Нугараач охид хүний наймааны золиос болоход ойрхон байна

MG_0720-copy-630x420

Нэгэн цагт хүн болгоны очих дуртай газрын нэг нь цирк байлаа. Өдгөө байр нь хэвээрээ ч үйл ажиллагаа нь зогссон гэхэд хилсдэхгүй.

Циркийнхэн үр хүүхдээ өөрсдийн гаргасан жимээр хөтлөх нь олон. Багаасаа уран нугаралтаар хичээллэсэн охид хаана ажиллаж, хэрхэн амьдрах аргаа ололгүй явсаар эцэстээ гадаадад гарч, хөлсний уран бүтээлч болох замыг сонгодог болоод удаж байна. Тэдний сонирхолд дөрөөлсөн зуучлагчид хайхрамжгүй ханддагаас охид хохирч, биеэ үнэлэх, тухайн эзнийхээ мөнгө олох хэрэгсэл болсон тохиолдол цөөнгүй дуулдах болов.

СОЛОНГОС ЭЗЭН ОХИДЫГ БИЕЭ ҮНЭЛЭХИЙГ ШААРДЖЭЭ

ГХЯ-ны Консулын газар, Сөүлд суугаа Монгол Улсын Элчин сайдын яам, Эрүүгийн цагдаагийн газар, Мөрдөн байцаах газрын Зохион байгуулалттай гэмт хэрэг мөрдөх хэлтсийнхэн шуурхай ажиллаж, хүн худалдаалах гэмт хэргийн хохирогч болох гэж байсан монгол гурван охиныг гэмт хэрэгтнүүдийн гараас чөлөөлж, эх орондоо авчирчээ.

Уран нугараач тэдгээр охин хоёр жилийн өмнө циркт ажиллаж байсан нэгэнтэй холбогдон БНСУ-д уран нугаралтын үзүүлбэрээ сонирхуулахаар болсон аж. Зуучлагч ”Сардаа 1000-1200 ам.долларын цалинтай байхаар гэрээ хийлээ” гэсээр тэдний виз, гадаад паспортыг авчирч өгчээ. Сөүлд очсон өдрөөсөө эхлэн ажлаа хийсэн охидын цалинг хангалттай өгсөн ч эзэн нь илүү зүйл шаардаж эхэлжээ. Охидын нугарахыг харсан солонгос эрчүүд эзэнд нь “Танай нугараач охидтой шөнийг хамт өнгөрүүлье” гэсэн хүсэлт тавьсан аж.

Эзэн нь давхар мөнгө олох боломж буйг мэдээд тэдэнтэй шөнийг хамт өнгөрүүлэхийг охидоос шаардсан гэнэ. Охид эсэргүүцсэн боловч, тэднийг өрөөнд хүчээр оруулж, солонгос эрчүүдийн зугааг гарга хэмээсэн аж. Охид энэ талаар ээж, аавдаа яаралтай мэдэгдсэнээр, Сөүлд суугаа Монголын ЭСЯ-ны Консулын ажилтнууд очиж, охидыг аварчээ.

Одоогоос хэдэн жилийн өмнө Бусанд болсон Азийн мисс шалгаруулах тэмцээнд оролцохоор очсон малайз бүсгүйг “Энэ тэмцээнд амжилттай оролцъё гэвэл надтай нэг шөнийг өнгөрөө” хэмээн зохион байгуулагч солонгос эр шаардсан нь цахим ертөнцөөр олон нийтэд тарж, дэлхийд шившгээ дэлгэсэн. 15-хан настай бяцхан охиныг өвөрт хийх бодол тээж явдаг солонгос эрчүүдийг эрүүл гэдэгт эргэлзэж, зүйрлэх адгуус ч олдохгүй нь. Мөрдөн байцаах газрын Зохион байгуулалттай гэмт хэрэг мөрдөх хэлтсийнхэн хэргийг шалгаад Солонгосын талаас хохирлыг барагдуулж, цалинг нь авч өгчээ.

