ДОХ-ын аюул хүүхдүүдийг заналхийлж байна

Өсвөр насныхны дотор ХДХВ-ийн халдвар эрс нэмэгдэж байгааг НҮБ-ын Хүүхдийн сангийн мэргэжилтнүүд онцолж, энэ үзүүлэлт Зүүн Европ, Төв Азид өндөр байгааг анхааруулжээ. Өсвөр насныхан хар тамхинд донтож, эмх замбараагүй бэлгийн хавьталд орох явдал их байгаа бол энэ чиглэлийн мэдээ, мэдээлэл сул байна гэсэн судалгааг мэргэжилтнүүд гаргасан байна.

Зүүн Европ, Төв Азид ХДХВ-ийн халдвар тээгч 1.6 сая хүн бий. 2000-2001 онд өсвөр насныхны дотор явуулсан судалгаагаар мянга орчим тохиолдол илэрчээ. Манай улсад ХДХВ-ийн аюул хүүхдүүдийг тойрсонгүй. Энэ оны эхээр 11 дүгээр ангийн сурагч ДОХ-ын вирүс тээгчээр бүртгэгдсэн бол сүүлийн үед илэрсэн тохиолдлын дөрөв нь 18-19 насныхныг хамарч байна.

Хүүхдүүдийг бэлгийн мөлжлөгт ашиглах, хүчирхийлэх гэмт хэргийн золиос болгох явдал манай улсад газар авсан нь мөн ДОХ-ын аюул даллаж байна гэж болно. Он гарсаар энэ төрлийн гэмт хэрэг 12 бүртгэгджээ. ДОХ-ын халдвар нууц байдалд маш хурдан тархаж буйг мэргэжилтнүүд сэрэмжлүүлдэг ч тархалт нэмэгдсээр байна.

Манай улс 78 ДОХ-ын вирүс тээгчтэй /анхны тохиолдол бүртгэгдсэнээс хойш найм нь нас барсан/ байсан бол өнгөрсөн долоо хоногт дөрвөөр нэмэгдсэн. Зэрэг бүртгэгдсэн дөрвөн тохиолдлын гурав нь эрэгтэй, нэг нь эмэгтэй бөгөөд 19-43 насныхан. Он гарсаар 16 тохиолдол бүртгэгдсэнийг өмнөх жилүүдтэй харьцуулахад огцом өссөнийг ХӨСҮТ-ийнхөн сэрэмжүүллээ.

Ч.Зотол

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.