Үрэвсэлт өвчин

women

Үрэвслийг яг өвчин гэж хэлж болохгүй. Энэ нь бие махбодийн онцгой хариу урвал бөгөөд үүний тусламжтайгаар гадны микроб болон өөрийн гэмтсэн эсүүдээс хамгаалдаг. Үрэвсэлтэй хэсэг улайх, өвдөх, хавдах, халуун оргих зэргээр өөрчлөгдөн үйл ажиллагаа нь хязгаарлагддаг гэдгийг хүн болгон мэдэх боловч яагаад гэдгийг мэдэх нь ховор.

Аливаа гэмтэлийн үед нийлмэл цогц хариу урвал явагддаг бөгөөд үрэвслийн урвалын гол үүргийг цусны судас ба хамгаалагч эсүүд гүйцэтгэдэг. Ямар ч эрхтэнд үрэвсэл үүсэж болно./ нүд, чих, элэг, үе мөч, бэлэг эрхтэн гэх мэт /. Нэр томьёоны хувьд будилахгүйн тулд эмч нар эрхтэнүүдийн латин нэрэнд “ ит” дагавар залган үрэвслийг нэрлэх болжээ. Жишээ нь: арьсны үрэвсэл – дерматит, чихний үрэвсэл – отит, гуурсан хоолойн үрэвсэл – бронхит.

Ерөнхий

Эмэгтэйтэйчүүдийн салбарт үрэвсэл нь илүү олон тохиолддог бөгөөд гадна болон дотор бэлэг эрхтэнүүдийн алинд ч тохиолдож болно.

Үүнд:

• бэлгийн уруулын үрэвсэл-вульвит
• үтрээний үүдэвчийн булчирхайн үрэвсэл- бартолинит
• умайн хүзүүний үрэвсэл – цервицит
• үтрээний үрэвсэл- вагинит
• умайн гуурсны үрэвсэл – салтпингит
• өндгөвчний үрэвсэл – оофорит
• дайврын үрэвсэл- аднексит
• умайн салстын үрэвсэл – эндометрит

Үрэвсэл хурц болон архаг хэлбэртэй байдаг. Хурц үрэвсэл нь хурдан ширүүн явагдаж, халуурах ба бүх бие буларна. Архаг үрэвслийн үед явц нь удаан , нэг намжиж, нэг хурцдана. Хэрэв хурц үрэвслийг сайн эмчлэхгүй бол архагт шилждэг.

Шинж тэмдэг

Эмэгтэйчүүдийн бэлэг эрхтэний үрэвслийг таньж мэдэх нь хялбар. Хэвлийн хэсэгт гэнэт өвдөлт өгөх, ууц нуруугаар өвдөх, сарын тэмдэгийн мөчлөг алдагдах, бэлэг эрхтэн загатнах, эвгүй зүйл /өнгө үнэр/ үтрээнээс ялгарах зэрэг нь бэлэг эрхтний vрэвсэлийн шинж тэмдэг юм. Түүнчлэн халуурч бие суларвал үрэвсэл хурц шатандаа буйг гэрчилнэ.

Шалтгаан

Үрэвсэл үүсэхэд бие махбодид заавал тvvнийг өдөөгч нь нэвтэрсэн байх ёстой. Эдгээр нь ихэвчлэн стрептококк ба стафилококк, бэлгийн замаар халдварладаг өвчнүүдийг үүсгэгч олон бичил биетүүд, гэдэсний савханцар, мөөгөнцөр, янз бүрийн вирусууд байдаг. Өвчин үүсгэгч микробууд нь бэлгийн эрхтэнд цусаар, эсвэл шууд гэсэн хоёрхон замаар дамжин хүрдэг.

Сүүлийн зам нь хамгийн хялбар. Эм бэлгийн дотор эрхтэнүүд нь үндсэндээ нээлттэй, үтрээ болон умайн хүзүүгээр гадаад орчинтой харьцаж байдаг. Иймээс үрэвсэлт өвчин үүсэхэд эмх замбараагүй бэлгийн амьдрал, бэлгэвчгvй секс, сарын тэмдэгийн үеэр бэлгийн хавьталд орох, бэлэг эрхтэний гэмтэл, хувийн ариун цэврийг муу сахих, бохир орчинд үр хөндүүлэх, төрөх зэрэг нь нөлөөлөх боломжтой.

