Үгүйсгэлийн үгүйсгэлийг үгүй хийе

Өмнөх нийгмийн хүлээстэй сэтгэл­­гээнээсээ чөлөөлөгдөөгүйн учир өөрсдөөсөө өөг хайя. Үгүйсгэлийн үгүйсгэл үргэлжлэн, нүдэнд харагдах өргөс, нийгмийн “шаар” аятай тэднийг хүлээн авахаа түр азная. Үгүйсгээд яахав. Өөрсдөө бид тэдний эгнээнд орохгүй гэх баталгаагүй шүү дээ. Энэ ч утгаараа ДОХ-ын халдвар авсан хүнийг “алуурчин” мэт дүгнэн, алсаас зугтахаа түр азная. Түүний салхин доогуур алхлаа гээд та халдвар авчихгүй. Тэр ч бүү хэл гар барилаа, дараа нь тэвэрлээ, тэгээд үнсэлцлээ гээд халдвар тээгч болчихгүй. ДОХ амьсгалын замын халдварт өвчин биш гэсэн үгийг олон янзын амнаас сонссонсон. Гэвч…

Байдал бахь байдгаараа. Тэднийг гадуурхсан, тэд бүгсэн хэвээрээ. Эсрэг талд нь гадуурхагч хийгээд үзэн ядагчид болсон бид өөрсдөө ч эрсдэлд орж буйгаа мэдсэнгүй. Ингэхийн учир нь өнөөдөр бид хэдэн арваараа илрээд буй ДОХ-ын тухай эерэг сэтгэлгээний хаалгыг нээхгүй хэвээрээ оршсоор байна. Амлалтаа биелүүлье гэвч өрөөсгөл ойлголтоос болоод өнөөдөр сайн дураараа шинжилгээ өгөхийг эсэргүүцэх олон хүн бий. Магадгүй уншигч та ч тэдний нэг байж болох. Хэрэв тийм болоод би эндүүрээгүй бол “Гайгаар би халдвар тээгч байвал яах вэ” гэх бодлоос илүүтэй тийм бол миний ойр дотныхон, ажлынхан хүлээн зөвшөөрөх болов уу гэдэг айдаст эхэлж умбадаг байж болох. Энэ бидний шалтгаан. Өнөөдөр эрүүл мэндийн байгууллагынхнын судалгаагаар нэг халдвар тээгчийн цаана 500 хүн байх эрсдэлтэй гэсэн тооцоо бий.

Гэтэл бид амаараа ил тод болгоно гэдэг ч сэтгэлгээ нь далдын далд нууцлахыг оролддог. Арга ч үгүй. Үзэн ядуулах дуртай хүн гэж үгүй. Тиймээс ч өнөөдөр сайн найз, сайхан гэр бүлийнхнээ өөрөөс нь хөндийрөхийг хүсээгүй олон олон хүн далд хэлбэрт нууцлагдаж таны айгаад буй айдсыг алгуурхан танд биш ч таны ойр дотныхонд өгсөн байхыг үгүйсгэхийн аргагүй. Тиймээс л үзэн ядалтаа зогсоож амлалтаа биелүүлэн энэ асуудлыг үгүй болгоё.

Гутранги үзлийн үл үзэгдэх нарийхан хүлгийг тас татан хаяцгаая. Аминч бодлын бяцхан ертөнц­дөө тус тусдаа бүгэж айдас, хүйдэс дунд амьдрахаа больё.

Халдвар авсан хэд хэдэн хүний сонинд өгсөн ярилцлагыг ажиглахад өөр өөрсдийнхөөрөө илэр­хийлж байсан ч ганц л зүйлийг тэд амьчлан хэлж байсан. “Зүгээр л амьдармаар байна” гэж. Нэгэнт зөвшөөрчихсөн үнэн тухайн цаг үедээ л үлддэг юм гэдэг. Ирээдүйд биш. Тиймээс бид өнөөдөр нөхцөл байдлыг бодитоор харах нь хамгаас чухал. Үүнийг батлах олон баримтыг жишээлж болно.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага өдөрт 13 мянган хүн халдвар авч байгааг судалгаагаар /Манайхтай хил залгаа оршдог урд болон хойд хөрш ДОХ-ын халдвар авагсдын тоогоор дээгүүрт ордог/ нотолжээ. Тиймээс ч НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга асан Кофи Аннан “ДОХ-оос урьдчилан сэргийлэх арга хэмжээг тууштай авахыг танай газар зүйн байршил шаардаж байна” гэдгийг анхааруулж байв.

