Эртний ХАТАН СУДЛАЛ буюу эмэгтэйн гоо сайхны тэгш хэмт чанар

anu_hatan49198967382013-04-10-11-59[www.urlag.mn]

“Алунгоо нь нүүр махлаг өргөн, шүд тэгш цагаан, нүд уужим, хамар өчүүхэн өндөр, бие нүнжлэг, үс хийгээд бие гоо үзэсгэлэнт, хөлс идэш багатай, нууцын орон зөөлөн зохист, үс тачирхан, их заан явах мэт төгөлдөр, нүд бие сормуус шар үсгүй, бие нарийн тэгш шулуун, биелэг чанар бүрдсэн” хэмээн 16-р зууны их түүхч, Сүмбэ хамба Ишбалжир бичиж үлдээжээ. Мөн их бичгийн хүмүүн Ванчинбалын Инжиннаш үзэсгэлэн төгс монгол хатдын тухай “Өнгө зүс нь цэцэгт үлтгэвэл цэцгээс амьдлаг, саранд адилтгавал сарнаас анхилмал, элтэл зүлгэсэн хасын толь мэт. Өнгө зүс, ухаан мэдэл нь ертөнцөд тасархай” гэж өгүүлсэн байдаг. Энэ нь аргагүй л эртний “Хүн судлал” юм.

new_banner

Гэвч хүн судлалын хэмжээнд аваад үзвэл антропологи, этнологи, этнографи гээд нарийсаад явчихна. Тиймээс үүнийг “Хүүхэн судлал” юмуу “Хатан судлал” гэвэл зохилтой ч юм шиг. Өнгө зүс, ухаан мэдэл нь тасархайгаас гадна зүйрлэшгүй хүч чадалтай, эр зоригтой монгол хатад мэр сэр байсан тухай түүх сударт тэмдэглэгдэн үлджээ. Монголын эртний хаад гоо эмс шалгаруулж байсан түүхэн баримт бас бий. Дорно дахины орнуудад гоо эмэгтэйг төдийгүй эр хүнийг ч шинжин сонгодог байж. Их бага 10 ухааны сударт үүнийг гол бүлэг болгож оруулсан нь хүн төрөлхтний удаан хугацааны ажиглалт, туршилт мөн болохыг илтгэнэ. Эрдэнэт хүний бие цогцосыг олж төрсөн үй олны дотроос гоо сайхны охь манлай болсон хэм тэгш, үлэмж үзэсгэлэн бүрдсэн бодьгалыг шинжин сонгох тэрхүү судлал нь түүхэн хөгжлийн явцад улам боловсронгуй болж, жинхэнэ дорно дахины шинжийг олоод зогсохгүй хүний бие эрхтэний гадаад шинжээр дотоод мөн чанар, хувь заяаны зам зургийг тодорхойлох хэмжээнд хүртэлээ хөгжин гүнзгийрчээ.

Гоо сайхны тэгш хэмт чанарыг дорно дахинд тухайн хүний өөрийнх нь хуруугаар хэмждэг байж. Энэ нь нийтэд түгээмэл хэмжигдэхүүн болж он цаг, эрин зууны сорил шүүлтийг даван гарч ирээдүй хойчдоо үнэн зөв, цэцэн мэргэн ухаан болж өвлөгджээ. Түмний манлай, мянганы сор болсон гоо бүсгүйг олж сонгож “Хатан” хэмээх эрхэм нэрээр хүндэтгэнэ гэдэг тухайн бүсгүй хүндээ дээдийн дээд заяа байж. Ингэж шалгарсан бүсгүй хүний сайн шинж нь болбоос “Үс зөөлөн, гарын хэмжээ тэгш, манлайн зураг тэгш, нүүр хацар цэлгэр үзэсгэлэнтэй, хөмсөг хар, шүд цагаан бөгөөд тэгш, нүд уужим, уруул улаан бөгөөд урт, эгшиг нь нарийн бөгөөд эелдэг, хөл гарын хуруу урт, завсаргүй, хумс улаан бөгөөд бөөрөнхий, зураг нь тод сайхан, гарын хурууг зэрэгцүүлэн босговоос завсаргүй, аарцаг дэлгэр бөгөөд зузаан, аарцагны үс өчүүхэн бөгөөд зөөлөн, бэлхүүс нарийн, хүйсний дорд хөндлөн зураг хоёр буюу гурав буй, мөр дэлгэр, хөхний амсар цухал бөгөөд хөх нь өндөр чилгэр, нойр болоод идэш нь бага, үс, бие нь өнгө сайтай, газар дэлхий хөдөлгөх мэт галууны явдлаар баруун эргэж няцах” болой. Лянхуа буюу ахайтаны зургаан шинж нь яст мэлхийн ар мэт өндөр, их зааны дэл мэт сийрэг, усгүй, мах дэлгэр, гүн уужим цагаан буюу улаан эдгээр сайн болно.

