Жирэмслэхээс сэргийлэх арга, хэрэгсэл /1/

1259214_c99810b6

МЭС ЗАСЛЫН АРГА

Эрэгтэй хүний үрийн суваг, эмэгтэй хүний умайн гуурсан хоолойг боох мэс засал нь ЖСАХ-ийн нэг болдог. Ийм мэс ажилбарыг сайн дурын үндсэн дээр хийдэг бөгөөд үндсэндээ дахин үр тогтох боломжгүй болгодог байна. Энэ арга нь дахин хүүхэд төрүүлэхгүй гэж хатуу шийдсэн хүмүүст л тохиромжтой. Нэгэнт ийм мэс засал хийлгэчихсэн тохиолдолд үр тогтоох (жирэмслүүлэх) эсвэл тогтох (жирэмслэх) чадварыг сэргээх боломж төдийлэн баталгаатай биш байдаг. Манай улсын хувьд эрэгтэй хүний үрийн сувгийг боох аргыг бараг хэрэглэдэггүй гэж хэлж болно. Харин эмэгтэйн умайн гуурсан хоолойг кесар хагалгаа хийлгэх, эсвэл эмэгтэйчүүдийн өвчний улмаас мэс засал хийлгэх үед л хосуудын шийдвэрийг үндэслэн хийдэг ажээ. Манай улсад нийт эмэгтэйчүүдийн 2.3 хувь нь умайн гуурсан хоолойгоо боолгосон байна. 

Эрэгтэй хүний үрийн сувгийг боох

Энэ нь эр бэлгийн эсийг төмсөгний дайвраас цааш нь дамжуулдаг үрийн сувгийг мэс заслын аргаар боож, улмаар үргүй болгодог арга юм. Энэхүү мэс ажилбарт дунджаар 20 минутын хугацаа шаарддаг. Хуухнагийн арын дээд хэсгийн хоёр талд 0.5-1 см жижиг зүслэг хийж, үрийн сувгийг боож тасалдаг.

mes-zasal1

Эрэгтэйн үрийн сувгийг боох арга

Үрийн сувгаа боолгосон эрэгтэй цөөн хоногийн дараа бэлгийн хавьтал үйлдэх боломжтой болдог. Гэхдээ энэ мэс ажилбарыг хийлгэсний дараах хэд хоногт боож тасалсан хэсгээс наана үр тогтоох чадвартай эр бэлгийн эс үлдсэн байх магадлалтай тул хэд хоногтоо жирэмслэхээс сэргийлэх аль нэг аргыг давхар хэрэглэх шаардлагатай.

Үрийн суваг боох аргын талаар зарим ташаа ойлголт байдаг. Тухайлбал, төмсгийг нь авч хөнгөлдөгтэй ижилсүүлэн ойлгож, “эмших” үр дагавартай гэж үзэх нь нийтлэг байдаг. Гэтэл үнэн хэрэгтээ төмсөг хэвээрээ үлддэг бөгөөд тестостерон даавар нь ялгарч цусаар шимэгдэн тархаж үйлчилсэн хэвээр байдаг. Зарим хүн үрийн сувгаа боолговол үрийн шингэн ялгарахаа больдог гэж ойлгодог. Гэвч энэ нь мөн л ташаа ойлголт юм. Учир нь үрийн шингэний гол хэсгийг үрийн цэврүү ба түрүү булчирхайн шүүрэл бүрдүүлдэг.

Иймээс эдгээр булчирхайн шүүрэл буюу үрийн шингэн хэвийн байдлаар ялгарах ба зөвхөн эр бэлгийн эс л агуулахаа болино. Өөрөөр хэлбэл, үрийн шингэн үр тогтоох чадваргүй л болж байгаа хэрэг болно.

Үйлчлэх зарчим. Энэ аргын үйчлэх зарчим нь үрийн сувгийг тасалсан хэсгээс цааш эр бэлгийн эс нэвтрэх боломжгүй болгож, үрийн шингэнд нэвтрэн орохоос сэргийлдэгт оршдог.

Үр нөлөө. Үрийн сувгийг боох нь 100 хувийн үр нөлөөтэй арга юм. Жирэмслэх магадлал 0.1 хувь бөгөөд энэ нь өмнө тайлбарласнаар хийлгэсний дараахан давхар хамгаалалт хэрэглээг үйтэй холбоотой байдаг.

