Төрсний дараах эмзэг газрын ариун цэвэр

Төрсний дараах дотор бэлэг эрхтэнүүд бараг нэг том шарх гэхэд илүүдэхээргүй болсон байдаг болохоор элдэв халдвар авахад их эмзэг болсон байдаг. Иймд төрсний дараах элдэв хүндрэлээс зайлсхийхийн тулд төрсөн эмэгтэй эмзэг эрхтэний ариун цэврийг зөв бөгөөд сайн сахих ёстой байдаг.
14518826_10155205107529045_564542178_n

Шинээр ээж болсон эмэгтэйн бие махбодийн онцлог

Жирэмсний үеэр өөрчлөгдөн хувирсан бүх эрхтэн системүүд нь эргэн хэвэндээ орж хөгжих явц буюу инволюци явагдаж байдаг болохоор төрсний дараах үе нь жирэмсний үе ба төрөх үеээс дутахааргүй чухал ач холбогдолтой юм. Эмэгтэй хүний бие махбодь нь жирэмслэхээс өмнө ямар байсан тэр хэлбэртээ эргэн орох хүртэл төрсний дараах үе нь зургаагаас найман долоо хоног үргэлжилдэг гэж үздэг.

Энэхүү төрсний дараах үед эмэгтэй хүний биеийг элдэв халдварт их эмзэг болгодог хэд хэдэн онцлогтой байдаг, үүнд:

1. Умайн хөндийд ихэс бэхлэгдэж байсан газарт томоохон шарх гардаг. Энэ шарх нь хуруугаа эсгэснээс үүсэх шарх мэтийн бусад дурын шархны адилаар дотор нь бохир, нян орох үед хялбар үрэвсдэг. Умайн хөндийнөөс ялгардаг шавхарга гэдэг нь аливаа нэг шархнаас ялгардаг шингэн. Төрсний дараах эхний хоёр гурав хоногт шавхарга нь цусархаг байх бөгөөд гурав дахь хоногоос эхлээд илүү илүү тунгалаг, цусархаг салсархаг болоод төрсний дараах долоогоос ес дэх хоногт салсархаг ховор болж, арав дахь хоногоос салсархаг болоод төрсний дараах үеийн 5-6 дахь долоо хоногт бүрэн зогсдог. Төрсний дараа удаан хугацааны туршид бэлэг эрхтэнээс гарч байгаа цусархаг зүйл нь хүндрэл байгааг заадаг.

2. Төрөх үед нярайн төрсөн нэг ёсны хаалганы үүрэг гүйцэтгэж өгсөн умайн хүзүү нь төрсний дараа үед удаан хугацаанд хагас нээлттэй байдаг. Төрсний дараа умайн хүзүүний суваг нь төрөлт дөнгөж дууссаны дараа гарын сарвууг оруулах хэмжээнд байдаг бол нэг хоногийн дараа 2 хуруу, гурван хоногийн дараа 1 хуруу, 10 хоногийн дараа хурууны үзүүрийг нь оруулах хэмжээнд очоод төрснөөс гурван долоо хоногийн дараа бүрэн хаагддаг. Тэгэхээр төрсний дараах эхний хоногуудад умайн хүзүү нь элдэв халдвар ороход нээлттэй байдаг гэсэн үг.

3. Төрсний дараах үед үтрээнд шүлтлэг орчин давамгайлж байдаг бол ердийн үед үтрээнд хүчиллэг орчинтэй байх ёстой. Хүчиллэг орчин нь элдэв халдварыг нэвтрүүлэлгүй, хориг, саад болж өгч байдаг. Харин дөнгөж төрсөн эмэгтэйн энэхүү хамгаалт нь ажиллагаагүй байдаг.

4. Жирэмсний үед эмэгтэй хүний дархлаа жам ёсоороо буурдагаас гадна төрөх үеийн стресс, гормоны хүчтэй өөрчлөлт, цус алдалт зэрэг зүйлсийн нөлөөгөөр төрсний дараах үед дархлаа, биеийн эсэргүүцэл ихээхэн суларсан байдаг.