Харин томуу, улаан эсэргэн зэрэг халдварт өвчний үед өвчин үүсгэгч нь цусаар дамжин бэлэг эрхтэнд хүрэх магадлалтай. Ийм үзэгдэл биемахбодид хаа нэгтээ хорхойтой шүд, мухар олгойн архаг үрэвсэл зэрэг үрэвслийн голомт байгаа үед ажиглагддаг. Ийм голомтот халдвар нь хэзээ ч хамаагүй цусаар дамжин бэлэг эрхтэнд очиж үрэвсүүлж болдог.

Үр дагавар

Хэрэв эмэгтэй хүн бэлэг эрхтний үрэвсэлт өвчнөөр өвдөж байсан, ялангуяа зохих ёсоор нь гүйцэд эмчлүүлээгүй бол маш осолтой. Статистик мэдээнээс үзвэл умайн дайврын үрэвсэлт өвчнөөр өвчилсөн таван эмэгтэй тутмын нэг нь үргүй болдог байна. Өөр бусад боломжит үр дагавар нь жирэмсний тээлтийн хүндрэл, наалдцын өвчин болон хvмүүс хорт хавдар гэдгээр нь илүүтэй мэддэг өмөн зэрэг өвчнүүд үүсэх явдал юм.

Оношлогоо

Эмэгтэйчүүдийн vрэвсэлт өвчнийг зөвхөн эмэгтэйчүүдийн эмч оношилно. Өвчний зовиур, эмэгтэйчүүдийн үзлэг, цусны шинжилгээ болон бусад нэмэлт шинжилгээнүүдийн vр дvнг үндэслэн оношийг тавина. Эмч ямар эрхтэн өвчилснийг тогтоохоос гадна мөн үрэвслийг өдөөгчийг илрүүлэх ёстой.

Эмчилгээ

Хамгийн гол нь хувиараа эмчилж болохгүй. Янз бүрийн эмийн бодисуудын гайхамшигт үйлчилгээний тухай сурталчилгаа нь эмэгтэйчүүд эмчид очих явдлыг цөөрүүлж байна. Тэд янз бүрийн хэрэгтэй гэж санасан эмнүүдээ худалдан авснаар одоо л бүрэн эдгэнэ гэж боддог. Хэрэг дээрээ энэ нь ихэнхдээ эсрэгээрээ байдаг юм. Эдгээр эм нь зөвхөн гадна илрэлүүдийг арилгаж харин уг өвчин нь үлдэж хоцордог. Өвчин үүсгэгч микроб бус бусад аюулгүй микробууд устдаг. Буруу сонгосон эмийн нөлөөнд өвчин үүсгэгч нь үхэхгvй, харин тухайн байдалд дасан зохицож эхэлдэг байна. Эмчилгээг зөвхөн эмэгтэйчүүдийн эмч л сонгоно. Тэрбээр биеийн эсэргүүцэл болох дархлаа сайжруулах, өвчин үүсгэгчийг устгах эмчилгээ хавсран хийдэг. Өвчний хурц үед эмэгтэй нь хэвтрийн дэглэм баримталж бэлгийн хавьталд орохгүй байх ёстой. Хэрэв vрэвсэлт өвчин хүндэрвэл мэс заслын эмчилгээ шаардагдах боломжтой. Нөхөн сэргээх явцад эмэгтэйчүүдийн иллэг, физик эмчилгээ үр дүн сайтай байдаг.

SOURCE: www.103.mn

1 Comment

  1. ggg says:

    sainuu ynz buriin emegteichuudiin urel gd bhiin ene her sain yum boloo hereglej uzsen hun bnuu? bi urevseltei gd eroosoo edgehgui olon jil boljiino ymar ch em taria nemergui yum argaa baraad bn.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.