Энэ бүхэн бүрдэх бэрх боловч хагас шинж нь бүрдвээс өлзийтэй. Эм хүний найман эрдэм нь нөхрөө эзгүй боловч тачаангуйн эрхэнд үл орох, бусдыг үл сэтгэх, бусдад анхааралгүй, дэмий чалчаагүй, үнэнийг өгүүлэх санаа зохилдох ба буруу үйлгүй, хөвгүүн заяа ихтэй болно. Бодитой шинжлэхийн арга нь гэвээс таван урт, таван нарийн, дөрвөн ахар, зургаан өндөр, долоон улаан, гурван гүн, гурван уужим болбоос сайн. Таван урт хэмээвээс хөл, гар, нүд, хамар, өвчүү болой. Таван нарийн нь үс, хуруу, үес, арьс, шүд болой. Дөрвөн ахар нь хоолой, хөлийн өлмий, хянга, шилбэ болой. Зургаан өндөр нь дух, хамар, өвдөг, өвчүү, суга, хавирга болой. Долоон улаан нь тагнай, хэл, нүдний хязгаар, уруул, хумс, хөл гарын алга болой. Гурван гүн нь эгшиг дуу, сэтгэл, хүйс болой. Гурван уужим нь толгой, магнай, цээж болой. Эдгээр бүрдвээс эрхэм сайн” гэж эртний мэргэд номлосон байх аж.

Түүнчлэн эртний бурхан шашны мэргэд эмэгтэй хүний талаар номлохдоо “Уужим ертөнцөд муу үйл гаслангийн тал мэт их. Тиймээс үй олон үүргээр хүн төрөлхтөн магадтай уйддаг. Түүн дор баясгалангийн дуршилыг өгч чадах цэнгэлийн нөхөр бол бүсгүй хүн. Бүсгүй хүн бол үйлийн хувилгаантай адилхан. Үзсэнээр сэтгэлийг баясгах дүрсийн охин тэнгэр. Удам угсаа язгуурыг сайтар үүсгэгч тариалангийн орон. Өвчнөөр зовохын үед сувилан асарч, өргөгч эх. Уйссан сэтгэлийг сэргээн засагч уяхан дуулаач. Гэргийтний үүрэг бүгдийг үйлдэгч шивэгчин. Нэгэн насны зорилгыг тэтгэгч хань. Ямагт гурав дахь хүн харах аргагүй, сонсох аргагүй үйлийг үйлдэгч. Тийм бөгөөс урьд хураасан үйлээр холбогдсон эхнэр дор эдгээр эрдэм байхад түүнийг эрээс доршоож ялгаварлан үзэх нь огт буруу юм” гэж онцолсон байх аж. Мөн “Тэрсүүдийн ном”-нд өгүүлэхдээ “Хаан хүн мянган эхнэр авч болно. Энэ нь хааны эрдэм юм” гэж дуурсгадаг. Мянган эмэгтэйг өөрийн гэргий болгоод авчихсан болохоор хэнтэй нь ч унтсан ёсолж авсан эхнэрүүд болохоор олон хүнтэй явалдсан гэм гарахгүй гэж хаадаг.

Харин эмэгтэй хүн арван эртэй явалдах юм бол хорвоод байхгүй бузар булай болгож, жигшин зэвүүцээд сүйд болдог. Тэгэхээр эм хүнийг ингэж дооршоож, эр хүнийг дээршээж ялган салгаж үздэг нь тэрсүүдийн буруу ёс юм. Эр, эм хоёр уг чанартаа бол адилхан. Эр, эм хүнд дутуу зүйл байхгүй. Гэсэн хэдий ч язгуур өөр. Эрд байхгүй зүйлийг эмэгтэй нөхөж өгдөг. Эмэгтэйд байхгүй зүйлийг эр нь нөхөн өгч эвсэн нэгдэж амьдардаг жамтай. Бие биенийхээ гадна, дотно тал болж хоёр биенээ тэтгэх ёстой” гэж сургажээ. Мөн сайхан хүүхэнд сатаарах савсаг эрийг хэрхэн таньж мэдэх талаар бурханч лам Г.Пүрэвбат тун онож хэлсэн байдаг. Жишээ нь “Савсаг эр гэнэн хонгор бүсгүйчүүдийг аргандаа оруулах олон аргатай. Юуны өмнө ширтэмхий нүдээр эмийн зуг харж, инээмсэглэн жуумалзана. Нүдээ ирмэнэ.

Хэрвээ хүүхэд авч явбал хүүхдийг нь өхөөрдөн наадах дүр үзүүлэх зуураа эх рүү нь байн байн харж инээмсэглэнэ. Хажуу ойрын хүмүүстэйгээ чангаар ярьж инээх зэргээр хүүхний анхаарлыг өөр лүүгээ татахыг эрмэлзэнэ. Үе үе суниаж, шилэн хүзүүгээ маажин, бурхан тэнгэрийн нэр барьж хашгирна. Эмэгтэйд сонин юм үзүүлэх, ярих шалтаг гаргаж биед нь ойртохыг хичээнэ. Замыг нь тосон уулзаж мэндлэх далимаар гар хурууг нь лавлуулан барьж зогсоно. Цаашдаа хүзүү, мээмэнд нь хүрэхийг хичээнэ. Далим олдсон цагт тэврэн авч биедээ наалдуулан шахна. Шалиг завхай эр хэзээ ч бие болон сэтгэлээр үнэнч, цэвэр ариун байдаггүй. Ихэс дээдэс маань шалиг завхай эр болон эмийн урхинд орохгүй байхыг эрхэмлэн захиж сургасан байдаг. Эдний урхи торонд орсон хүн зан төлөв, бүх талаараа эвдэрч, замаа алддаг ёстой” гэж сургасан байх аж.