5. Төрөх зөөлөн замын эдийн урагдалт дээр тавьсан оёдол мөн л халдвар орох эрсдлийг нэмэгдүүлэх хүчин зүйл болж өгч байдаг. Төрөх үед умайн хүзүү, үтрээ, хярзангийн ил харагдах урагдалт байгаагүй байж болох ч бичил урагдлуулт заавал үүсдэг бөгөөд эдгээр бичил урагдалт нь мөн л халдварыг хүний биед нэвтрүүлэх үүд болж өгч магадгүй юм.

Төрсний дараах үед мөрдөх ёстой энгийн дүрэм

Төрсний дараах үед ариун цэврийг сахихдаа тодорхой дүрмийг дагах ёстой байдаг, үүнд:

– Төрсний дараа, ялангуяа эхний 7-10 хоногт төрөх замын бичил урагдалт, шарх эдгэрэх, оёдол тавьсан бол ёодлыг авах хүртэл бие зассаны дараа болон өглөө босоод, орой унтахын өмнө бэлэг эрхтэнээ угааж байхыг хичээх хэрэгтэй.
– Урьдчилан сайтар угааж цэвэрлэсэн гараар, цавинаас хошного руу гэсэн чигт бүлэн усаар угаана. Угааж байгаа усыг ийм чиглэлд урсгаснаар шулуун гэдэснээс элдэв халдвар үтрээ рүү орохоос сэргийлж өгдөг. Бэлэг эрхтэнийг угаахаас өмнө ба дараа нь сайтар угаана.
– Бэлэг эрхтэнийг угаахдаа эхлээд умдаг ба бэлгийн их уруулыг хэсгийг угаагаад дараа нь гуяны дотор талыг угааж, хамгийн сүүлд нь хошногоны орчмыг угаана. Усыг үтрээгүй гүн урсан оруулалгүйгээр урдаа нь арагш чигт урсгана, шүршинэ. Усыг үтрээ рүү гүн оруулбал халдвар орохоос хамгаалах үүрэгтэй үтрээний хэрэгтэй бактериуд урсаж, зайлуулагдах аюултай тул үүнийг онцгой анхаарах хэрэгтэй.
– Угаадаг алчуур, угаадаг хөөс зэргийг ашиглах ямар ч хэрэгцээ байхгүй. Учир нь эдгээрийг ашиглан угаах үед бичил язралт үүсч халдвар орох эрсдэл нэмэгдэнэ.
– Угаасны дараагаар салтааны арьсыг эмзэг хэсгийн ариун цэврийг сахих зориулалттай цэвэр алчуураар арчина. Алчуурыг өдөр болгон сайтар цэвэрлэн угааж байх хэрэгтэй. Нэг удаагийн арчуур ашиглаж болно. Арчих хөдөлгөөн нь угаах хөдөлгөөнтэй адилаар урдаас арагш гэсэн чиглэлд явна.

Төрсний дараа бэлэг эрхтэний ариун цэврийг сахих хэрэгслүүд

Бэлэг эрхтэний ариун цэврийг сахих хэрэгслийг сонгох асуудал мөн л чухал. Хэрэгсэл нь арьсыг сайн цэвэрлэдэг, цочроодоггүй, харшил өгдөггүй байх ёстой. Төрсний дараах үед эмзэг хэсгийн ариун цэврийг сахих зорилгоор хүүхдүүдийн саванг ашиглаж болно, мөн богино хугацаанд буюу 7-10 хоногоос хэтрүүлэлгүйгээр бактерийн эсрэг үйлчилгээтэй саванг ашиглаж болно. Мөн рН эмзэг газрынхтай адил байдаг тул цочроодоггүй, сайн цэвэрлэж, үрэвсэл бактерийн эсрэг үйлчилгээтэй эмзэг газрын ариун цэврийг сахихад зориулагдсан гель, шингэнүүд мөн л сайн. Гол нь харшил өгөхгүй байх ёстой.

