ЗАЯАНЫ ХАНИА ХЭРХЭН ЗӨВ СОНГОХ ВЭ?

Интернет ертөнцөд inkskinned нэрээрээ олноо танигдсан Ракель Изабель де Альдеретте хэмээх блоггер бүсгүй бий. Эцэг нь хань ижлээ хэрхэн зөв сонгох тухай зөвлөгөө өгч байсныг өөрийн блог хуудаснаа дэлгэн тавьсан нь уншигч олны анхаарлыг ихэд татаад байгаа аж. Блоггер бүсгүй маань аавынхаа захиж хэлсэн үгнээс ихийг ухаарсан гэдэг.

1. Эр нөхөр гэдэг бол чамайг инээлгэж чаддаг хүнийг хэлнэ

Хамт байхад огт уйдамгүй, алиа хошин зантай залуутай үерхдэг бол сайн хэрэг. Гэхдээ нулимсыг чинь гартал инээлгэж чаддаг хүнтэй л амьдралаа холбодог юм шүү. Сэтгэл санаа чинь тавгүй байгааг хараад л мэддэг, уйлж байхад чинь инээлгэж чаддаг л бол түүнтэйгээ гэрлээрэй.

Орчлон хорвоо төгс биш ээ. Аав нь охиноо муу муухай бүхнээс хамгаалах юм сан… Амьдралдаа чи багагүй зовлон амсана гэдгийг нуух юун. Дэргэд чинь байх тэр хүн амьдралын хүнд бэрхийн өмнө өвдөг сөхрөлгүй, нүүрэндээ инээмсэглэл тодруулан даван туулахад чинь туслах учиртай гэдгийг бүү мартаарай. Амьдрал уйтгартай … тиймээс нэг хэвийн, улиг болсон зүйлүүдийг сонирхолтой, гайхалтай болгон хувиргаж чаддаг тийм хань олж аваарай.

2. Гаран дээрх сорви эр хүний чимэг

Эр хүн гаран дээрээ сорвитой бол тэрээр эсвэл өөрийгөө ч тэр хайртай бүсгүйгээ ч тэр хамгаалж чаддаг эсвэл юм юм хийчихдэг “алтан” гартай нэгэн байж таарна. Булбарай, зөөлөн гарт хүрэх нь сайхан ч гэлээ эвэршиж хатуурсан алга хавьгүй дээр гэдэгт надад итгээрэй.

Хатуу ширүүн гартай эр хүн ажилсаг, хичээнгүй, аливаад тууштай байдаг юм. Тэрээр эхлүүлсэн ажлаа заавал дуусгаж байж салдаг бөгөөд гар нь яаж ч өвдөж байсан тоохгүй. Амьдралдаа чи үй түймэн саад бэрхшээлтэй тулгарна. Тиймээс, гаран дээр нь цэврүү үсрээнгүүт л хийж байснаа хаячихдаг тийм хүнтэй битгий гэрлээрэй.

3. “Тийм ээ, би зөвшөөрч байна” гэхээсэээ өмнө найз залуугаа ууртай, түгшсэн, сэтгэл нь хөдөлсөн байхад нь хараарай. Хүн стрессэд орохоороо өөр болдог юм

Ямар ч хүнийг стрессийн нөхцөл байдалд илүү түргэн таньж болдог юм. Үерхдэг залуугийн чинь байгаа байдлаас ямар нэгэн зүйл сэтгэлд чинь нийцэхгүй байгаа л бол… харилцаагаа тасла. Чи эр хүнд мянга мянган боломж олгож болох ч, түүнийг хэзээ ч өөрчилж чадахгүй. Хүний зан чанар гэдэг бол арчиж байгаад шинээр биччихдэг зүйл биш.

Уулзаж үерхэж байхад л найз залуугийн чинь аль нэгэн зан чанар чамд онцгүй санагдаад байгаа бол найман жилийн дараа чи түүнийг үзэж чадахаа байна гэдэгт итгээрэй. Чи түүндээ ухаангүй сайн байж болно… гэхдээ л хоёр хүн хоорондоо таарч тохирохгүй байх үе бас байдаг юм.

4. Өөртөө итгээрэй

Үерхдэг залуутайгаа хамт байхад сэтгэл чинь нэг л тавгүй, айдас төрөөд байдаг бол юм хумаа аваад шууд яв. Тэглээ гээд өөрийгөө буруутгах хэрэггүй, зөвтгөх ч хэрэггүй, мөн бусдын сэтгэлийг шархлуулахаас эмээх ч хэрэггүй. Ганц олдох амьдралаа хэн нэгэнтэй айж өнгөрөөхийн оронд өөр нэгэнтэй нь жаргаж суусан нь дээр.

5. Тэрээр мөнгийг чухалчилж үздэг бол, нэг л өдөр түүний сэтгэлд чамайг багтаах зай үгүй болно

Үнэтэй тансаг бэлэг барьж, сайн өдрүүдээр зоогийн газар чамтай хоолонд орох боломжгүй байх нь нэг хэрэг. Харин амттан эсвэл ямар нэгэн жижиг сажиг зүйл хүсэх болгонд чинь дургүйцдэг бол өөр хэрэг.

6. Хүмүүс тэжээвэр амьтантайгаа яг л хүүхэдтэй харьцаж байгаа мэт харьцдаг

Хэрвээ найз залуу чинь уур бухимдлаа нохой, муурандаа гаргадаг бол та хоёрын зам цаашид нийлэх нь юу л бол. Гэрийн тэжээвэр амьтад яаж ч чимээ гаргаад томоотой, хүмүүжилтэй хүүхдийг яагаад ч гүйцэхгүй. Хүүхдүүд чинь ухаалаг, хөөрхөн байх нь мэдээж. Гэхдээ дээр нь бас шуугиж, анхаарал хүсч, заримдаа бүр ядаргаатай санагдах нь лавтай. Тэвчээр гэдэг бол ховор бөгөөд чухал зан чанар мөн. Нохойгоо хэрэг тарьлаа гэж уурлаж байгаа хүн сайн эцэг болж чадахгүй л болов уу.

7. Тэр чамайг хором бүр хайрлах учиртай

Миний бяцхан охин, чи минь үнэхээр төгс… Найз залуу чинь үүнийг олж харахгүй байгаа бол энэ нь тэрний л хохь. Сэтгэлийн тэнхээтэй байж, өөрийгөө хүндэлж, хайрлаж яваарай. Найз залуу чинь чамайг хүчээр өөрчлөхийг оролдох юм бол ямагт өөрийнхөөрөө байгаагаарай. Чи минь байгаагаараа л гайхалтай шүү.

www.zindaa.mn

1 Comment

  1. Gants bie zaluu says:

    Zayaanii hania haij bna . 88084933

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.