Бүх цаг үеийн түүхэнд өөрийн гоо сайхны туйлын төрх, хүний биеийн галбир, хувцас хэрэглэлийн харьцааг тодорхойлсон өвөрмөц “модуль” хэмжээ байсаар ирсэн бөгөөд гэвч ямар нэгэн төгс төгөлдөр, туйлын, үнэмлэхүй, бүх зүйлд тохирох сайхан “пропорц” гэж байсангүй. Учир нь “пропорц” буюу “алтан огтлол” хэмээгчийн үзэмж болоод төгөлдөр сайхан нь харьцангуй ойлголт бөгөөд тухайн нийгмийнхээ цаг үеийн гоо сайхны ойлголтод тохирсон, танил дасал болсон зүйлийг л гоо сайханд тооцсоор ирсэн байдаг. Тиймээс эртний хатад эмсийн бие хаа, царай зүсийг өнөө цагийн ганган хээнцэр охид, бүсгүйчүүлтэй харьцуулан дүгнэж бас боломгүй.

Эмэгтэй хүний гоо сайхны тэгш хэмт чанарыг хадгалж, улам утгажуулж, улам өнгөжүүлж байх хамгийн чухал хэрэглэгдэхүүн бол мэдээж тансаг үнэртэн, оо энгэсэг, гоо засал. Эрт цагаас эхлээд дэлхий дахины эмэгтэйчүүд гоо үзэсгэлэнгийн туйлд хүрэхийн тулд өөрийн амь нас, эрүүл мэндийг үл хайхран тэмцдэг байсан тухай баримт сэлт цөөнгүй байдаг. Ихэнх судлаачид тансаг үнэртэн, оо энгэсэгний эх орныг Египет гэж үздэг. Фараоны үед төрөл бүрийн өвс ургамал, үндэс, цэцэг, навчнаас янз бүрийн үнэртэн, будаг гарган авах урлаг хөгжсөн байна. Эртний Грекийн хүүхнүүд хар тугалганы хонд ашиглаж нүүрээ цагааруулдаг байсан бөгөөд энэхүү уламжлал Ромд хүрсэнээр тэндхийн эмэгтэйчүүд жирийн шохойг илжигний сүүтэй зуураад нүүрээ буддаг, хөмсөгөө будахын тулд шоргоолжны өндөг ашиглаж, хөл, гарынхаа үсийг арилгахын тулд сарьсан багваахайн тархи, цус, зарааны үсийг хэрэглэдэг болжээ. Сэргэн мандалтын үед “Венецийн тос” хэмээх нүүр цайруулах маш үнэтэй тос гарсан ч найрлага нь мөнөөх л үхлийн аюултай тугалганы хонд байлаа.

Мөн тэр үед “Цагаан будааны энгэсэг” гарсанаар хүүхнүүд нүүрэндээ төдийгүй хүзүү, мөр, гартаа цацах болжээ. Энэ нь мөнөөх л тугалган хонд, хүнцэлтэй хольсон висмутын давс байсан бөгөөд өмнөх үеэс давуутай тал нь эмч нар тугалганы хордлогыг оношилж үүний эсрэг “Хэрээний нүд” хэмээх ургамалыг талханд шингээгээд хүүхнүүдийн нүүрэнд түрхдэг болсоноор будаж шунхдахын дон шүгэлсэн олон арван эмэгтэйг үхлийн аюулаас аварч байсан гэдэг. Сэргэн мандалтын үед Өрнөдийн зарим хүүхнүүд бэлхүүснийхээ хэмжээг багасгахын тулд халим загасны “Корсет” хэмээх сахлан татуургаар бэлхүүсээ дангинатал ороодог байж. Үүний улмаас хавирга сүвээгээ гэмтээж байсан ч удаатай аж. Мөн зарим нь “Туузан хорхой” хэмээх шимэгч амьтаныг биедээ суулгадаг байсан бөгөөд уг хорхойн өндөг ходоодонд нэвтэрч хүний биед байх ёстой хамаг л шимтэй бодисыг сорно. Үүний улмаас хүүхнүүд аажмаар турах бөгөөд нэг хэсэгтээ л гоолиг сайхан харагдана.

Гэвч эцэстээ шимэгч хорхойн идэш болж дуусна. Хэрвээ хүсвэл энэхүү хорхойг ходоодноосоо авч болох боловч тэрхүү нялцгай амьтаныг биеэсээ мэс заслын аргаар сугалж татах нь тийм ч хүсэхээр зүйл биш байж. 20-р зууны эхэн үеийн Европ хүүхнүүд радиоактивны бодис агуулсан гоо сайхны бүтээгдэхүүнд ёстой унаж үхдэг байжээ. Учир нь үүнийг хэрэглэснээр арьс гөлгөр толигор болж, үрчлээс тогтохгүй, цусны эргэлтийг сайжруулснаар хацар, нүүр улааран туяарна гэж рекламдсанаас тэр. Гэвч уг бүтээгдэхүүнийг удаан хэрэглэсэн бүсгүйчүүдийн эрүүний яс яваандаа суларч, улмаар мултарч унаад эхэлмэгц дээрхи гоо сайхны бүтээгдэхүүн хүүхнүүдийн будаг шунхнаас үүрд арчигджээ. Түүнчлэн “Сайхан бүсгүй” гэж орчуулагддаг “Беладонна” хэмээх ургамлын шүүсийг 19-р зууны хүүхнүүд нүдэндээ дусаадаг байж. Ингэснээр хүүхэн хараа нь томорч, тэр хирээрээ нүд том болно. Гэвч дараа нь нүдний хараа огцом муудаж сохрох аюултай болох нь мэдрэгдсэн тул “Беладина” мөн л эмэгтэйчүүдийн гоо сайхнаас зуларч одсон байдаг. Мөн “Тугалган пудр” гээч юм гоёмсог бүсгүйчүүлтэй удаан “нөхөрлөж” чадсангүй. Энэ нь 18-р зууны хүүхнүүдтэй холбоотой. Энэ үеийн хүүхнүүд өтөлтлөө насалж байсан нь ховор боловч нүүрний үрчлээ, арьсны сулралаас үхтлээ айдаг байжээ. Тэгээд үүнийгээ нуухын тулд нүүрний арьсанд хурдан шингэж арьсыг чийгшүүлэн толигор болгодог “Тугалган пудр”-ийг өргөн хэрэглэх болжээ. Харин явцын дунд тархины хорт хавдар, өрөөл татанхай болох гэх мэт үр дагавар зайлшгүй дагалдах болсоноор “Тугалган пудр” гээч нь мөн л жагсаалаас гарсан байна.