Ариун цэврийн хэрэглэл

Төрсний дараах эхний хоногуудад шавхарга нэлээд их хэмжээтэй байдаг болохоор сайн шингээж авдаг, дотоожинд сайн бэхлэгддэг шөнийн ариун цэврийн хэрэгсэл сонгож авах хэрэгтэй. Сүүлийн үед тусгайлан төрсний дараа ашиглах зориулалттай шингээх чадвар өндөртэй ариун цэврийн хэрэглэл гэж гарсан. Ариун цэврийн хэрэглэлийг бохирдохын хэрээр 2-3 цаг тутам заавал сольж байх хэрэгтэй. Шавхарга нь өвчин үүсгэгч нян үржих таатай орчин байдаг болохоор ийм ойр ойрхон солих шаардлагатай байдаг. Төрсний дараах эхний хоногуудад гарч байгаа зүйлийн хэмжээ, хэлбэр зэргийг эмч, сувилагч тогтооход хялбар байдаг тул том даавуун ариун цэврийн хэрэглэл хэрэглэж болно. Төрсний дараа үед гарч байгаа зүйл хэт их, эсвэл огт байхгүй бол нэн даруй эмч,сувилагчид мэдэгдэх хэрэгтэй. Учир нь хэт их хэмжээний (ариун цэврийн хэрэглэл хэдхэн минутын дотор нэвт норох, нөжирсөн цус гарах) шавхарга нь нэн даруй, яаралтай арга хэмжээ авах хэрэгтэй байдаг төрсний дараах цус алдалтын шинж тэмдэг байж болзошгүй юм. Харин төрсний дараа шавхарга огт гарахгүй байх нь умайн хүзүүний сувгийг нөж бөглөсөн, умайн агших чадвар буурсанаас үүдсэн байж болзошгүй юм.

Төрсний дараах үеийн цагаан хэрэглэл

Дотуур хувцас агаар чөлөөтэй нэвтрүүлдэг, хэт бариу биш гэсэн хоёр шаардлагыг хангаж байх ёстой.

Оёдол

Умайн хүзүү, үтрээ, бэлгийн уруул, хярзан дээр оёдол тавиулсан бол эмзэг хэсгийн ариун цэврийн бүр сайн сайх ёстой гэсэн үг. Умайн хүзүү, үтрээ, бэлгийн уруул дээр хайлдаг оёдол гол төлөв тавьдаг. Хярзанд оёдол тавиулсан бол оёдлоо задлахгүйн тулд 3-4 долоо хоног орчим суухгүй байхыг зөвлөдөг. Хүүхдийг зогсож, хэвтэж байгаад хөхүүлнэ.

Оёдлыг угаахдаа арчуур зэргийг ашиглах шаардлага байхгүй. Оёдол гараар хүрэх хэрэггүй. Шүршүүр оёдолтой хэсэг рүү чиглүүлээд арчуураар маш болгоомжтой арчина. Халдварын эсрэг хамгаалтыг илүү сайжруулахын тулд усаар угаасны дараа маш сул яагаан өнгөтэй марганцын уусмал, эсвэл эмийн санд бэлдэн ариутгасан фурацилин зэргээр угаах хэрэгтэй.

Төрсний дараах эмзэг газрын ариун цэврийг сахихад хориглох зүйлс

Төрсний дараах үеийг дуусаж, бие махбодь бүрэн хэвийн хэмжээндээ хүрэх хүртэл ванн дүүргэн усанд орох, усанд сэлэх зэргээс татгалзах хэрэгтэй. Ингэснээр умайн үзүүгээр халдвар орж төрсний дараах хүндрэл үүсэхээс сэргийлнэ.

Дархлаа сул байгаа болохоор хэт даарахаас зайлсхийх хэрэгтэй.

Хүнд зүйл өргөж хэрхэвч болохгүй. Төрсний үед ээжийн өргөж болох хамгийн хүнд зүйл нярай хүүхэд л байна.

Эмзэг газрын ариун цэвэр сахихдаа барааны саван ашиглаж болохгүй.

Ямар ч тохиолдолд дотор талаас бургуйгаар шүршиж угааж болохгүй. Эмчийн заалтгүйгээр үтрээг дотор талаас нь бургуйдаж угаах нь халдвараас хамгаалах чадварыг нь бууруулан тус гэхээсээ илүүтэйгээр хор хүргэдэг болох нь нэгэнт батлагдсан зүйл.

Бие засах тухайд

Төрсний дараах эхний хоногуудад давсаг, шулуун гэдсийг цаг тухайд нь суллаж байхад анхаарах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл өтгөн, шингэнээ барих хэрэггүй. Учир нь умайтай зэргэлдээ байрладаг давсаг, шулуун гэдэс дүүрэх нь умайнд хэвийн агшилтанд саад болсноор төрсний дараах үеийн явцыг хүндрүүлж болзошгүй байдаг.

