Хятадад хүний наймааны золиос болсон найман Монгол эмэгтэйг эрэн сурвалжилж байна

humantrafficking2-middle

Монгол улс эрэгтэй, эмэгтэй хүн болон хүүхдийг бэлгийг мөлжлөг, албадан хөдөлмөр хийлгэх зорилгоор наймаалах эх сурвалж газар болсон төдийгүй Монгол эмэгтэйчүүд, охидыг Хятад, Макао, Хонконг, Малайз, Өмнөд Солонгос руу бэлгийн мөлжлөг, албадан хөдөлмөр хийлгэхээр худалдах явдал түгээмэл болжээ.

Зөвхөн өнгөрсөн онд хүний наймааны хохирогч болсон Монгол иргэд Герман, Швейцарь, Арабын Нэгдсэн Эмират, Израйль болон Ойрхи Дорнодын бусад орнуудад бүртгэгджээ. Тэр дундаа Монголчууд визгүй зорчдог өмнөд хөршид энэ төрлийн гэмт хэргийн хохирогч болох явдал түгээмэл байна.

БНХАУ-д хүний наймааны золиос болсон арав гаруй Монгол бүсгүйг нааш ирүүлсэн бол хүн худалдах гэмт хэргийн хохирогч болсон байх магадлалтай найман Монгол эмэгтэйг Хятад даяар эрэн сурвалжилж байна. БНХАУ нь 9.6 сая км.кв газар нутагтай, 56 үндэстэнтэй, 1.3 тэрбум хүнтэй. Ийм газраас сураггүй бологсдыг олно гэдэг амаргүй. Бээжин дэх Монголын элчин найман иргэнээ олохын тулд Хятадын цагдаа, тагнуултай хамтран ажиллаж байна. Эрэн сурвалжлагдаж буй эмэгтэйчүүдийн нэг нь хамгийн сүүлд Германд сурдаг дүүтэйгээ интернетээр харилцаж, өөрийгөө Шанхайд ирсэн, тусламж хэрэгтэй байгааг хэлээд холбоо тасарчээ. Тэр даруй яг хаанаас холбогдсоныг нь тогтоож, Шанхайн цагдаад холбогдсон цаг, IP-г нь мэдээлсэн боловч цагдаа нар хэрэг үүсгэж, мөрдөн байцаахын тулд нотлох баримт хангалттай байхыг шаардсанаар үр дүнд хүрээгүй байна. Мөн Хятадын нэгэн мужид Монгол бүсгүй бусдад худалдагдахгүй гэсэндээ гурван давхраас үсэрч нуруугаа хүндээр бэртээсэн бол Макаод хүний наймааны золиос болох явдал буурахгүй байгаагаас тэнд Өргөмжит консултай болох асуудлыг Монголын тал хөөцөлдөж эхлээд байна. Мэдэгдсэн нь энэ боловч цаана ньмэдэгдээгүй үлдсэн, эрсдэлтэй нөхцөлд хичнээн Монгол эмэгтэй байгаа бол.

Насанд хүрээгүй таван хүүхэд хүний наймааны золиос болжээ

Дан ганц манайхан хохирогч болоод үлдэж байна уу гэвэл бас үгүй. Хил дамнасан зохион байгуулалттай гэмт бүлэглэлд нэгдэж, нутаг нэгтнүүдээ худалддаг хүн их. Хүн наймаалах бүх төрлийн хэргийг эрүүгийн хэрэг гэж үзэх болсноор шүүхээс арван хүнийг 15 хүртэлх жил, биеэ үнэлэхэд бусдыг уруу татсан хэргээр 33 хүнд гурав хүртэлх жилийн ялаар шийтгэсэн. Тун саяхан насанд хүрээгүй таван хүүхэд хүний наймааны хохирогч болсон нь аюулын харанга дэлдэж байна. Үндэсний аюулгүй байдлыг ч алдагдуулж мэдэх энэ явдалд мaнай төр хэр анхаардаг бол. Хүний наймааг таслан зогсооход тавигдах наад захын шаардлагыг Монголын Засгийн газар хангаж өгөөгүйг олон улсын хүний эрхийн байгууллагууд буруутгадаг. Хүн наймаалагчдад ял шийтгэл оногдуулахдаа энэ төрлийн гэмт хэргийг зохицуулах зориулалтгүй хууль тогтоомжийг хэрэглэх нь гэмт хэрэгтнүүдэд хөнгөн ял шийтгэл оногдуулах боломж олгож шударга ёсыг алдагдуулдаг байна.