Ер нь эрт цагаас эхлээд хааны царайлаг хатад улам үзэсгэлэнтэй болох гэж хүний биед ихэд хортойд тооцогддог “Хүнцэл” гээчийг арьсныхаа өнгийг сайжруулахад хэрэглэж, улмаар нүүрээ цайруулахын тулд тугалганы хорт давс, хацраа ягааруулахын тулд үхэлд хүргэх аюултай мөнгөн усны нэгдэл, үсээ будахын тулд азотын хүчил зэргийг хэрэглэсээр иржээ. Тэр ч байтугай арьсныхаа толбыг арилгахын тулд цианит калий хэрэглэдэг байж. Оросын химичид хэдэн зуун жилийн өмнө нас барсан эрх ямба бүхий хатадын цогцост хортой бодис их хэмжээгээр хадгалагдаж байсныг илрүүлжээ. Тэдний ихэнх нь цэл залуугаараа, зарим нь хатны суудал эзлэнгүүтээ нас барж байсан бөгөөд тэр болгонд “Хааны хатныг хэн нэгэн хордуулчихлаа” гэсэн цуурхал тардаг байж.

Гэтэл тэр нь хэн нэгний аллага биш ерөөсөө л үхлийн аюултай гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглэдэг байсанд оршино. Жишээ нь Оросын хаан Догшин Иваны ямба ихтэй ээжийн ясанд хортой бодис ихээр агуулагдаж байсныг, мөн түүний 1560 онд нас барсан анхны эхнэрийн үс, дотуур хувцас, авсны хайрцагт мөнгөн усны давс ихээр хуримтлагдсаныг эрдэмтэд олж тогтоогоод хор хөнөөл ихтэй гоо сайхны бүтээгдэхүүнээс болж нас барсан гэдэг дүгнэлтэнд хүрчээ. Догшин Иваны үеийн хатад тухайн үедээ хамгийн өргөн тархсан мөнгөн усны давсыг хацраа ягааруулах болон үсэндээ өнгө оруулахад хэрэглэдэг байж. Хар тугалганы нэгдэлүүдэд хордсон хүн “Тугалганы хатгалгаа” авдаг, өөрөөр хэлбэл гэдэс нь мушгиж, бөөлжиж, халуурдаг, сүүлдээ архаг хордлого нь элэг, зүрхэнд нь нөлөөлөөд амьсгал хураадаг байж. Гэвч хэн ч оо энгэсэгт гэм өгөхгүй, чухамхүү идсэн хоолонд нь бурууг тохож, ямар ч гэм зэмгүй тогооч нарыг хардаж сэрдэх жишээтэй. Иймэрхүү үйл явц Солонгосын олон ангит “Жангум” кинон дээр ч цухалздаг билээ.

Харин манай эртний Халх Монголын хатад эмс эрүүл мэндэд аюултай бодис, элдэв янзын ерөндөг хэрэглэж явсангүй, тэгэх шаардлага ч байсангүй. Гэхдээ Манжийн үе үеийн хаадын хатад эмс гоёж гоодох гээчийг үзүүлж өгдөг байжээ. Манжийн үе үеийн хаад хуулинд зөвшөөрөгдсөн ёсоор бол таван хатантай, тэдгээрийн нэгдүгээр хатан нь Дундад орны хатан буюу Улсын эх Хуан Хоу, хоёрдугаар хатан нь Хуан Гүйфэй, гуравдугаар хатан нь Гүйф, дөрөвдүгээр хатан нь Пипин, тавдугаар хатан нь Пи гэж нэрлэгдэж байв. Эдгээр нь хүний нэр бус хүндэтгэлийн чанартай алдар болно. Таван эхнэрийн дунд тарвалзаж хэвтэх азтай төрсөн Манжийн үе үеийн хаад тайган эрчүүдээр үзэсгэлэнт хатадаа мануулсаар, тагнуул туршуул тавьж үнэнч эсэхийг нь шалгасаар ирсэн түүхтэй. Тайган болгох эрийг хар нялхаас нь буюу гурван настайгаас нь сонгодог байв. Гурван настай хүүхдийн хоёр төмсөгийг суга татаад тэр даруйд нь хөл дээр нь босгож хаалганы босго давуулах бөгөөд босго давж чадсан нь үүрд тайган болж, босго давж чадаагүй нь тэрхэн даруйдаа үхдэг байсныг бодоход манж нар их л харгис улс байсан гэлтэй. Хар нялхаасаа хөнгөлүүлсэн тайган эрчүүд эр эмийн хооронд болдог нандин харилцаанаас үүрд ангижирч, хайр дурлал хэмээх агуу нандин зүйлийг ажирч мэдрэхгүй, ердөө л эзэн хааныхаа үнэнч туслагч, үнэрч нохой болж хувирдаг байлаа.