ЭНЭТХЭГТ ОЧСОН ОХИДЫГ ГУДАМЖИНД ХӨӨЖ ГАРГАЖЭЭ

Дели хотод байдаг хувийн циркт манай 18-22 насны дөрвөн охин зуучлагчийн байгуулсан гэрээний дагуу ажиллахаар явжээ. Зуучлагч гэх эрхэм тухайн цирк хэдэн жил үйл ажиллагаа явуулсан, охидыг хаана байлгах, хэний гарт өгч буй талаараа ямар ч мэдээлэлгүй, зөвхөн цахимаар хэдэн зураг хараад явуулсан аж.

Охид тав тухтай орчинд ажиллаж, амьдарна гэсэн бодолтой байсан бол тэднийг тэс өөр орчин угтах нь тэр. Хүн амьдрахын аргагүй байр санал болгосонд тэд эсэргүүцэн, өөрсдөө байр хөлслөхөөр болжээ. Гэрээнд нэг тоглолтын хөлсөнд 400 ам.доллар өгнө гэж заасан ч эзэн нь “Мөнгө байхгүй, та нарын тоглолтыг хэн ч үзэхгүй байна” гэсээр багагүй хугацаа өнгөрсөн гэнэ. Үнэн хэрэгтээ хүн ам олонтой, жуулчид тасардаггүй Делид тэдний тоглолт үзэгчдээр дүүрэн байсан аж.

Заримдаа эзэн нь гудамжинд тоглолт хийхийг шаардан, ойролцоо нь сав тавьчихдаг байж. Тэдний үзүүлбэрийг үзсэн хүн ганц нэг задгай мөнгө саванд хийснийг нь эзэн нь халаасалчихдаг байсан гэнэ. Охид аргаа бараад мөнгөө нэхтэл тэдэнд 100 ам.доллар өгөөд гудамжинд хөөн гаргажээ. Охид байрны түрээсээ төлж чадахгүйд хүрсэн учир очих газаргүй болсон байна. Гудамжинд гарсан тэд хаана, хэнд хандахаа мэдэхгүй хүнд байдалд орсон аж. Дели хот онц ноцтой гэмт хэрэг гардгаараа дэлхийд дээгүүрт ордог. Филиппин охины нүдийг сохлон гуйлга гуйлгаж мөнгө олж байсан, хараа хяналтгүй явж буй бага насны охидыг бүлэглэн хүчирхийлсэн гээд аймшигт хэргийн мэдээ тэр зүгээс дуулдсаар байдаг.

Охид гудамжинд хэдэн өдрийг өнгөрөөн, сэтгэл сайт нэгний ачаар эх орондоо иржээ. Тэд ирсэн даруйдаа хэргийн талаар хуулийн байгууллагынханд мэдэгджээ. Делид байх хувийн циркийн эзэн нь манай улсаас явуулсан албан тоотыг үл хэрэгсэн, охидын хохирлыг барагдуулахгүй гээд “Танай улсын хууль надад хамаагүй” гэсэн утгатай албан бичиг ирүүлсэн аж.

СИНГАПУРТ МОНГОЛ ОХИДЫГ ЗУУЧИЛСАН ИРГЭД ОЛДОХГҮЙ БАЙНА

Уран нугараач охидыг Сингапурт ажилд зуучилж өгнө гэх зарын дагуу бас л гурван охин харийг зорьжээ. Зуучлагч иргэд охидыг явуулахын тулд гэрээндээ татгалзахааргүй нөхц өл оруулсан аж. Сайхан байр, өндөр цалин, интернэт үйлчилгээ, хотуудаар айлчлан тоглоно гээд л өөрсдөө үзсэн мэт үлгэрийн зүйл ярьдаг аж. Ийн ярихын учир нь охидын ажилласан хөлсний багагүй хувийг тэд авдаг болоод тэр.

Зуучлагчдын ярьж байсан шиг орчин тэднийг угтсангүй. Яриад байсан байр, цалин нь мөрөөдөл болж, эх орон руугаа буцах мөнгө олохын тулд эзнийхээ шаардсан зүйлийг хийхэд хүрсэн тохиолдол цөөнгүй гэнэ. Охид зуучлагчдад хууртсанаа мэдэж, эх орондоо иржээ. Зуучлагчдыг олж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр мөрдөн байцаагчид ажиллаж байна. Зуучлагч гэх хүмүүс түрээсийн байраа, утасныхаа дугаарыг байсхийгээд сольдог учир олоход хүндрэлтэй байдаг аж.