Тэр битгий хэл төрийн албан хаагчид энэ хэрэгт хамссан мэдээлэл байдаг ч тэр бүхнийг шалгаж, ял шийтгэл оногдуулсан удаа байдаггүй. Ийм хэрэг дээр ажиллах мөрдөн байцаагч, прокуроруудын тоог нэмэгдүүлэх, улс орон даяар хууль хэрэгжүүлэх ажилтнууд, прокуроруудын дунд хүн наймаалах гэмт хэргийн тухай ойлголтыг сайжруулах, хүн амын эрсдэлтэй бүлгийн дотроос хохирогчдыг илрүүлэх, хүний наймааны хэргийг мөрдөх үйл ажиллагаанд туслалцаа үзүүлж, гэрчилсэн хохирогчийг хамгаалах арга хэмжээ авахыг олон улсын хүний эрхийн байгууллагууд Монголын Засгийн газарт зөвлөдөг ч дорвитой хийгдсэн ажил харагдахгүй байгаа юм.

Хүний наймаагаар зогсохгүй гадаадын иргэн тэр тусмаа Өмнөд Солонгос хүнтэй гэр бүл болсон, Монгол эмэгтэйчүүд хил даваад л хүсээгүй боолчлолд өртдөг болохыг тогтоожээ. Хүүхдийг наймаалах үйлдэл элбэгшиж буй нь эмээх шалтгаан мөн. Эмэгтэйчүүд, охидыг хулгайлж, биеийг нь үнэлүүлэхээр албадах явдлыг цагдаагийнхан хүчирэхээ байжээ. Насанд хүрээгүй хүүхэдтэй бэлгийн харьцаанд орох сонирхолтой Өмнөд Солонгос, Японы жуулчид Монголыг зорих нь нэмэгдсэн энэ үед бид тэр бүхнээс сэрэмжлэх учиртай.

Хохирогчийг дахин хохироох нь

Хүний наймаанд хамгийн ихээр өртдөг 19-35 настай Монгол хүүхнүүд бага орлоготой, ажилгүй байх нь элбэг. Өнгөрсөн жил хүний наймааны хохирогч болсон 61 хүн бүртгэгджээ. Энэ бол хоёр сая гаруйхан хүн амтай манай улсад асар их эрсдэл даллаж буйн дохио. Хохирогчдын ихэнхийг бэлгийн мөлжлөгийн зорилгоор Хятад руу худалдсан байдаг. Монголын хууль тогтоомж хүний наймаа төдийгүй аливаа хэргийн хохирогчийг хамгаалсан заалтаар үргэлж дутагдаж байдаг нь гэмт хэрэгтэнд хэргийн гадна үлдэх боломж олгодог байна. Хүний наймааны хохирогч болж цагдаад гомдол гаргасан хоёр охин эргээд өөрсдөө сүрдүүлгэнд автсан тохиолдол үүнийг батална.

Эцэстээ хоёр охин хүн гүтгэсэн, худал мэдүүлэг өгсөн үндэслэлээр Сүхбаатар дүүргийн шүүхээс хоёр жилийн ял сонсч, хорих ялыг нь нэг жилийн тэнсэн харгалзах болгожээ. Ийм хариуцлагагүй үйлдлийн хариуд өөрийгөө хамгаалах чадваргүй охид бие сэтгэлийн давхар цохилт амсаж байгаад хэн буруутай вэ. Гадныхан ийм хэрэгтнүүдэд хүнд ял оноохын зэрэгцээ хохирогчдод зориулсан хоргодох байр хүртэл барьсан байдаг. Гэтэл хохирогч болбол өөрийг нь хамгаалуулах хууль эрх зүйн орчингүй оронд та бид амьдарч байна. Maнай улс 2006 онд хүний наймааг урьдчилан сэргийлж, таслан зогсоож, шийтгэх тухай Палермогийн протоколд нэгдэж, Олон улсын цагаачлалын байгууллагын гишүүн болсон ч өнөөдрийг хүртэл хохирогчийг хамгаалсан нэг ч сайн үр дүнд хүрээгүй байна.

Д.Ариунаа
зууны мэдээ

2 Comments

  1. uran zurag says:

    өөрсдөө мэдсээр байж дагаад явчихдаг нь сонин. олсон мөнгөө өөртөө үлдээж чадвал тэд би хохирсон, энээ тэрээ гэхгүйгээр үйлдлээ үргэлжлүүлээд байдаг санагддаг шүү,

  2. hench bish says:

    уншихаас залхуурчлаа яадаг хогнууд вэ кккэ уншаад угаасаа тодорхой болхоор охидуудаа сэрэмжтэй байгаарай би хүний наймаа хийдэг! надад баригдваа ход ход(89 89 наргиа) сэтгэгдэл бхгүйг бодвол онц нийтлэл биш байнадаа наачин хар толботойл зүйл байгада хятадийн хэдэн тэрбүм хүнээс 8охидоо олно гэдэг юүл бол хөөрхий тэр охид минь бурхан гээч нь хаана бнаа чөтгөр аваасай хүний наймаачдыг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.