Зохиолч Ж.Пүрэвийн “Зүрхний хилэн” романд Манжийн Тэнгэрийг тэтгэсэн хааны ахлах тайган эр хатдыг нь үзэн ядан санааширч байгаа нэг сонин хэсэг байдаг. Ахлах тайган хааны үүдийг хэдэн өдөр дараалан сахиж, хээрийн аялалд эзэн хаан ямар ямар хатнаа дагуулж явах талаар асуухаар хүлээх зуураа “За байз, хаан ямар хатнаа хээрийн аянд таалах бол? Шанхайн цагаан хүүхнийг дагуулна гэвэл яана аа. Тэр өлөн цагаан хатны зан авир гэдэг эзэн хаанаас дээр гарч, бусад ноёд шадруудыг хав нохой шиг үздэг болсон. Түүнд таашаагдах юм огт байхгүй. Хоол гүнцэгээ голно. Сархад барихаар гашуун гэнэ. Жимс өгөхөөр нялуун гэнэ. Хувцас баринтагаа дандаа эвгүй гэж голно. Магнаг хөнжлийг ширүүн байна гэж тийрч өшиглөдөг эмийг чинь яах вэ. Нүүрээ долоон өнгийн будгаар будуулаад “Жинхэнэ өнгөө олоогүй байна” гэж чарлаж гүйх нь холгүй байдаг. Мүгдэнгээс ирсэн бас нэг халтар царайтай хатан Шанхайн цагааныг дуурайгаад бүр аашаа олж ядах боллоо. Жаахан залуу насаараа гул барьдаг ч юмуу. Түүнд бас таарах юм байхгүй болжээ. Энэ хоёрыгоо авч явна гэж эзэн зарлигдвал би ч дүүрлээ. Тэр адайр зантай хоёр амьтаныг аргалж авч явна гэдэг ёстой тамаа эдэлнэ гэсэн үг. За байз, нэг хатан аяны, оройн гүнцэгний, ямба ёслолын, дайллагын, сэрүүн цагийн, халуун цагийн дээл авна. Бас ямба ёслолын дээлээ хэд хэд байлга гэнэ. Ээ, нөгөө биеэ арчуулж зөөлрүүлдэг тосыг нь мартаж орхих вий. Хатдыг бүлээн усанд оруулдаг ваарыг нь бас чирч явна. Яана даа яана” гэж ирээд л гасалдаг.

Ер нь Манжийн хааны хатад болон монгол ноёдод бэлгэнд ирсэн Манжийн гүнж нар хэтэрхий эрх ямбатай байсан нь үнэн юм. Жишээ нь Манжийн хүргэн “Эфү” Цэрэнгийн манж эхнэр болох Чин үнэмлэхт гүнж хэмээгч нь эрх ямбаны уурхай байсан бөгөөд ямар сайндаа л түүнийг нас барахад цогцосыг нь Бээжинд хүргэхээр ачсан хасаг тэргийг зуун тэмээ хослон чирч явсан гэдэг. Манжийн энэ мэт эрх танхи хатдын хажууд манай хаад ноёдын монгол хатад ёстой л бурханы бүрэлбаа байсан гэлтэй. Эрхэлж ямбалах, гоёж гангалахаасаа илүү эр нөхөр, үр хүүхэд, улс орныхоо сайн сайхны төлөө хамаг л сэтгэл оюунаа зориулсаар ирсэн жинхэнэ монгол хатад бүх цаг үеийн туршид байсаар ирсэн. Монголын олон аймгийн хан, ван, ноёд, тайж нар хоорондоо эрх булаалдах нь их байсан бөгөөд тэр болгонд ордоны сайд түшмэд нууцаар хуйвалддаг, тэрхүү хуйвалдааныг нь зарим хатад соргогоор урьдчилан мэдээд хаан эзэндээ үнэнчээр тусалж, төр улсынхаа батжилд нөлөө үзүүлж төрийн жолоо атгалцаж явсан ч удаатай. Хааны хатан сууринд залагдах хувь заяа нь өөрсдийн хайр сэтгэлээр гэхээсээ илүү үзэсгэлэн гоо, удам судар, оюун ухаанаараа, түүнчлэн найрамдахыг хүссэн аймаг овгуудын өргөл, хүндлэл, цаашилбал монголчуудын бэрлэх уламжлал, дайн байлдаанд ялж, ялагдах зэрэг олон хүчин зүйлээс хамаарч байсныг түүхийн шарласан хуудас гэрчилмой. Дээр өгүүлсэн “Нүүрээ долоон өнгийн будгаар будуулаад “Жинхэнэ өнгөө олоогүй байна” гэж чарлаж гүйх нь холгүй байдаг” гэх тайган эрийн зүхэл Манжийн хааны Хуан Гүйфей хатанд хараал болж амийг нь авч одсон гашуун түүх бас байдаг юм байна. Энэ хатан хор хөнөөл ихтэй гоо сайхны бүтээгдэхүүнийг нүүрэндээ хэтэрхий нялсанаас болж “Тугалганы хатгаа” хэмээх өвчинөөр хар залуугаараа нүд аньжээ.