Гаж нөлөө. Үрийн сувгийг боосноор илрэх гаж нөлөө бага юм. Нийт тохиолдлын 5 хувьд нь зүслэгийн шарх идээлж үрэвсэх магадлал байдаг. Мөн зарим сэтгэл зүйн бэрхшээл улмаар бэлгийн хямрал үүсэх нь хааяа тохиолддог. Тухайлбал, үрийн сувгаа боолгуулсан нийт эрчүүдийн 5-10 хувь үүнийг хийлгүүлсэндээ хожим нь харамссан байдаг.

Үр тогтоох чадвар сэргэх эсэх. Үрийн сувгийг боолгосны дараа шаардлагатай тохиолдолд үр тогтоох чадварыг нь сэргээх чиглэлээр анагаах ухааны салбарт хийгдэж буй ажил нэлээд үр дүнд хүрээд байна. Хэдийгээр нэгэнт хийлгэчихсэн тохиолдолд үрийн сувгийг дахин холбож, битүүрлийг нь арилгах нь туйлын төвөгтэй ч орчин үеийн бичил мэс заслын аргаар үр тогтоох чадварыг сэргээх магадлал 50 хувьд хүрчээ. Энэ нь өндөр магадлал мэт гэж санагдаж болох боловч, хоёр хүний нэг нь л үр тогтоох чадвараа сэргээлгэх магадлалтай гэж үзвэл тийм өндөр биш юм. Иймээс үрийн сувгаа боолгохын өмнө сайтар бодож шийдвэр гаргахын чухлыг дахин сануулах хэрэгтэй. Учир нь “хөнгөн” шийдвэр гаргасны дараа үр тогтоох чадвараа сэргээлгэхэд нарийн мэс ажилбар шаардахын зэрэгцээ хоёр хүний азтай нэгд “багтах” эсэх нь тодорхойгүй билээ. Мөн дараа сэргээлгэнэ гэж бодон үрийн сувгаа боолгох нь “утгагүй” шийдвэр гэвэл хэн ч зөвшөөрөх байх.

Иймээс үрийн сувгийг боолгохоосоо өмнө үр тогтоох чадвар дахин сэргэх “боломжгүй” гэсэн бодолтой л хандах ёстой. Үүний зэрэгцээ үрийн сувгийг боолгосны дараа хүний дархлалын тогтолцоо нь өөрийн эр бэлгийн эсийн эсрэг “эсрэг биетүүдийг” үүсгэдэг гэсэн мэдээлэл ч зарим эх сурвалжид байна. Энэ нь үр тогтоох чадвар сэргэхгүй байхад мөн давхар үүрэг гүйцэтгэдэг байх талтай.

Давуу ба сул тал. Үрийн сувгийг боох аргын гол давуу талууд нь өндөр үр нөлөөтэйн зэрэгцээ ямар нэг гаж нөлөө багатай явдал юм. Мөн үнэ өртгийн хувьд ч хямд арга юм. Ийнхүү хэзээ ч үр тогтоохгүй болдог нь хоёр талтай гэж хэлж болно. Нэгэнт энэ мэс ажилбарыг хийлгэсэн тохиолдолд жирэмслэхээс хамгаалах талаар санаа зовох хэрэггүй болдог нь давуу тал юм. Гэтэл энэ шийдвэрийг сайтар тунгаан бодолгүйгээр гаргасан тохиолдолд “харамсах” өдөр хааяа гардаг нь түүний сул тал гэж хэлж болох юм.

Мөн БЗДХ/ХДХВ/ДОХ-оос сэргийлэх боломжгүй нь энэ аргын дутагдалтай тал билээ.

Эмэгтэй хүний умайн гуурсан хоолойг боох

Энэ нь эмэгтэйн умайн гуурсан хоолойг боож битүүлэх мэс заслын арга юм. Энэхүү мэс заслыг нь анагаах ухааны хэллэгээр минилапартоми эсвэл лапароскопи гэж нэрлэдэг.

mes-zasal2

Эмэгтэй хүний умайн гуурсан хоолойг боох арга

Минилапартомийг хэвлийд 3 см хүрэхгүй жижиг зүслэг хийж, хоёр талын умайн гуурсан хоолойг боодог (зарим тохиолдолд тасалдаг). Лапароскопийг хийхдээ хэвлийд хийсэн жижиг зүслэгээр тусгай дуран оруулж, түүгээр умайн гуурсан хоолойг боодог. Аль ч ажилбарыг хийхдээ тухайн хэсэгт мэдээ алдуулалт хийдэг. Мэс ажилбар дунджаар 20 минут үргэлжилдэг бөгөөд эмэгтэйг заавал эмнэлэгт хонуулах шаардлагагүй, хөнгөн мэс ажилбарын төрөлд багтдаг.

