ДОХ

151167-01122014-1417398718-6975753-AIDS

ДОХ гэдэг нь дархлалын олдмол хомсдлын хам шинж гэсэн үгний товчлол юм. Энэ өвчин нь хүний дархлалын системийг ажилгүй болж, үхэлд хүргэдэг шинэ зууны аймшигт тахал юм. ДОХ-ын шинж тэмдэг анх 1978 онд АНУ, Швед болон Танзан, Гаитийн хэдэн өвчтөнд илэрч бүртгэгдсэн байдаг.

Удалгүй 1983 онд Францын Пастерийн институтын Люк Монтанье нь ДОХ-ын үүсгэгч болох хүний дархлаа хомсдлын вирусыг  буюу ХДХВ-г нээжээ.

Энэхүү вирусын гарал үүсэл, бүтэц, амьдрах чадвар болон дамжих замыг нарийн тодорхойлоод байгаа ч харамсалтай нь эсрэг эмийг одоо хүртэл бүтээж чадаагүй байна. Статистик мэдээгээр  ХДХВ ын халдварын тархалт нь түгшүүр төрүүлж байна. Статистик мэдээнээс үзвэл дэлхий дээр ХДХВ-ын халдвар авсан 40 сая гаруй хүн байдаг ажээ.

Шалтгаан

ДОХ-ын халдвар авах хэд хэдэн зам байдаг, үүнд:

-Хамгаалалтгүй (бэлгэвч хэрэглэхгүй) бэлгийн харьцаанд орох (70-80 хувь)
-Зүү тариур  болон тарианы бусад багаж хэрэгсэлийг дахин хэрэглэх (5- 10 хувь)
-Ариутгаагүй багаж хэрэгсэл ашиглан шивээс болон цоолбор хийлгэх
-Сахлын хутга болон шүдний сойзоо сольж хэрэглэх (цусны үлдэгдэлтэй)
-Халдвартай цус шилжүүлэн юүлэх (5-10 хувь)
-ХДХВ ийн халдвартай эхээс вирус хүүхдэд халдах

Жирэмсэн байх үед, төрөлтийн явцад ба хөхөөр хооллох үед (5-10 хувь) ХДХВ нь цус, үрийн шингэн, үтрээний хэсэг болон эхийн сүүгээр дамжин халддаг. Yүнд бие организмын өөр төрлийн шингэнээр халдвар дамжих аюул байхгүй (шүлс, хөлс, нулимс, шээс г.м) Яагаад гэвэл халдварлахын тулд  вирус нь бага бөөгнөрөлтэй байх шаардлагатай байдаг. Халдварлахад шаардлагатай хэмжээний вирус нь тарианы үзүүрт багтах хэмжээний цусны дусалд агуулагддаг. Тийм хэмжээний вирус агуулагдах шүлсний хэмжээ 4 литр байх хэрэгтэй болно.

Явц

ХДХВ нь зөвхөн хүний биед л амьдрах чадвартай бөгөөд өөр орчинд удалгүй утсдаг. ХДХВ нь зөвхөн рибонуклейны хүчил хэлбэрийн удамшлын мэдээллийг агуулсан байдаг. Үүнээс болоод ХДХВ нь бие даан үржих чадваргүй. Иймд ХДХВ үржихэд өөр ямар нэг эсийн ДНХ шаардлагатай байдаг. Ингээд ХДХВ нь эсд нэвтрээд өөрийн удамшлын мэдээллийг суулгадаг. Yүний дараагаар ДНХ-г агуулсан эс нь вирусны үйлдвэр мэт ажиллаж эхэлдэг. Эцсийн эцэст тэр эс нь шавхагдаж барагдаад мөхдөг. Ингэж ХДХВ нь өөрийн үржилд бидний дархлааны системийн тодорхой эсүүдийг ашигладаг. Чухам энэ нь ХДХВ- ийн ямар аюултай болохыг харуулж байгаа юм. Тэрбээр албан хүчээр өөрийн үржилд  бидний дархлааны системийг ашиглаж, гэмтээдэг байна.

Ихэнх хүмүүс ХДХВ болон ДОХ  хоёрыг адилхан зүйл мэт боддог. Энэ бол тийм биш юм. Хүн ХДХВ–ийн халдвар авсан үед вирус нь бие мах бодийг хамгаалдаг дархлааны системийг гэмтээж эхэлдэг. ХДХВ–тэй хүн олон жилийн турш халдвар авсан гэдгээ ч мэдэхгүй байж болдог. Энэ хугацаанд вирус нь дархлааны системийг үргэлжлүүлэн гэмтээснээр хүн ямар ч энгийн өвчин амархан тусдаг болж, тэр нь эдгэрэхгүй улам хүндэрдэг. ДОХ –ын онош нь ХДХВ–аар халдварласнаас хойш хэдэн жилийн дараа, эсвэл хэд хэдэн хүнд өвчин туссаны дараа л тавигддаг.

ХДХВ-ийн халдвар авсан байж болзошгүйг илтгэх шинж нь: амны гэмтэл, биеийн халуун шалтгаангүйгээр өсөх, шөнөөр хөлс асгарах, гэдэс гүйлгэх, турах, амсьгалын хурц халдвар байнга тусах, үсэрхийлсэн цэврүүтэс болон бусад. Тэгэхээр ХДХВ ба ДОХ нь адил зүйл биш болох нь тодорхой байна. ХДХВ бол дархлааны системийг дарангуйлагч вирус, харин ДОХ бол вирустай хүний буурсан дархлааны үндсэн дээр үүссэн өвчний цогц юм.