Манай хатад эмс гоо үзэсгэлэнгээ тордох өөрийн гэсэн арга барилтай, тэр нь амь нас, эрүүл мэндэд хоргүй, нэг ёсондоо байгалийн цэвэр бүтээгдэхүүн байжээ. Жишээ нь манай эртний хатад эмс гялалзсан хар үстэй болохын тулд өтгөн чанасан давсгүй хар цайгаар үсээ угаадаг байж. Мөн үсний ургалтаа сайжруулахын тулд хавар цагийн халгайг хандлаад үсээ угаадаг байсан байна. Түүнчлэн дотроосоо эрүүлжсэн нүүр царай хар бараан байдаггүй гэдгийг тэд сайн мэддэг байснаар тогоонд ширгээсэн усыг мөнгөн аяганд хийж хонуулаад маргааш өглөө нь ууж дотроо эрүүлжүүлээд, үлдсэнээр нь нүүрээ шавшдаг байж. Чухамдаа гэгээн тунгалаг царайны нууц нь энд байж шүү. Мөн хээрийн салхинд харлаж барайсан арьсаа цайруулахын тулд унтахаасаа өмнө нүүрэндээ айраг, тараг түрхдэг байж. Эртний Египетийн хатан хаан Клеопатра мөн л ийм арга хэрэглэдэг байсан гэх бөгөөд тэрбээр өдөр бүр шинэхэн бүлээн сүүтэй онгоцонд ордог байснаар арьс нь үргэлж зөөлөн, цайвар байдаг байсан тухай түүхийн шарласан хуудас өгүүлнэм.

Эрт цагт манай оронд шүдний оо гэж байсангүй. Тиймээс монголчууд шүдээ цэвэрлэхдээ арцыг ашигладаг байсан бөгөөд модны мөчир дээр арц тавьж байгаад шүдээ зүлгээд булгийн усаар амаа зайлах жишээтэй. Энэ нь шүд цэвэрлэх, шүдийг өнгөлөх, хоолойг эрүүлжүүлэх давхар нөлөөтэй байсан байна. Мөн жамц давсыг нунтаглаж байгаад шүдээ зүлгэж угаах буюу давсыг усанд уусгаад ам, хоолойгоо зайлдаг, үүнийхээ ачаар хоолойн өвчнийг анагаадаг байж. Монгол бүсгүйчүүд дурдан бүсийг бэлхүүсээрээ жавхайтал чанга татан бүсэлдэг байсны ачаар бөөр өвдөх, ходоод сунах, унжсан гэдэстэй болох зэрэг асуудлаас үргэлж хол байж хусан гоолиг биеэрээ эрчүүдийн харааг булаадаг байсан тухай хөгшчүүд хуучилдаг билээ. Энэ нь дээр өгүүлсэн 19-р зууны Европ зүгийн хүүхнүүдийн хэрэглэдэг байсан халим загасны сахлан татуургаар бэлхүүсээ дангинатал ороодог байснаас тэс өөр, адаглаад л эрүүл мэндэд тустай байж шүү.

Эрт цагт зөвхөн хаад ноёд, баатар жанжидын хатад эмс, гүнж нар л царайлаг сайхан байсан хэрэг биш бөгөөд хааны ордны зарц шивэгчингүүд дунд хэн хүний хараа булаамаар үзэсгэлэнт охид олноороо байжээ. Учир нь хааны ордны зарц шивэгчингээр үзэсгэлэнтэй сэргэлэн охид, бүсгүйчүүдийг шилж сонгодог байсан байна. Ингэхээс ч өөр аргагүй юм. Төрийн хүндэтгэлийн ёслол дээр хаад, хатад, баатар жанжидын зоог шүүсийг уруу дорой царайтай, унхиа муутай хүүхнүүд зөөж гүйгээд байж гэмээнэ адаглаад л нөгөө дипломат ёсонд нь таарахгүй шүү дээ. Гэвч хааны ордны зарц шивэгчин гэхээр юуны өмнө хов жив ярьдаг, “хор найруулдаг” бүсгүйчүүд санаанд буудаг. Энэ бол зарим зохиол бүтээлд шивэгчин хүүхнүүдийг муу талын баатраар төсөөлж ирсэний балаг юм. Манай монголчуудын хувьд гэвэл хаад, ноёдын зарц шивэгчингүүдэд элдэв хов живэнд автахааргүй, төрийн нууцыг гадагш нь үл задруулах хатуу чанга, ухаалаг, царайлаг бүсгүйчүүд шилэгдэн сонгогдож байсан түүхэн баримт бий. Тэртээ 13-р зууны үеэс бичгээр уламжлагдаж ирсэн “Оюуныг нээгч Оюунтүлхүүр сургааль”-д

“Төрт ёсыг үл мэдэх хаадаас
Түвшин сайн түшмэл дээр
Ичгүүр сонжуур үл мэдэх хатнаас
Ичгүүр даах шивэгчин дээр
Хаан төрийг хадгалж үл чадах хөвгүүдээс
Халамжит сайн боол дээр” гэж өгүүлсэн байдаг.