МИНИЙ ОХИНООР ХҮНД АЖИЛ ХИЙЛГЭЖ, ДАРАМТАЛДАГ БАЙСАН ГЭСЭН

Нэрээ нууцлахыг хүссэн нэгэн ээж бидэнд ийн хэлсэн юм. Удам дамжсан урлагийн гэр бүлийн гишүүн тэрбээр охиноо уран нугараач болгосон аж. Охин нь нэг өдөр “Гадаадад ажиллахаар боллоо” гэсээр ирэхэд нь ээж нь татгалзсан боловч охиныхоо хүсэл, сонирхлыг хорьж чадаагүйгээ хэлээд бидэнтэй ярилцсан юм.

-Та охиноо ямар хүмүүсээр дамжуулж, хаанахын ямар газарт очих гэж буйг нь сонирхоогүй юм уу?
-Сонирхолгүй яах вэ. Зуучилж буй хүмүүстэй нь уулзсан. Нүдэнд дулаахан эмэгтэй, энэ чиглэлээр олон жил ажиллаж байгаа гээд надад зураг, танилцуулга үзүүлсэн. Би тэр эмэгтэйд итгээд охиноо өгч явуулсан юм. Охиныхоо сэтгэлийн шархыг сэдрээх вий гэхээс айж байгаа учир очсон улсыг нь хэлээд яах вэ. Уран нугараач охид олон. Тэд зарын дагуу бусдад хууртан миний охин шиг хохирох вий гэхдээ л ярьж байгаа юм шүү.

-Зарим нэг оронд уран нугараач охидын биеийг нь үнэлүүлж, үгэнд нь орохгүй бол гудамжинд хөөж гаргасан тохиолдол ч гарчээ.

-Харин тийм гэнэ. Охиндоо ийм зүйл тохиолдсоны дараа би энэ тухай олж мэдлээ. Миний охиныг биеэ үнэлэхийг шаардаагүй ч эзэн нь гэх нэг эр хамгийн хүнд хүчир ажлаа хийлгэн, дарамталж, зарим үед зоддог байсан гэсэн. (уйлав) Гар хуруу нь муухай болчихно гээд охиноороо гэр орны ажил ч хийлгэдэггүй байсан юм шүү дээ.

Миний охин хоёр сар гаруй хугацаанд хүний нутагт байхдаа турж эцээд, нүднээс гарчихсан ирсэн. Би тэр хүмүүст итгэсэндээ үнэхээр их харамсаж байна. Ямар ч хэл чимээ ирэхгүй болохоор нь зуучилсан эмэгтэйтэй уулзахад “Надад хамаагүй, ажлаа хийж байгаа гэсэн. Би яаж мэддэг юм бэ” гээд халгаагаагүй.

Хууль зөрчин, хүүхдийг дарамтлан, гэрээнд заагаагүй зүйл хийлгэж, мөнгө олж байсан харийнхантай манай хууль хяналтын байгууллага хариуцлага тооцож чаддаггүй юм билээ. Бид яах вэ, чиний, миний буруу гээд хэрэлдээд л өнгөрдөг байж. Харин охид маань сэтгэлдээ мөнхийн шархтай үлдэж байгаад л харамсаж байна гэв.

ЗУУЧЛАГЧИД ГЭМТ ХЭРЭГТЭН БИШ ГЭЖ ҮҮ

Шүүх, цагдаа, прокурорынхон энэ асуултад хэдэн янзаар хариулж байна. Олон улсын протоколд охидыг харийн нутагт зуучилж, мөнгө олох хэрэгсэл болгож буй үйлдлийг гэмт хэрэг гэж заасан байдаг ч манай хууль хяналтынхан энэ талаар өөр өөр ойлголттой учир маргасаар, мэтгэлцсээр удав. “Циркээ зарсан улс буруутай” гэх нэгэн байхад “Биеийг нь үнэлүүлдгийг мэдсээр байж явчихаад эцэст нь гомдол мэдүүлж буй охид өөрсдөө буруутай” гэх прокурортой ч таарлаа.