Харин халдвар авсан хоёр хүний нэг нь 16-24 насны залуу үеийнхэн байна гэсэн хөдлөшгүй баримт бас бий. Өөрөөр хэлбэл ДОХ-ын халдвар хол биш ойр төдийгүй бидний ирээдүйд шууд заналхийлж байна. Харин бидний авч буй арга хэмжээ нь ердөө айдаст умбуулах. ДОХ буюу ХДХВ-ээс сэргийлэх ажил нь гадны донорууд болон Эрүүл мэндийн байгууллагын асуудал гэж төөрөн, туйлширдаг. Hollywood-ийн нэрт жүжигчин Ричард Гир “Мөнгө цацахдаа гол нь биш. Бодлогогүй үрж буй мөнгө ямар ч үр дүнгүй. Үүнээс үүдэн бидэнд мөнгийг хэрэгтэй зүйлд нь зарцуулах удирдагчид хэрэгтэй болж байна” хэмээн хэлсэн байдаг. 2005 оны эхэнд таван тохиолдол манай улсад бүртгэгдэж байсан бол өдгөө 48 болсон нь үүнийг батлана. Энэ хугацаанд бишгүй төсөл хөтөлбөр хэрэгжиж, багагүй хөрөнгө зарцуулсан ч үр дүн алга. Биднийг ингэж суух хооронд Тайландад дэн, буудлын газруудад 100 хувь бэлгэвч хэрэглэх хөтөлбөрийг хэрэгжүүлснээр бэлгэвчийн хэрэглээ 90 гаруй хувьд хүрч бэлгийн замын халдварт өвчнийг байхгүй болтол бууруулж чадсан байх юм.

Тэгвэл бид яагаад үүнтэй төстэй алхам хийж болохгүй гэж. ДОХ-ын эсрэг өдрөөр тоо баримт дурдаад өнгөрөх бус системтэйгээр сургалт зохион байгуулъя л даа. Бид есөн цаг унтдаг гэж тооцвол үлдсэн 15 цагийн дор хаяж наймыг нь ажил дээрээ өнгөрүүлдэг. Магадгүй энэ нь ДОХ-ын эсрэг цохилт өгөх хамгийн зөв цаг хугацаа. Төрийн, төрийн бус нь хамаагүй. Энэ цагаас яагаад хэдхэн хормыг гаргаж, айдсаасаа ангижирч болохгүй гэж. Бэлгийн замын халдвар өвчнөөр өвчнөөр өвчлөгсдийн тоонд санаа зовсон НИТХ-ын Тэргүүлэгчид тогтоол, шийдвэр гаргаж садар самуунтай тэмцэж нэрийдлээр нэг удаа биеэ үнэлэгчдийг барьж хорин, торгож, тавиад бусад цагт өнгөрөөхийн оронд арай бодиттойгоор тэмцэе л дээ. Яагаад аж ахуйн нэгж, байгууллага жилдээ нэг удаа ДОХ-ын эсрэг сургалтад ажиллагсдаа хамруулна гэсэн санаатай шийдвэрийг НИТХ гаргаж болохгүй гэж. Түүний дараа ДОХ-ын халдвар авагсдын эрхийг нь зөрчиж, ажлаас нь залхаах байдлаар шахаж, нийгмээс тусгаарлахаа больё. Үнэндээ түүнтэй бэлгийн харьцаанд орохгүй л бол халдвар авахгүй, бэлгэвч хэрэглэж заншсан нь аюулаас хол өнгөрнө гэдгийг ойлгоцгооё л доо.

Эцэст нь ДОХ-ын халдвар авах магадлал хамгийн өндөр буй оюутан залуусын хичээлд энэ та­лаар тусгаж, тохиолдлын бэлгийн харьцаанд орохгүй байх, орсон ч бэлгэвч байнга хэрэглэж заншихыг сонирхолтой байдлаар тусгаж өгье л дөө. Б.З.Х.Ө-нөөр өвчлөгсдийн тооо өссөөр байгаа нь залуу халаа маань аймшигт тэр өвчнөөр өвчлөх магадлал 90-100 хувьбайгааг харуулаад байх шиг.

Бид биеэ үнэлэх явдлыг газар авахуулахгүйн үүднээс тэднийг жигшүүлэх арга хэмжээ авч, хал­дашгүй эрхэнд нь халдан телевизээр олонтаа цацсан. Харин ч эсрэгээрээ дам биеэ үнэлэлт ол­ширч, нууц хэлбэрээр улам газар аваад буйг статистик тоо баримт харуулна. Ханиад туссан хүний тасалгааг тусгаарладаггүй хэрнээ амьсгалаар, аягаар, тавгаар, суултуураар халдахгүй тэр өвчнөөс айгаад яахав дээ. Үүнтэй нэгэн адилаар халдвар авагчдыг гадуурхах байдлаар хандсаар байвал эргээд тэдний өширхлийг төрүүлж, ДОХ гээч нуугдан хумигдаж, биднийг улам бүр занхийлж буйг сонордуулж, нөхөж барашгүй үнэт зүйлсээ алдана гэдгийг эрүүл хүн танаа хонх болгон дэлдэе. Түүнээс бүрэн сэргийлэх боломжтой мэдтүгэй, тунгаатугай.

Л.НАРАНТӨГС
SOURCE: news.mn

1 Comment

  1. er hun says:

    yag yu heleh geed bgaagaa shuud heleech hun buriin odor bur yaridag yumiig l bichsen bh yum

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.