Тэр ч байтугай “Дээд язгуурын шивэгчингүүд” гэж байжээ. Чингис болон түүний дараачийн хаадын баатар жанжид харь улсаас хурааж хумиж авчирсан охид, бүсгүйчүүдээсээ шилж сонгоод эхнэрээ болгоод авчихдаг, мөн улс орондоо хаана л үзэсгэлэнт бүсгүй байна, тэр бүгдийг эзэн хаандаа болон өөрсөддөө өмчлөөд авчихдаг байснаар хааны ордонд царайлаг шивэгчин байх магадлал тун хомс болж, үүний улмаас хааны ордонд үзэсгэлэнт бүсгүйчүүдийг зориуд шивэгчин болгодог ёс журам үйлчилж байсан түүх бий. Ингэж “Дээд язгуурын шивэгчин”-ээр тодорсон үзэсгэлэнт бүсгүйчүүд олон арван эрийн зүрхийг шархлуулдаг байжээ. Хааны үр сад хүртэл ордны шивэгчинд сэтгэл алдарч байсан түүх бий. Энэ тухай уран зохиолд хүртэл тусгалаа олсон байдаг. Тэр ч байтугай хааны хүргэн хүртэл үзэсгэлэнт шивэгчин бүсгүйд сэтгэл алдраад толгойгоо хяргуулж байсан түүхтэй. Чингис хааны гуч, Өгөдэй хааны зээ, Хайду хааны охин Хотол цагаан гүнж хэмээх үзэсгэлэнт бүсгүйн эр нөхөр ордны шивэгчинтэй учир ургуулсаны улмаас цаазаар авахуулдаг. Энэ тухай зохиолч Санжийн Пүрэв гуай “Хотолон” хэмээх тууждаа тодорхой өгүүлсэн байдаг.

Жишээ нь “…Хайду хааных хэдэн тэрсхэн охидтой. Үзэсгэлэн төгсөөр хийгээд зориг шийдмэгээр Хотол цагааныг гүйцэмгүй, гэвч бүгд л нүд дүүрэн охид. Тэр өглөө хааны хүрээнд нүд хальтрам шийтгэл болжээ. Хааны хүргэн дүрэлзсэн хурц харцтай. Цаг ирвээс юунаас ч дальдирч буцамгүй цэл залуухан эрийн гарыг ард нь хүлэн дээлийг нь нөмгөн нөмрүүлсээр цугласан олны өмнө авч ирж өвдөг сөхрүүлэв. Тэр үйлт эр хааны үзэсгэлэнт охинтой ханилсан хэрнээ гарын зарц шивэгчинд нь сэтгэлийн жолоо алдан энгэр зөрүүлсэн хэрэгтэй, түүндээ гутарч халирсан төрхтэй. Үүнийг зогсоож чадах ганц хүн нь Хотол цагаан мөн хэдий ч үзэсгэлэн төгөлдөр тэр ажирсан янзгүй, харин ч болох явдлыг хүлээх мэт нь эр хүнийг өмчилсөн бүсгүй хүний хорсож хилэгнэсэн зан төрх ийм юмуу гэсэн бодол төрүүлнэ. Угаас бүсгүй хүн ор дэрний явдалд харамч гэдэг энэ. Зарц бүсгүйг Боружин гэх бөгөөд үзэсгэлэн гоо төрх нь энэ аймагт ховор. Тийм бүсгүй хүний өмнүүр барагтай эр хүн тэсч өнгөрөхөд бэрх. Тэгээд зарц бүсгүй энэ хэргийн учир Боржигоны их тал руугаа явсан. Сайхан ч амьтан байсан даа. Хотолон гүнж хүртэл түүнд атаархдаг байсан юм. Өөрийн мэдэлгүй бүсгүй заяа амаргүй. Сайхан төрөхийн зовлон, сайн явахын садаа гэж байна. Боружин шиг тийм тэгш ялдам бүсгүйг хаанаас ч оломгүй. Олон ч эрчүүл түүний араас гүйсэн, одоо хэн нэгний тогоог барьж жаргаж суугаасай гэж Азбөх түүнийг машид өрөвднөм…” гэж өгүүлжээ.

Зарим тохиолдолд хаад ноёдын татвар эмс “Дээд язгуурын шивэгчин” болдог байж. Татвар эм болоход хэцүү биш боловч олон татвар эмсийн дундаас хааны болон ханхүүгийн хатнаар сонгогдох нь тун хэцүү. Эдгээр олон эмс дундаас цөөн тооны бүсгүй л хаад ноёдын эхнэр болж тансаг амьдралд умбана. Хааны болон ханхүүгийн ирээдүйн эхнэр нь болох уу, үгүй юу гэдгийг бүсгүйн гоо үзэсгэлэн, цэлмэг ухаан шийднэ. Зарим улс оронд татвар эмсийн амьдарч буй газар маш чанд хатуу хуультай байжээ. Жишээ нь эртний Турк улсад хаад ноёд хэзээ ч хамаагүй өөр шинэ татвар эмийг авчраад эхнэрээ болгож болох бөгөөд ингэсэн тохиолдолд өмнөх эхнэрүүддээ цаазлах ял оноодог байж. Цаазлах арга барил нь энгийн бус. Хуучин эхнэрээ зэрлэг муур, эсвэл хорт могойн хамтаар арьсан шуудайнд хийж, чулууны хамтаар амыг нь уяад Босфорын хоолой руу шиддэг байсан байна. Харин заримыг нь торгон уяагаар боож амийг нь хороодог байсан бөгөөд ингэж боож үхэхээ мэдсэн татвар эмс өөрсдийгөө азтайд тооцдог байжээ. Харин эртний монголчууд ингэж хатуурхаж байсангүй. Үзэшгүй муухай хэрэг үйлдсэн харь нутгийн Фатима гэгч шивэгчинийг эс тооцвол шүү дээ.

