… хайр гэж юу юм бэ?

Яг нарийн жор байдаггүй боловч, хүн болгон ѳѳр ѳѳрийнхѳѳрѳѳ ойлгож тайлбарладаг зүйл нь ХАЙР юм. Нийтлэгдээ бол нэг тийм гэгээлэг сайхан зүйлээр тѳсѳѳлѳгдѳнѳ. Эсрэг хүйстэнгүүд бие биедээ татагдан, дур хүсэл нь бадран, сэтгэлийн таашаал авах үйлдлээ хайр гэж ойлгодог.

Яг үнэндээ дурлал, хайр хоёр ямар ялгаатай болох тухай ч бид эргэцүүлдэггүй. Дурлал эзнийхээ сэтгэхүйд зѳвшѳѳрѳлгүйгээр нэвтэрч байдаг бол хайрыг бид ѳѳрсдѳѳ бүтээдэг. Үлгэрт гардаг “цагаан морьтой ханхүү”, эсвэл “үзэсгэлэнт гүнж”-ийг бид мѳрѳѳдѳн хүлээдэг боловч, түүнийгээ ѳѳрсдѳѳ бүтээх ёстойгоо мэддэггүй. Тѳгс тѳгѳлдѳр хүнийг хүлээх нь боломжгүй атал, ѳѳрсдийн сэтгэл дэх тѳгс тѳгѳлдѳр хүнийг хамтдаа бүтээх нь харин ч боломжтой байж магадгүй юм.

САЙХАН ХАЙРЫГ БИД ѲѲРСДѲѲ БҮТЭЭДЭГ

Хосууд сонголтоо хийж гэр бүл болсон цагаасаа л элдэв зѳрчлүүдтэй тулгарч эхэлнэ. Хүн болгоны ѳссѳн орчин, тѳлѳвшсѳн хүмүүжил, үнэт зүйл хийгээд алив зүйлийг харах ѳнцѳг нь ѳѳр ѳѳр болохоор энэ бол гайхаад байх гаж үзэгдэл биш л дээ. Зүгээр л гадаад сайхан тѳрхѳнд нь дурлаад, дотоод сэтгэлийг нь тѳдийлэн анзаараагүй бол мѳрѳѳдлийн ханхүү нь “новш”, үзэсгэлэнт гүнж нь “шулам” мэт санагдах тѳдийд тэд эвлэрэл ойлголцлыг бус дургүйцэл салалтыг л сонгоно.

“Дурлал бол сохор”, “сайхан хайр гэж байдаггүй юм”, “мѳнгѳ байхад бүх зүйлийг шийдэж болно” гэхчилэн бусдад зарлан сурталчилж явдаг хүмүүс бол хайрыг ѳѳрѳѳ бүтээх дургүй бэлэн тѳгс тѳгѳлдрийг мѳрѳѳдѳж явдаг хүмүүсийн жишээ. Ѳѳрийгѳѳ тѳгс тѳгѳлдѳр гэж бодоод бусдыг ѳѳчлѳн голж байдаг хүмүүс болон амьдралынхаа зорилгыг мѳнгѳ, хэрэглээгээ материаллаг зүйлсийн цуглуулга гэж үздэг хүмүүст амьдралын ҮНЭТ ЗҮЙЛ гэж байдаггүй. Тийм хүмүүсээс сайхан хайр хүлээгээд ч нэмэргүй. Харин бохир нийгэм ийм хүмүүсийг үйл олноор нь бий болгодог.