Оношлогоо

Халдвар авсны дараа цусанд ХДХВ –ийн эсрэг биет үүсэхээс өмнөх үеийг “цонх үе” гэнэ. Тиймээс халдвар авснаас хойш 25 хоногоос 3 сарын дараа тусгай цусны шинжилгээний тусламжтайгаар вирусын эсрэг биетийг илрүүлдэг. ХДХВ-ийн цусны шинжилгээг аль ч эмнэлэгт хийж болно.ХДХВ-ийн эсрэг биетийг цусанд олж тогтоосон тохиолдолд шинжилгээний дүн эерэг (+) гэж гардаг. Нөгөөтэйгүүр, энэ нь хараахан эцсийн хариу биш бөгөөд учир нь авсан хариугаа баттай эсэхийг өөр нэгэн тестээр заавал дахин шалгадаг. Зөвхөн давтан шинжилгээний хариу эерэг гарсан тохиолдолд л эмч тухайн хүнд  ХДХВ-ийн халдвар илэрснийг мэдэгддэг. Ингэхдээ шинжилгээний хариуг эмч тухайн хүнд биечлэн мэдэгддэг бөгөөд энэ мэдээллийг чандлан нууцалдаг. ХДХВ-ийн халдвар болон шинжилгээний хариуны талаар дархлааны эмч, эсвэл бэлгийн замын өвчин судлаачтай зөвлөлдөж болно. Тэрээр шаардлагатай эмчилгээг зааж  өгөх болно.

Эмчилгээ

ХДХВ-ийн эмчилгээнд хэрэглэдэг эмийн бэлдмэлүүд нь вирусыг устгадаггүй бөгөөд зөвхөн ХДХВ-ийн үржих үйл явцыг саатуулж, идэвхийг бууруулдаг. ХДХВ-ийн идэвхийг идэвхийг бууруулснаар дархлааны эс  сэргэж ирдэг. Нэг дор гурваас дөрвөн  эмийн бэлдмэлийг хэрэглэхийг өндөржүүлсэн идэвхтэй, ретровирусны эсрэг эмчилгээ гэж нэрлэдэг. Яагаад гэвэл ийм эмчилгээний үр дүнд цусан дахь вирусны агууламжыг тодорхой түвшинд хүртэл бууруулж чаддаг. Нөгөөтэйгүүр энэ нь хүн вируснаас бүрэн ангижирсан гэсэн үг биш юм, учир нь ХДХВ нь зөвхөн цусанд төдийгүй, тунгалагийн булчирхай, түүнчлэн хүний бусад эрхтэнд ч бас байх боломжтой байдаг. Өөрийн эерэг ХДХВ-ийн байдлыг мэдэх нь хүнийг цагт тухайд нь эмнэлэгийн тусламж аван амь насанд халгаатай өвчнөөс сэргийлэхэд тус болдог. ХДХВ илэрсэн үед зарим нэгэн халдварт өвчнийг өөр аргаар эмчилэх хэрэгтэй болдог. Түүнчлэн ХДХВ-г тээгч нь дархлааныхаа байдал болон биеийн бусад үзүүлэлтүүдээ анхааран хянаж байх нь маш чухал юм. Ингэснээрээ цаг тухайд нь вирусны эсрэг эмчилгээ хийж, ДОХ  бий болох үйл явцыг зогсоох боломжийг олгодог. Мөн ХДХВ-ээр халдварласан хүн удаан амьдарч болохыг санах хэрэгтэй.

Урьдчилан сэргийлэлт

ХДХВ ба ДОХ нь хүмүүст айдас болон тайван бус байдлыг төрүүлдэг боловч энэ нь ихэнхдээ хэтрүүлэг байдаг. Хүмүүс ХДХВ-г энгийн ахуйн хавьтлаар халдана гэж айдаг. Yнэн хэрэг дээрээ эдгээр айдас нь үндэслэлгүй зүйл бөгөөд ХДХВ/ДОХ-той амьдарч буй хүмүүстэй энгийн хавьталд орох нь ямар ч аюулгүй юм. Нөгөөтэйгүүр бэлгийн хавьталд орох үед халдвар авах эрсдэлийг  ихэсгэдэг хэд хэдэн хүчин зүйлс байдаг;

-Бэлгийн замын өвчин. БЗХӨ -г “ДОХ-ын вирусыг нэвтрүүлэгч үүд” гэж нэрлэдэг. БЗХӨ-ий үед бэлэг эрхтэн дээр яр шарх үүсгэж, эсвэл салст бүрхүүлийг гэмтээснээр ДОХ-ын халдвар авах эрсдлийг эрс нэмэгдүүлдэг.
-Умайн хүзүүний шархлаа нь эмэгтэйд өөрт нь ч, эрэгтэйд ч мөн адил аюултай байдаг. Эмэгтэйн хувьд шархлаа нь вирусны “орох хаалга” болж өгдөг. Эрэгтэйн хувьд умайн хүзүүнээс вирустай эс нь хурдан дамжих боломжтой.
-Анусны хавьтал нь халдвар авах магадлалаараа үтрээгээр хавьтахаас илүү өндөр байдаг. Учир нь анусны (хошного) салслаг бүрхүүл  болон шулуун гэдэс гэмтэх өндөр эрсдэлтэй байдаг.

2 Comments

  1. zochin says:

    dox iig mongold emegtei hun l ehelj delgeruulsen, taraasan daa.

  2. ZOCHIN says:

    humuus doodohoosoo l bolohiim daa,manaihan gadniihaniig duuraij 3,4-uuruu hiine barina geh ni ih bolson yum shig bna lee,gadniihanaas bei daaj amidrah chadvar,ediin zasagiin ayulgui bdalaa hangah,tatvaraa shudargaar tulj,ajildaa hariutslagataig ni ehleed suraasai.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.