Өгөдэй хааныг таалал болсоны дараа түүний хатан Дөргөнө харь улсын Фатима хэмээх шивэгчинийг Монголын төрийн хэрэгт хутгалдуулсанаар Фатима манай итгэл бишрэлтэй маш олон ноёд түшмэдийг далдуур хөнөөгөөд баригдсан тухай нэгэн таагүй домог байдаг. Фатимаг айхтар хэрцгийгээр цаазалсан гэх бөгөөд дээд, доод хоёр сүвийг нь нарийхан сураар оёж битүүлээд амьдаар нь ширүүн урсгалт гол руу чулуудчихжээ. Дээд, доод сүвийг нь оёж битүүлдэг нь маш нарийн учиртай юмсанж. Үүнээс хойш, түүнээс цааш хэн нэгэн нүгэлт эм дахиж бүү хов жив, хорон үг цухуйлгаж хаад ноёдыг үхэлд бүү хүргээсэй гээд амыг нь оёж, “Энэ мэтийн бузар эмийн дороос нүгэлт хүмүүн дахиад бүү төрөөсэй” гээд умайг нь оёж битүүлсэн гэдэг билээ.

Тэмдэглэсэн Б.Ойдов
SOURCE: zaluu.com

9 Comments

  1. зочин says:

    сайхан нийтлэл байна. би анх л удаа энэ сайтруу зочилж байна. монгол залуус минь ном сайн уншиж байгаарай. Амьдрал их баян ч гэлээ нэг л өдөр эрлэгийн өмнө зогсож байх болно. хэлсэн үг, үйлс, бодсон бодол нэг бүрээ шүүлгээд зогсох өдөр ирнэ. маргааш өглөөг зарим чинь харахгүй. Хүнд зөв мэт байвч эцэсдээ үхэлрүү дагуулдаг зам гэж бий. Юм бүрийг шүүмжилж байх нь буруу. Юунд гэж өөртөө үйл хураах билээ. Эр эм бүх хүмүүс ариун гэр бүлийн харилцаатай байвал гэр бүл бат бэх байна. хэдхэн л жил амьдрах юм чинь яаж ч завхайрсан болно гэсэн бодолтой залуус миний үед их байна. ягаад завхайрал сайхан гэж! Энэ богино амьдралаа нэг хүнд үнэнч байгаач. Охид минь үнэ цэнэ битий алдаач хатан ухаантай ариун байгаач. Эрчүүд минь ухаараач садар самуунаас зугтаач

  2. Өнгөрсөнд үлдэгч says:

    Монгол, Буриад, Халимаг гээд гээд сайхан хүүхнүүд зөндөө. Илүү байгальлаг байдаг юмдаа.

  3. hu says:

    gadaadiig shutlee barilaa bla bla l gedgiin tegeed bidnuus oorsdiigoo shuteed shuteed delhiid mgl huuhen goy gehuu? oorsdiigoo myanga oodni tataad yahavdee yu ch chadahgui baij bi bi geed bdag hunshig l haragdanashdee

  4. bebe says:

    hi chi gadaadiig shutegch mangar batsaan bn

  5. hi says:

    Goo saihan bol ueiin ued goo saihan heveeree shuu gegeen guai, delhiid terguulj baigaa hyatad, usa huuhnuud goo saihnaaraa terguulj baina uu bodood uzdee. chi haaya buruu yariad bdag gesen unen um bnaa 

  6. GegeenCom says:

    Hey tsagtaa huchirheg yavsan ulsiin barimtaldag goo sxnii hemjuur l tihain tsag uyedee tugs n bdym.

    Mongol uls herev udiid america-s iluu unelehddeg ih guren bsn bol odoo tsag uyed ohid busguichuud hamraa undurluuleh bish navtgar bolguulj, zovhin deeree uuh naalgaj namhan jijhen boloh gj yasaa tairuulj huluu jijigsgeh gej huiten davstai yumaar oroogool baicgaajiih bla gj Bavuugiin huu Lkhagvasuren aildsan udaatai 

    Mediad avtsan naad tarhi chini harah taashaah hamag yumiig chini programchlaad tarhiig chini tas bazsan bn za. Hairtsagnaas gaduurh uzlee hugjuuleerei hugshuun. Yum haragdaj bga shigee bh albagui bdg yum. Delhiin top 10 huurhun huuhnuudtei ornii toond plastic dolls-ooroo korea gancaaraa asia-s shalgarsan bn ene ond ok?

  7. nice post says:

    Сайхан нийтлэл байна

  8. hi says:

    manai mgl huuhnuud goo uzesgelengeeree gaihuuldag bsan bla bla, manai mgl huuhnuud l
    horgui um heregledeg bsan bla bla busadni hordoj uhedeg bsan, manai mgl huuhnuud goyoj goodoh zav baihgui aimaar uhaantai bla bla busadni goyohoos oor hiih umgui bla bla, manai mgl chuudaas busadni aihtar hargis hertsgii bsan bla bla. neg iimerhuu um unshihaar bur teneg sanagdaad bhiin, yalanguya manai mgl huuhnuudijg goo saihan ch gej yu bhav uneheer huurhun ohiduud ih tsoohon bdag daa

  9. Bolor H says:

    Ямар гоё зүйл бичээвээ. Олон хүн уншаасай дааа

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.