Хамтдаа байхад нэг л түшигтэй халамжтай, асуудал ярихад илүү сайн ойлголцоод байдаг, ѳѳртѳѳ итгэлтэй мѳртлѳѳ тэр итгэлээ бусдад түгээж чаддаг хүмүүс хайрыг хамтдаа бүтээдэг юм. Ѳдѳр болгон “Чамдаа хайртай шүү” гэдэг үгийг “Гадаа хүйтэн байна шүү, дулаахан хувцаслаарай”, “Ѳлсѳвзэй, хоолоо сайн идээрэй”, “Ядарч магадгүй шүү, битгий удаан суугаарай”, “Бүх юм сайхан болноо бүү бухимдаарай” гэхчилэн халамжийн сайхан үгсээр орлуулна. Гарцаагүй маргалдаж бухимдах тохиолдол болгонд шаралхсандаа гомдоох муу үгийг хэлэлгүй тэвчиж, хаалга саван гаралгүй сэтгэлдээ эвлэрэх зай үлдээж тэвчээртэй хүлээнэ. Ѳѳрийнх нь зѳв байсан ч маргаашийн сайхан ѳдрийн тѳлѳѳ уучлал гуйж аргадна. Харин эвлэрсэн хойноо хошигноод ч болов ѳѳрийн зѳв, түүний буруу байсныг эвтэйхэн ойлгуулан зѳвшѳѳрүүлнэ. “Зѳѳлѳн нь хатуугаа элээдэг” сургааль хайрыг бүтээхэд тусалдаг.

Яаж ч бодсон ѳнѳѳдрѳѳс маргааш илүү чухал гэдэг санаа гэр бүлийн үнэт зүйлсийг бүтээж байдаг аж. “Хичнээн хэцүү мэт санагдавч яаж ийгээд ойлголцон уучилж байх”, “яаж ч маргалдаж муудалцсан ч сэтгэлдээ эвлэрэх зайг заавал үлдээж байх”, “бидний гэр бүлийн дотоод асуудал зѳвхѳн бидний асуудал учраас гадны хэн нэгнийг оролцуулахгүйгээр ѳѳрсдѳѳ шийдэж байх” гэхчилэн гэр бүл болгон ѳѳрийн үнэт зүйлс болон дурэмтэй. Энэ бүхний углуурга нь бие биенгүйгээр байхад хэцүү, хамтдаа байхад илүү амар амгалан, баяр баясгалантай байх мэдрэмж юм шүү дээ. Бие биенээ чин сэтгэлээсээ хайрлан хүндэлж, нэгэн үнэт зүйлс дээр нэгдэж чадах л юм бол бид сайхан хайрыг хамтдаа бүтээж чадах болно. Бие биенээ ойлгон уучилж, бие биедээ чин сэтгэлээсээ санаа тавьж, ѳѳрсѳддѳѳ байгаа үнэт зүйлсээ хүлээн зѳвшѳѳрч бие биедээ уусган шингээж байх нь тийм ч хэцүү үйлдэл биш ээ. Тэвчээр бас ухаан хэрэгтэй.

ХАЙР БОЛ САЙХАН МЭДРЭМЖ ЮМ

Хайр бол үнэхээр сайхан мэдрэмж. Дэргэд нь байхад дутуу зүйлгүй сэтгэл дүүрээд, хамтдаа байхад айдас түгшүүргүй бардам, түүндээ болон ѳѳртѳѳ итгэдгээс бүх л зүйл хэцүү биш амархан мэт санагдах мэдрэмжийг хайр ѳгдѳг. Хол байхдаа санаад л, хаа нэгтээ ѳмѳг түшиг хайр халамж минь байгаа шүү гэдэг бодол сэтгэлд ѳег, ѳдѳр хоногийн урсгалд нэг тийм сайхан учралыг хүлээж догдлох мэдрэмжийг хайр ѳгдѳг.

Заримдаа хүнд хэцүү байдалд орж сэтгэлээр унах мѳчдѳѳ “намайг гэх хүн байгаа шүү, би үүнийг давж гарах ёстой” гэх хүчийг, ѳвдѳж шаналах үедээ хайртай хүнтэйгээ цуг байхын тулд тэсч тэвчих тэвчээрийг, жил сар хоногууд урсан ѳнгѳрѳх тусам энэ амьдралын хамгийн гайхалтай ид шид нь зѳвхѳн хайр юм байна гэсэн ухаарлыг хайр ѳгдѳг. Хайр бол хүний зүрх сэтгэлээс урсах хав халуун урсгал, аньсаганаас сормуусанд тогтон бѳнжигнѳх сувдан дусал, уруулыг тань хайн тэмтчих бүлээхэн амьсгал юм. Хайр бол үнэхээр гайхалтай мэдрэмж…

Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах

1 Comment

  1. zochin says:

    yasan goe niitlel ve, bayarlalaa

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.