Төрөх үед ургийн толгой аарцагны мэдрэлийн зангилааг дарж шахсны улмаас төрсний дараах эхний хэд хоногт эмэгтэй хүн шээс нь хүрч байгааг мэдрэхгүй байх тохиолдол байдаг. Тиймээс шээс хүрэхгүй байсан ч 3 цаг тутам давсагаа суллаж байх хэрэгтэй. Шээж чадахгүй байгаа бол эмчид заавал хэлэх ёстой.

Төрсний дараах үед өтгөн хатах, шамбарам буюу цагаан мах эргэх гэсэн асуудал үүсэх нь олонтаа. Ялангуяа хярзанд оёдол тавиулсан бол дүлэх үед оёдол задарч магадгүй байдаг болохоор цаг тухайд нь өтгөнөө гадагшлуулж байх хэрэгтэй. Төрснөөс 2-3 хоногийн дараа өтгөнөө гадагшлуулах хэрэгтэй. Үүний тулд буудайн чанамал, жимс ногоо зэрэг эслэг ихээр агуулсан бүтээгдэхүүн, тараг хэрэглэж байх хэрэгтэй. Дан сүү, шинэ цагаан талх, хөөлгөгч ашиглан хөөлгөж хөвсгийлгөсөн гурилан бүтээгдэхүүн, хурц халуун ногоотой, өөх тос ихтэй бүтээдэхүүнээс татгалзана. Шамбарам хөдөлсөн үед бие зассаны дараагаар ариун цэврийн цаасаар арчилгүйгээр хүйтэндүү бүлээн усаар угааж цэвэрлэх нь дээр. Шаардлагатай бол эмчийн бичсэн лааг хэрэглэж болно.

Биеийн ерөнхий ариун цэвэр

Эмзэг газрын ариун цэврээс гадна биеийн ерөнхий ариун цэврийг сайтар сахиж байх хэрэгтэй. Хамгийн энгийн бөгөөд заавал дагах ёстой дүрэм бол гараа сайтар угааж цэвэрлэж байх явдал. Боломжтой бол шүршүүрт өглөө оройд орж байх. Ор хөнжлийн цагаан хэрэглэлийг хамгийн цөөндөө 5-7 хоног тутам сольж байх хэрэгтэй. Цамц цэвэр даавуун байх ёстой бөгөөд өдөр болгон сольж байх хэрэгтэй. Гар, хөх, эмзэг газрыг арчдаг алчуурууд зөвхөн таных байх ёстой. Өөр хүн санамсаргүй хэрэглэхээргүй газар байлгах нь дээр.

Хөхийг хүүхдийн саван ашиглан гараараа өдөр хоёроос ихгүй удаа угааж байх хэрэгтэй. Хуучных шиг хөхийг хүүхдээ хөхүүлэхээс өмнө заавал угаах гэсний хэрэггүй. Ингэвэл хөхний товч гэмтэх нь нэмэгддэг. Хөхний товч орчмыг халдварын эсрэг йод г.м. зүйлстийг түрхэх хэрэггүй. Хөхийг хамгаалах хамгийн сайн арга бол хөхүүлж дуусаад хэдэн дусал сүү саан түүгээр хөхний товч, товчны тойронд түрхээд арчилгүйгээр 2-3 минут хаттал нь хүлээх явдал юм.

Умайн холбоос нь төрсний дараах эхний хэд хоногт их сунасан хэвээр байдаг болохоор маш хөдөлгөөнтэй байдаг. Умайг зөв байрлалд орох хүртэл түрүүлгээ харж унтах нь зөв. Ийм байрлалтай унтахад шавхарга гадагшлахад бэрхшээл үүсдэггүй.

Төрөхөөс гарсны дараа 10-14 хоноод эмэгтэйчүүдийн эмчид үзүүлэх хэрэгтэй байдаг. Бүх зүйл хэвийн байлаа ч гэсэн төрсний дараах үе элдэв хүндрэлгүйгээр явж байгааг эмч үзлэг хийн магадлаж үзэх ёстой.

SOURCE: www.103.mn

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.