Харин эдгээр хүний зарим нь бусдын адил үүрэг, хариуцлага гэх зүйлийг ухамсарлах нь зүй ёсны хэрэг.

Одоогоос 16 жилийн өмнө манайд ДОХ-оор өвчилсөн анхны тохиолдол илэрч байв. Тухайн үедээ энэ нь нийгэмд асар их түгшүүр зарлаж байлаа. Түүнээс хойш жилд нэг тохиолдол илэрдэгбайсан бол энэ нь нэмэгдэж одоо сүүлийн хоёр сарын дотор гурван тохиолдол бүртгэгджээ. Өөрөөр хэлбэл, дээрх түгшүүр нь биөлэлээ олж эхлэж байна. Хамгийн сүүлд бүртгэгдсэн гурван хүний хоёрыг нь идэвхитэй тандалтаар, сайн дураар нэг хүнийг илрүүлсэн. Нэг хүний ард халдвартай 50-100 хүн байх магадлалтай гэдэг. Энэ нь нийгмийг дээрх өвчний хар сүүдэр хэрхэн бүрхэж буйн дохио юм. Гэхдээ уг сүүдрээс хол байх боломж залууст хангалттай бий.

Энэ талаар залуус мөн л хангалттай мэдлэгтэй билээ. Харин үл ойшоодог нь харамсаад барахгүй хохирол амсахад хүргэдэг.

Эрүүл мэндийн яам болон холбогдох газруудаас дээрх өвчинтэй тэмцэхэд тодорхой арга хэмжээ авч байгаа. Гэхдээ уг өвчинтэй тэмцэхэд хувь хүнээс их зүйл шалтгаалдаг. Ялангуяа энэ нь эрчүүд болон ижил хүйстэн илүү их хамаатайг тоо баримт харуулж байгаа юм.

SOURCE: Нийгмийн толь

1 Comment

  1. ss says:

    iim yuman neg setgegdel alga

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.