Хорь гарсан бүсгүйг учир мэдэх нас нь болсон гэж хэлж болох ч 10, 12 настай охид энэ тухай мэддэг, биеэ үнэлэх гэж харийг зорьдог гэвэл арай ч дэгсдүүлсэн болох биз. Манайд мөрдөж буй хуулиар ийм хэргийн тухай зүйл заалт тодорхой бус, зуучлагчийг гэмт хэрэгтэн гэж үзэх үндэслэл нь ойлгомжгүй байдаг нь охидоор мөнгө олдог хүмүүсийг дэмжээд байх шиг. Хуульчид маргалдан суух зуур Монголын охид харьд очин боолын ажил хийсээр байх уу.

Зуучлагчийн уран үгэнд хууртсан 18 охин цагдаагийн байгууллагад гомдол гаргасныг шалгаж байна. Зуучлагч гэгч тэдгээр хүн харийнханд бараа зарж буй худалдаачин биш. Өөрөө нэг ч удаа очиж үзээгүй оронд, хэн гэгч эрхмийн гарт монгол охидоо өгч буйгаа мэдэхгүй байж ам бардам ярьж, хэдэн зураг үзүүлэн тэднийг хуурч байгаа нь гэмт хэрэг биш гэж үү.

Монголын нэр нүүр болдог уран нугараач охидыг харьд зуучилсныхаа төлөө халаасаа хэрхэн түнтийлгэхээ тооцож суухын оронд нэг удаа боловч хувийн цирк нэрэн дор охидыг хүчирхийлэгч тэр газраа очиж үздэг болоосой. Шүүхийн шинэчлэлийн хүрээнд хийж буй ажлын талаар Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Хууль зүйн сайд Х.Тэмүүжинд хандан “Гэмт хэрэг бүрийг нэг бүрчлэн салгаж, бөөр, зүрх, элэг гэх мэтчилэн нарийвчлан зааж өгөх хэрэгтэй байна.

Хүн үйлдсэн гэмт хэрэг бүрийнхээ зүйл бүрт ял эдлэх ёстой” хэмээн онцолж байсан. Одоо удахгүй хэлэлцэх гэж буй Гэмт хэргийн тухай хуульд энэ чиглэлийн гэмт хэргийн талаар тодорхой зааж, хууль хяналтын байгууллагынхныг нэг ойлголттой болгох шаардлагатай байна.

Х.Оюунсүрэн

Эх сурвалж: Өнөөдөр сонин

2 Comments

  1. rabbit says:

    minii medeh mongold baarand uran nugradag ohiduud gadaad ih yvan, tgd tednii gol zorilgo ni hajuugaar ni bie ee uneleh shuudee. uran nugardag ohiduudiig erchuud uyan hatan bolohoor ni ih sonirhdog, tgd uran nugarch mungu olohoosoo iluu bie unelj mungu oldog. uursduu ch ene ajildaa durtai. europord ochij shine jiliin uer nugarhad usreed 1500 euro ugudg sard , ene mungu bol yuch bish, bair hoolondoo yavchinia. harin gol chance ni bie uneleh. buleg bulegeere beijind yavj uneldeg shig ted nar chini buleg bulgeer yavjiina. mongold marco polo ene ter geel gazruudaar bas yavj bie unelene, amrita gej bar baina bas. Uneheer zarim neg hund nuhtsuld bie uneleed darmartuulsan ohiduud ni hetsuu baih, ternees bish sain duraarai uneleed yavj bui nugraach ohid har mayngaraa. Austral ene terd bol tgd visa hetsuu uchir araich ochihgui baiga bh.

  2. MglausCom says:

    Pooh ajlaar zuuchlah suvagtai ulsuudad n aviyastnuud n oldq bhd. Aus dayaar mgl contortionist haigaad oldooguishd

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.