Эрээнд биеэ үнэлж байсан 300 гаруй охидууд Улаанбаатарт ирлээ

Монгол Улсаас БНХАУ-ын Эрээн хотод суугаа Консулын газраас тус улсад хууль бусаар оршин сууж, биеэ үнэлж буй монгол бүсгүйчүүдийн асуудлыг цэгцлэхээр ажиллаж эхэлжээ. Хэдийгээр гадаад улсад биеэ үнэлэгч нэрээр амьдарч буй ч Монгол Улсын иргэн гэдэг утгаар нь тэдний хууль ёсны эрх ашгийг хамгаалах, болзошгүй гэмт явдлаас урьдчилан сэргийлэх шаардлагатай гэж Консулын газрынхан үзсэн байна.

Тиймээс Эрээн хотын удирдлагатай уулзаж, хамтран ажилласны дүнд биеэ үнэлж байсан тодорхой тооны монгол эмэгтэйг саатуулж, ирээдүйд өртөж болзошгүй гэмт хэргээс урьдчилан сэргийлэн нутаг буцааж эхэлжээ.

Мөн Консулын газарт иргэдийн зүгээс “БНХАУ-ын нутагт визгүй зоричх 30 хоногоо хэтрүүлсэн, торгуулийн мөнгөгүй, нутаг буцах хүсэлтэй байна” гэсэн агуулгатай өргөдөл, хүсэлт ихээр ирэх болжээ. Иймээс 2016 оны гуравдугаар улирлаас эхлэн тус консулын газраас тойргийн хэмжээнд хууль бусаар оршин суугаа иргэдийн бүртгэлийг явуулж эхэлсэн гэв. Гэвч асуудал тойргийн хэмжээнээс хальж тус улсын Хөх хот, Бээжин, Шинжин, Шанхай, Тунляо, Бугат, Гуанжоу гээд олон газрыг хамарсан тухай мэдээллийг Монгол Улсаас БНХАУ-ын Эрээн хотод суух консулын газраас мэдээлсэн юм.

Эхний ээлжинд визний хугацаа хэтэрсэн нялх хүүхэдтэй, хүнд нөхцөлд амьдарч буй архины хамааралд орсон, сэтгэцийн эмгэгтэй, хэвтэрт орсон иргэдийг буцааж чадсан байна БНХАУ-ын Хилээр орох гарах асуудлыг зохицуулах тухай хуульд зааснаар “Гадаадын иргэн визний хугцаагаа хэтрүүлж, оршин суусан бол хоног тутамдаа 500 юанийн торгууль төлнө” гэж заажээ.

Биеэ үнэлэгч бүсгүйчүүдийн гадаад паспортанд Хятад улс хар тамга дарж, дахин нэвтрүүлэхгүй байх арга хэмжээг аван Монгол улсын Гадаад харилцааны яамд хүлээлгэн өгч байгаа юм байна.

Дашрамд дурдахад охид эмэгтэйчүүдийн биеийг үнэлүүлж ашиг олдог Улаан дэнлүүний гудамж хэмээх биеэ үнэлэгчдийн газар Эрээн хотод байдаг. Энд хамгийн ашиг орлоготой, гүйлгээ сайтай бараа нь “Монгол охид” гэдгийг таксины жолоочоос эхлээд хүн бүр хэлдэг аж.

Эрээн хотод биеэ үнэлдэг монгол охидын тоо зуны улиралд 300 хүрдэг гэсэн албан бус тоо байдаг аж. Харин тус хот дахь Монгол Улсын Консулын мэргэжилтний хэлж буйгаар одоогоор 150 орчим монгол бүсгүй байдаг гэнэ. Тэдний амьдардаг газрыг “Гэр” гэх бөгөөд охид нэг удаад 100, хоногоор бол 300 юаниар биеэ үнэлдэг гэнэ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.