Зарим эмэгтэй ийм мэс ажилбар хийлгэхэд өндгөвчийг нь, эсвэл умайг нь авдаг, улмаар “цэвэршдэг”, эсвэл “биений юм ирэхээ больдог” гэж ойлгодог. Гэхдээ үнэн хэрэгтээ өндгөвч байх ёстой газраа байж даавар ялгаруулсаар байдаг. Мөн умай ч байгаа тул биений юм ирсээр л байдаг.

Үйлчлэх зарчим. Эмэгтэйн умайн хоёр гуурсан хоолойг боож битүүлснээр өндгөн эс эр бэлгийн эстэй нийлэх боломжгүй болгодог.

Үр нөлөө. Эмэгтэй хүний умайн гуурсан хоолойг боох нь 100 хувийн үр дүнтэй арга юм. Жирэмслэх магадлал 0.5 хувь гэж үздэг нь тайрсан умайн гуурсан хоолойн үзүүр нь маш ховор тохиолдолд эргэж нийлэн эдгэрэх, эсвэл мэс засал хийх үед эмэгтэй жирэмсэн байсан зэрэг ховор тохиолдолтой холбоотой байдаг.

Гаж нөлөө. Заримдаа зүслэгийн шарх идээлэх, шархнаас цус гарах зэрэг тохиолдлыг гаж нөлөө гэж болох юм. Умайн гуурсан хоолойгоо боолгосон эмэгтэйчүүдийн нэг орчим хувь нь ийм хүндрэлтэй тулгардаг.

Үр тогтоох чадвар сэргэх эсэх. Бичил мэс заслаар умайн гуурсан хоолойгоо боолгосон эмэгтэйн үр тогтох, жирэмслэх чадварыг сэргээх боломж орчин үеийн анагаах ухаанд бий. Сэргээх мэс засал амжилттай болох магадлал нь умайн гуурсан хоолойг боосон аргаас хамааралтай бөгөөд 45-80 хувь байдаг. Гэхдээ мөн л эрэгтэй хүний үрийн сувгийг боох аргын адил эмэгтэй ийм мэс засал хийлгэхийн өмнө дахин хүүхэд төрүүлэх боломжгүй болно гэсэн бодолтойгоор шийдвэр гаргах ёстой. Өөрөөр хэлбэл, маш нухацтай бодож, үнэхээр дахин хүүхэд гаргахгүй гэж баттай шийдвэрлэсэн л бол хийлгэх нь зүйтэй юм.

Давуу ба сул тал. Өндөр үр нөлөөтэй, гаж нөлөө багатай, үнэ өртөг хямд зэргийг энэ аргын давуу тал гэж үзвэл бэлгийн замаар дамжих аливаа халдвараас сэргийлж чаддаггүй нь энэ аргын гол дутагдалтай тал нь билээ.

SOURCE: Хүний бэлгийн амьдрал

4 Comments

  1. prl says:

    bi law hairtiiga ingej zowoohgvee

  2. money says:

    үнэхээр хэрэгтэй юм бичжээ .баярлалаа .тэр эрэгтэй үрийн сувгаа сэргээх эмчилгээ хаана хийдэг бол.хятад улсад хийж байгаа гэж сонссон хэр найдвартай бол.

  3. tergelsaran says:

    hamgaalah em uuh ni yamar bdiin boloo?bi bainga belgiin haritsaand ordoggui l dee,orohgui bsan ch uuj boldiin bovuu?belgiin haritsaand udaan orkuu bh ni emegtei hund muu yu?

  4. Lons says:

    Гаж нөлөө. Заримдаа зүслэгийн шарх идээлэх, шархнаас цус гарах зэрэг тохиолдлыг гаж нөлөө гэж болох юм. Умайн гуурсан хоолойгоо боолгосон эмэгтэйчүүдийн нэг орчим хувь нь ийм хүндрэлтэй тулгардаг.

    Gecheed door ni Давуу ба сул тал. Өндөр үр нөлөөтэй, гаж нөлөө багатай, үнэ өртөг хямд зэргийг энэ аргын давуу тал гэж үзвэл бэлгийн замаар дамжих аливаа халдвараас сэргийлж чаддаггүй нь энэ аргын гол дутагдалтай тал нь билээ.

    Gehiimaaa Shaal agaariin zuvulguu

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.